Дээгүүр нь ниссэн шувууд үхэтхийн унадаг Энэтхэгийн нууцлаг хөндий

Энэтхэгийн Ассам мужид орших Хафлонг уулын ойролцоо үзэсгэлэнт Жатинга хөндий байдаг. Жил бүрийн 9-р сард энэхүү цахирмаа цэцэг, жүржийн модоор дүүрэн цэцэрлэгт хүрээлэнд олон мянган зэрлэг шувууд цуглардаг байна. Гэхдээ хачирхалтай нь жигүүртнүүд энд ирмэгцээ асар өндрөөс газарт унадаг бөгөөд үүнээс болж зарим нь амиа алддаг байна. Энэ нууцлаг үзэгдлийн учир шалтгааныг хараахан тодруулаагүй байгаа ч нутгийн иргэд шувууд унаж байгааг сайн зүйл хэмээн бэлгэддэг аж.

Дээгүүр нь ниссэн шувууд үхэтхийн унадаг Энэтхэгийн нууцлаг хөндий
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Ихэнх хүмүүс Жатинга дахь энэ үзэгдлийг шувууд бөөнөөрөө амиа хорлож буй хэрэг гэж үздэг аж. Гэхдээ өмнө нь хэлсэнчлэн ингэж өндрөөс унадаг шалтгааныг нь одоог хүртэл эцэслэн тодруулаагүй байгаа юм. 

Энэ нууцлаг үзэгдэл нутгийн өмнөд хэсгээр бороо орох, манан татах, агаар хэт чийглэг болох хэд хэдэн хүчин зүйлийг нэгэн зэрэг тохиох үед үүсдэг. Ассам мужийн оршин суугчид энэ үйл явдлыг олон жилийн турш тэмдэглэж ирсэн бөгөөд энэ үеэр гал асааж, өндрөөс унаж буй шувуудыг барьдаг байжээ.

Ойролцоох тосгоны иргэд ингэж шувуу унах үзэгдлийг тус хөндийд анх хүн суурьших үеэс өнөөдрийг хүртэл гарсаар ирсэн гэж тайлбарладаг. Тэд бүтэн жилийн турш бусдад хор хүргэлгүй зөв амьдарсны шагнал болгож тэнгэрээс ийм хишиг хүртээдэг хэмээн бэлгэшээдэг байсан аж. 

Энэ үеэр шувууд асаасан галны ойролцоо 22 цаг орчимд цуглаж эхэлдэг байна. Үүний дараа зарим нэг нь өндрөөс унаж эхэлдэг бол зарим нь яах ч үгүй холоос ажиглана. Газар унасан шувуу амьсгаатай байсан ч хөдлөх тэнхээгүй болсон байдаг тул түүнийг нүцгэн гараараа барьсан ч болдог гэнэ. 

Энэ үеэр асар олон шувуу газарт унадаг учраас аль нь амьд, аль нь үхсэн болохыг ялгах хэцүү. Хүмүүс үүний хажуугаар модон дээр сууж байгаа шувуудыг хулсаар сэгсчиж, хөөхийг оролддог бөгөөд шувууд мөн хүмүүсийн асаасан гал руу нисч ороод шатаж үхдэг. Өндрөөс унаж эсвэл хүний гарт баригдалгүй амьд үлдсэн шувууд хэсэг хугацааны дараа сэргэж, нисээд оддог байна.

Эрт цагт энэхүү тосгонд амьдардаг байсан "Зэмэ Нага" хэмээх овгийнхон дээрх хачирхалтай явдлыг мэддэг байсан ч тухайн үед тийм олон шувууд галзуурч байгааг бурхдын хилэнгээс болсон гэж итгэж, дөхөхөөс ч зүрхшээдэг байсан гэнэ. Харин өнгөрсөн зууны эхээр уг хөндийд шинээр ирж суурьшсан хүмүүс галзуурсан шувуудыг барьж болно гэдгийг ойлгосон аж. 

Харанхуйд манан болон салхины нөлөөгөөр шувууд эрүүл ухаанаа алдаж, галын гэрэл рүү нисдэг боловч тэднийг яг юу ингэж ховсддог болох нь тодорхой бус хэвээр байна. 

Хөндийд өндөр соронзон долгионтой бүс байдаг ч тэр нь ердөө 1 км урт, 200 м өргөн юм. Үүнээс гадна хойд зүгээс ирсэн шувууд л ингэж "мансуурдаг" бол өмнө зүгийн шувууд яадаг ч үгүй гэнэ. 

Эндээс үзвэл ганцхан энэ хөндийн ойролцоо амьдардаг шувууд ингэж ухаанаа алддаг харин нүүдэллэж ирсэн шувууд эрүүл ухаантай үлддэг болж таарч байгаа юм.

Жатинга хөндийд хачирхалтай "шувуу унах" үзэгдлийг анх цайны ургамал тариалагч, байгаль судлаач Е Жи тэмдэглэн үлдээжээ. Тэрээр 1957 онд "Энэтхэгийн онгон дагшин байгаль" номондоо энэ үзэгдлийн талаар дурдсан боловч Е Жи ан амьтан, шувуу судлаач биш байсан тул түүний энэ хачирхалтай түүх тэр үеийн эрдэмтдийн анхаарлыг татаагүй юм.

Гагцхүү 20 жилийн дараа алдарт эрдэмтэн, амьтан судлаач Судхир Сенгупта унадаг шувуудын хөндийг сонирхож эхэлсэн байна. Тэрээр хөндийд урт хугацаагаар байрлаж, нутгийн иргэдийн хачирхалтай баярт оролцсоныхоо дараа Е Жигийн түүх үнэхээр үнэн гэсэн дүгнэлтэд хүрч, энэ тухай Европ, Америк дахь эрдэмтдэд мэдэгджээ. Үүний дараа л дэлхийн шинжлэх ухааны ертөнц энэхүү үзэгдлийг бүрэн хэмжээнд судалж эхэлсэн аж. Тус тосгоны ойролцоо явуулсан судалгааны явцад эрдэмтэд шувуудыг үнэхээр гэрэлд татагдаж байгаа эсэхийг тогтоохоор том цахилгаан гэрэл асааж үзсэн байна. Харирхалтай нь шувууд тэрхүү тодоос тод цахилгаан гэрэл бус, галын дөл рүү чиглэн нисжээ. Ийнхүү тэдний таамаг буруудаж, шувуу унах үзэгдлийн гол учрыг одоог хүртэл олоогүй байна.

Зарим судлаачид орон нутгийн цаг агаар шувуудыг ийм авир гаргахад нөлөөлдөг гэж үзсэн байдаг. Жишээ нь шувуу судлаач Доктор Анваруддин Чоудхури өндөр хурдтай салхинаас болоод шувууд гал руу зүтгэдэг гэх таамгийг дэвшүүлсэн юм. 

Магадгүй харанхуй, чийгтэй орчинд шувууд ухаанаа алдаж аль болох илч дулаан ихтэй зүйл рүү тэмүүлдэг байж ч болно. Эсвэл дээр дурдсан татах хүч ихтэй бүс 1-2 өдрийн турш гэнэт идэвхжиж, ойролцоо байгаа шувуудад нөлөөлдөг байж ч болох юм. Ямартай ч одоогоор энэ үзэгдлийн талаар эрдэмтэд таамаг дэвшүүлэхээс хэтрэхгүй байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()