Хойд Солонгосын иргэдээ эрэмбэлэх "Сонбун" систем гэж юу вэ?

Хойд Солонгос улсад нийгмийн анги давхрааг ялгах "Сонбун" хэмээх систем үйлчилдэг. Тэд дөнгөж төрсөн хүүхдийг хүртэл удам угсаа, гарал үүслээр нь ялгаж, хамгийн түрүүнд “Үнэнч”, “Тодорхойгүй”, “Дайсан” гэх гурван төрлөөс нийгэмд эзлэх байр суурийг нь тодорхойлж өгдөг байна. “Сонбун”-ы дагуу нярайг эцэг эхээс нь салган авч, ирээдүйд түүнийг ямар их сургуульд сурах, улс төрийн намын итгэлтэй гишүүн болох эсэхийг нь хүртэл шийддэг аж.

Хойд Солонгосын иргэдээ эрэмбэлэх "Сонбун" систем гэж юу вэ?

Саяхан болж өнгөрсөн Хойд Солонгосын Хөдөлмөрийн Намын хурлаар удирдагч Ким Жон Ун “Тавдугаар сарын 30-ны арга хэмжээ” хэмээх тогтоолыг хэрэгжүүлнэ гэж мэдэгджээ. Үүний дагуу тус улсад олон жилийн турш мөрдөгдөж ирсэн нийгмийн бүтцийг өөрчилж, иргэдэд анги давхаргаа чөлөөтэй өөрчлөх боломж олгох юм байна. Гэхдээ ажиглагчид ийм өөрчлөлтүүд "Сонбун" шиг маш чанд мөрдөгддөг системтэй зохицох тал дээр эргэлзэж байгаа юм. 

"Сонбун" бол Ким Ир Сений хэрэгжүүлсэн Хойд Солонгосын нийгмийн бүтцэд хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн зүйл байв. 1948 онд Ардчилсан Бүгд найрамдах улсыг байгуулсан Ким Ир Сен 1950 оны сүүлээр нийгмийн ангиллын тогтолцоог бий болгож, иргэдийг Японы колоничлолын үе болон Солонгосын дайны үеэр өвөг дээдсийнх нь хийсэн үйлдэл, байр суурь зэргийг харгалзан үзэж хүн амаа “Үнэнч”, “Тодорхойгүй”, “Дайсан” гэсэн 3 бүлэгт хуваасан байна.

"Сонбун"-ы дагуу Хойд Солонгосчуудыг нийслэлд эсвэл тусгай хотуудад амьдрах эсэх, тэдэнд хуваарилагдсан ажлын байр, ямар боловсрол эзэмшиж болох зэргийг тодорхойлдог.

Судлаачид үргэлж нууцын зэрэглэлтэй байдаг Хойд Солонгосын иргэдийн бүртгэлд нэвтрэх эрхгүй учраас тус системийг нарийн судалж чадахгүй явсаар олон жил болжээ. Аз болоход саяхан Хойд Солонгосын цагдаад алба хааж байсан, "Сонбун"-ы баримтуудыг сайн мэддэг хүн хэвлэлийнхэнд мэдээлэл өгчээ. 

Албан ёсоор энэхүү тогтолцооны дагуу Хойд Солонгосын нийгмийг тусгай, цөм, үндсэн, төвөгтэй, дайсагнасан гэсэн таван бүлэгт хуваадаг гэнэ. Өмнөх судалгаануудад ихэвчлэн “Үнэнч”, “Тодорхойгүй”, “Дайсан” гэсэн гурван давхаргын талаар дурдсан байдаг бол дээрх 5 бүлгийг 2000-аад онд нэвтрүүлсэн учраас дэлхий нийт энэ талаар харьцангуй хожуу олж мэдэж байгаа аж. 

"Цөм" гэдэг нь энгийн иргэд (нийгмийг бүрдүүлэгч цөм) гэсэн үг. "Тусгай" ангиллын хүмүүс маш ховор бөгөөд ийм иргэд тусгай зүйлсийг хүртэх эрхтэй байдаг гэнэ. Үүний эсрэгээр, "Үндсэн" (эргэлзээтэй гэж бас нэрлэдэг) ангиллын хүмүүс ялимгүй ялгаварлан гадуурхалтай нүүр тулж болзошгүй бол "Төвөгтэй", ялангуяа "Дайсагнасан" гэж ангилагдсан иргэд бараг нийгмээс хөөгддөг. 

