Санскрит хэл дээр "аря" гэдэг үг байдаг бөгөөд энэ нь "эрхэмсэг" гэсэн утгатай юм. Дашрамд дурдахад Иран улсын нэр нь "Ария" гэсэн үгнээс гаралтай юм. Индо-Иран хэл нь дэлхийн хамгийн эртний хэлнүүдийн нэг бөгөөд 20-р зууныг хүртэл ерөнхийдөө хамгийн эртний гэж тооцогддог байжээ. 18-р зууны эрдэмтэд уг хэлний гарал үүслийг судалж эхлэхэд Евразийн бараг бүх хэл (хятад хэлийг эс тооцвол) үүнээс эх авсан болохыг ойлгосон аж. Өөрөөр хэлбэл Грек, Латин, Герман хэл нь нэг гаралтай бөгөөд эдгээрийг нийлүүлж Прото-Индо-Европын хэл хэмээн ангилдаг байна.
Тиймээс тус нээлтээс үндэслэн Европын ард түмнийг Индо-Европ гэж нэрлэж эхэлсэн бөгөөд Индо-Ираны ард түмэн бас энэ бүлэгт багтжээ. Өөрөөр хэлбэл Энэтхэгээс эхлээд Их Британид амьдардаг хүмүүс хүртэл Ари гаралтай болж хувирсан юм.
Ийнхүү XIX зууны эцэс хүртэл шинжлэх ухаанд "Ари" гэсэн ойлголт нь ердөө олон үндэстнийг багтаасан нэршил байсан аж. Тиймээс тухайн үед бор арьстай энэтхэгчүүд эсвэл шаргал үс, цэнхэр нүдтэй европчуудын аль аль нь жинхэнэ Ари гэж тооцогдож байв.
Харин XIX зууны сүүлч, XX зууны эхэн үеэс "Аричууд" гэсэн ойлголт нь өөрчлөгдөж эхэлсэн бөгөөд энэ нь Европт дэлгэрсэн арьс өнгөөр ялгаварлах үзэлтэй холбоотой байв. Артур де Гобиноу "Хүн төрөлхтний тэгш бус байдлын тухай эссэ" хэмээх шуугиан тарьсан бүтээлдээ жинхэнэ Аричууд бол хойд Европт амьдардаг цагаан арьст хүмүүс гэж нэрлэжээ. Хамгийн гол нь тус номондоо де Гобинеу Норд гаралтай (Скандинав болон Герман үндэстэн) аричууд бусад үндэстнүүдээс бүх талаараа илүү гэж мэдэгдсэн явдал юм. Энэ мөт өөр бусад арьс өнгөөр ялгаварлан гадуурхагчид бас гарч ирсэн бөгөөд тэд цэвэр Ари цустай хүмүүс зөвхөн Хойд Европт байдаг ч орчин үед бусад "цэвэр бус" үндэстнүүдтэй холилдсоноор удам судраа үгүй хийж байгаа гэж үзэх болов. Гэхдээ де Гобиноу ба түүний дэмжигчдийн үзлийг ХХ зууны эхний хагаст жинхэнэ эрдэмтэд няцаасан учраас тийм ч их газар аваагүй аж.
Гэсэн хэдий ч зарим улс төрчдийн хувьд "Цэвэр Ари үндэстэн" гэдэг үзэл маш хүчтэй "зэвсэг" болж хувирсан юм. Үүний хамгийн тод жишээ бол Адольф Гитлер болон түүний Нацист нам билээ. Нацистууд Германчуудыг жинхэнэ дээд угсааны Аричууд учраас дэлхийг эзлэх ёстой хэмээн мунхруулж төрийн эрхэнд гарсан байдаг. Үүний зэрэгцээ тэд еврей, цыган гэх мэт өөрсдөөсөө "дорд" үндэстнийг хоморголон устгасан юм.
Нацист Герман дайнд ялагдсаны Ари үндэстний үзэл хэсэг намжсан ч XX зууныы сүүл үед дахин сэргэв. Энэ удаад хойд төдийгүй зүүн Европын Славчууд өөрсдийгөө цэвэр цусны Ари хэмээн үзэх болсон байна.
Ерөнхийдөө дээр дурьдсанчлан цагаан арьстай хэн ч гэсэн Ари гэсэн ангилалд багтдаг учраас өөрсдийгөө дээд гаралтай гэж үзэж болох мэт. Мэдээжийн хэрэг, цэвэр Ари үндэстэн яг хэн нь болохыг бодитоор нотлох баримт байхгүй тул одоогийн "жинхэнэ аричууд"-ын үзэл нь ердөө хоосон хийрхэл юм.