Тайландын алдарт "Барын сүм" хаалгаа барьсны учир

Тайланд улсын нийслэл, хамгийн том хот болох Бангкокоос холгүй Канчанабури аймаг оршино. Уг аймаг дэлхийн олон сая жуулчдын дунд Буддын лам нарын тэжээдэг барын сүмээрээ алдартай байв. Шашин, гүн ухааны номлолоо дагаж, амьтай бүхнийг хайрлан энэрдэг гэх тэдгээр лам нар гаднаасаа "том муурнууд"-ыг өсгөн тэжээж байгаа мэт харагдаж байсан ч олон нийтийн нүднээс далд аймшигтай нууцыг хадгалж байсан нь хожим илэрчээ. 

Тайландын алдарт "Барын сүм" хаалгаа барьсны учир
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Тайландын баруун хэсэгт орших "Барын сүм"-ийн түүх тэртээх 1994 оноос эхтэй. Тус улсын Хун хэмээх нэгэн чинээлэг гэр бүл шинэ сүм хийд байгуулахаар Тайландын хамгийн нэр хүндтэй Буддын лам нарт газар худалдан авч өгсөн байна. Улмаар энэ нь яваандаа зэрлэг амьтдын хүрээлэн болтлоо өргөжсөн бөгөөд олон нийтийг ч ихээр татах болов. 

Эхэндээ сүмийн ойролцоо зэрлэг гахай, тогос, тахиа зэрэг амьтад эргэлдэж байсан бол тосгоны иргэд 1999 оны 2-р сард өнчирч хоцорсон барын бамбарыг авч ирсэн байна. Үүнээс хойш төд удалгүй дахин хэд хэдэн барын бамбарыг сүмд нэмж авчирсан аж. Тэдгээрийн зарим нь хулгайн анчдаас болж эхээсээ хагацаж, орь ганцаар хорвоод өнчирч үлдсэн байв. Харин заримыг нь хүмүүс бамбар байхаас нь тэжээж, аварга том биетэй болж нас бие гүйцэхэд нь сүмд аваачиж "тушаасан" байна. Хэдийгээр тухайн үед сүмийн лам нар араатан амьтадтай харьцах ямар ч анхны мэдэгдэхүүнгүй байсан ч учрыг нь олж дөнгөжээ. Энэ байдал үргэлжилсээр 2011 оны 1-р сарын эхээр нийт 85 бартай болсон байна. 

Лам нар энэхүү махчин амьтдыг муурны хоол, чанасан тахиагаар хооллож, түүхий мах идэхгүй болгон сургасан аж. Үүнээс удалгүй цахим орчинд "барын диваажин" болсон хийдийн тухай мэдээлэл тархаж, жуулчид хилийн чанадаас зорин ирж эхэлжээ. Ингэснээр сүм өдөрт 300-600 жуулчин хүлээн авдаг байсан бөгөөд Бангкокоос бараг гурван цагийн зайтай, орох тасалбарын үнэ өндөр зэрэг ямар ч шалтгаан барын сүмийг зорин ирэх хүмүүсийн тоог бууруулж чадаагүй юм. Ийнхүү сүм жилдээ 5.7 сая орчим ам.долларын ашиг олдог байсан гэх тооцоо хүртэл бий

Барын сүм нь яван явсаар бараг жинхэнэ амьтны хүрээлэн болж хувирчээ. Уг газарт асар олон том муурнаас гадна тогос, үхэр, одос үхэр, буга, зэрлэг гахай, ямаа, баавгай, арслан, сармагчин, тэмээ зэрэг бусад зүйлийн 300 гаруй бодгаль амьдардаг байв. Ямар ч лицензгүй үйл ажиллагаа явуулдаг ийм "амьтны хүрээлэн" аажмаар орон нутгийн эрх баригчдын анхаарлыг татаж эхэлсэн байна. Нэг л өдөр Тайландын засгийн газраас тус хийдэд шалгалт хийхэд лам нар амьтадтай зүй бус харьцаж байсан нь илчлэгджээ. Үүний дээр "Care for the Wild International" амьтны эрхийг хамгаалах байгууллага олон жилийн турш судалгаа хийсний үр дүнд Барын сүмийнхэн махчин амьтадтай зүй бус харьцдаг төдийгүй, мал эмнэлгийн зохих үйлчилгээ үзүүлдэггүй, хоол хүнс дутмаг, мөн амьтдыг дуулгавартай болгохын тулд тэдэнд мансууруулах бэлдмэл тарьдаг байсан нь тогтоогдсон юм. Эцэст нь тус сүм Лаос дахь барын хууль бус фермийн эзэнтэй хориотой наймаа хийдэг нь ч тодорхой болов. 

Сүм хууль бус үйл ажиллагаа явуулдаг нь нотлогдсоны дараа 2016 оны 5-р сард Барын сүмээс амьтдыг нүүлгэн шилжүүлэх ажил эхэлсэн байна. Тэр үед тус хийд дэх барын тоо 150-д хүрээд байв. Ийм том ажлыг хийхийн тулд малын эмч, зэрлэг ан амьтдыг хамгаалах хэлтсийн ажилчид, орон нутгийн цагдаа, арми зэрэг 2 мянга гаруй хүн дайчлагджээ. Амьтдыг тайвшруулах сумаар унтуулсан бөгөөд нэг нэгээр нь машинд ачсан байна. Харин сүмд байсан бүх барыг ойролцоох амьтны хүрээлэн, дархан цаазат газар руу илгээжээ.

Харамсалтай нь сүмийн аймшигт нөхцлөөс аврагдсан барсын хувь заяа тийм ч сайнаар эргээгүй юм. Амьтдыг нүүлгэн шилжүүлсний дараа хоёр жил хүрэхгүй хугацаанд барсын талаас илүү хувь нь хүнд өвчнөөр нас барсан байна. 

2017 онд тус сүмийн газарт албан ёсны зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулах амьтны хүрээлэн нээх сураг гарч байжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()