Нэгэн өдөр АНУ-ын иргэн 46 настай Дэвид Ли Эдвардс найзаасаа мөнгө зээлж, байрны төлбөрөө төлжээ. Үлдсэн мөнгөөрөө тэрээр ганц пицца, хоёр сугалааны тасалбар худалдаж авсан байна. Үлгэрт гардаг ид шид биелэлээ олох мэт Дэвид залууг асар их ивээж, 27 сая доллар хожжээ. Хэвлэлийн бага хурлын үеэр Америк эр урьд өмнө зүүдэлж ч байгаагүй аз тохиосон учир энэ мөнгийг ухаалгаар зарцуулна гэж сэтгүүлчдэд өгсөн ярилцлагандаа ам гарсан аж.
Гэвч Дэвидийн дээрх үг хуурамч байв. Тэр худлаа ярьж, дэлхий дээр байж болох бүх таашаалыг мэдэрч үзэхийн тулд бүх хөрөнгөө үрэн таран хийсэн юм. Шагналын мөнгө дансанд нь орохыг хүлээж тэсээгүй Дэвид хожлоо тэмдэглэхээр Лас Вегаст очиж, 200 мянган долларын зээл авсан байна. Шинээр төрсөн саятан ердөө тавхан өдрийн дотор асар их мөнгө үрсэн байна.
Азын мөнгө дансанд нь орж ирсний дараа Дэвид салхинд туугдсан мэт ямар ч бодлогогүйгээр туйлж эхлэв. Тэрээр Флорида мужид теннисний талбай, гольфын талбай бүхий асар том харшийг 1.6 сая доллараар, ойролцоох өөр нэгэн байшинг 600 мянган доллараар худалдаж авав.
Түүний гэнэтийн тансаг хэрэглээний жагсаалтад 1.9 сая долларын үнэ бүхий онгоц, гурван хурдан удмын хүлэг, 90 мянган долларын Lamborghini Diablo болон Dodge Viper зэрэг багтжээ. Дэвид Тиффани охиноо өөр дээрээ авахын тулд хуучин эхнэртээ 500 мянган ам.доллар төлсөн байна. Дараа нь тэрээр охиндоо зориулан 35 мянган ам.долларын үнэтэй Hummer машин авч өгсөн байна. Шинэхэн баяны охин энэ үед ердөө 11 настай байсан юм.
Шагнал авснаас хойших гурван сарын хугацаанд залуу гурван сая доллар үрсэн байна. Түүний хэрэглээ энэ маягаар үргэлжилсээр жилийн дараа гэхэд Дэвид 12 сая доллар үрэн таран хийжээ. Тэрээр азын мөнгөө зохистой зарцуулна гэж тангарагласнаа ор мөргүй мартсан байв.
Дэвид чамин тансаг хэрэглээний хажуугаар хар тамхинд маш их мөнгө зарцуулсан гэдэг. Тэрбээр хуучин эхнэр Шонтойгоо хамт кокаин, героинд их хэмжээний мөнгө үрсэн байна. Хос залуус хар тамхинаас гаргах өндөр үнэтэй эмчилгээнд асар их мөнгө зарцуулсан гэнэ. Үүгээр зогсохгүй тэд хоёул бохир тариур хэрэглэснээс болж гепатит халдвараар өвчилжээ. Дэвид өөрөө хар тамхи хэрэглэдэг байснаас гадна найз нөхдөдөө харамгүй тараадаг байв. Түүний тойрон хүрээлэгчдийн зарим нь мансууруулах бодисыг хэтрүүлэн хэрэглэснээс болж нас барсан учир Дэвид тэдэнд зориулж оршуулах ёслол зохион байгуулж байжээ.
2006 оны эхэн үе хүртэл Дэвид бараг бүх зүйлээ алдсан байна. Саятан хос хожим бүр мөсөн дампуурч, хаягдсан агуулах руу нүүн амьтны ялгадас, хог хаягдал дунд амьдрах болжээ. Удалгүй эхнэр нь золгүй саятанг орхиж, өөр хүнтэй гэрлэсэн боловч хар тамхины донтолтоос салж чадаагүй гэнэ. Гэр бүл ч үгүй, хөрөнгө мөнгө ч үгүй үлдсэн Дэвид харин маш их өртэй хоцорсон байна.
Дэвид Кентаки ахмадын асрамжийн газарт 58 настайдаа хорвоог орхижээ. Гэнэт ирсэн баялгийн шалгуурыг дааж чадаагүй Дэвидийн түүх мөнгийг зөв удирдах нь мөнгө олохоос хамаагүй хэцүү гэдгийг батлан харуулсан юм.