Энэхүү системээс гарах нэг арга бол Кимийн гэр бүлийн цусан төрлийн хамаатан садан байх тохиолдол юм. Гэхдээ ийм төрлийн хүмүүс яг ямар эрх эдэлдгийг харуулах баримт бичиг одоогоор гарч ирээгүй байна.

"Сонбун"-ы дагуу хүмүүсийг ангилж хуваахдаа хоёр зүйлийг үндсэн эх сурвалж болгоно. Эхнийх нь Японы колоничлолын үе болон Солонгосын дайны үеийн эцэг өвгөдийн нийгмийн байр суурь, хийж байсан зүйлс юм.

"Тэд Ким Ир Сений талд тулалдаж, дараа нь Агуу удирдагчийн төлөө хүчин зүтгэсэн үү? Тийм бол танд баяр хүргэе, та өвөг дээдсийнхээ гавъяанаас хүртэх эрхтэй юм байна. Эсвэл өвөг эцэг тань Японы колоничлогчдын талд бичиг хэргийн ажилтнаар ажиллаж байсан уу, эсвэл бүр тэд хувьсгалын эсэргүү болж Кимийн эсрэг зэвсэг барьж тэмцэж байсан уу? Тэгвэл уучлаарай, та хэзээ ч нийгэм дэх байр сууриа өөрчилж чадахгүй." 

Хоёр дахь нь нийгмийн "Сонбун". Энэ нь Хойд Солонгосын нийгэмд ямар үүрэг гүйцэтгэж байгаагаас нь шалтгаалан тухайн хүнийг үнэлэх арга юм. Ажилчин, тариачин, цэрэг, багш эсвэл цагдаа зэрэг энгийн ажил эрхэлж байсан ч тэдгээрийн зиндаанаас шалтгаалан та болон таны гэр бүл бусдаас өөр ангилалд хамаарна.

Гэхдээ зиндаагаа өөрчлөх өөр нэг хувилбар бий. Тэр нь "Удирдагчтай уулзах" юм.  "Удирдагчтай уулзсан" гэдэг нь Хойд Солонгосын удирдагчтай 20 ба түүнээс дээш минут ярилцсан эсвэл хамт зургаа даруулсан иргэдэд олгодог цол юм. Ийм цолтой хүмүүсийн "Сонбун" огцом дээшилдэг аж. 

"Сонбун" нь Хойд Солонгосын амьдралын олон асуудалд нөлөөлдөг. Хэрэв таны "Сонбун" хангалттай сайн биш бол та Пхеньянд амьдарч чадахгүй. Эсвэл та хичнээн ухаантай байсан ч сайн их сургуульд орж чадахгүй. Та муу эсвэл бүр дунд зэргийн "Сонбун"-тай бол багш, цагдаагаар ажиллах боломжгүй. Хэрэв та нууц цагдаа нарын эгнээнд элсэхийг хүсвэл зөвхөн ганц өөрийн тань биш, зургаа дахь үе хүртэлх хамаатан садан та бүгд сайн "Сонбун"-тай байх ёстой, эсхүл та тэнцэхгүй.

"Сонбун"-аа өөрчлөх нь маш хэцүү. Хэрвээ таны удам угсаа хангалтгүй бол бараг л боломжгүй. Удмын бүртгэлийг орон нутгийн засаг захиргааны газар, жирийн цагдаа, нууц цагдаа, Ажилчны нам, Эмэгтэйчүүдийн холбоо, хөдөлмөрийн холбоо гэх мэт олон байгууллагуудад хадгалдаг.

Ким Ир Сений үед ч байдал ижил байсан. Тухайн цагт удам угсаа муутай хүн сайн ажил олж чаддаггүй байсан тул түүний үр хүүхдүүд ч муу "Сонбун"-тай төрж, тарчиг амьдардаг байв. Гэсэн хэдий ч Ким Ир Сен 1994 онд нас барснаас хойш олон зүйл өөрчлөгдсөн бөгөөд зарим талаар "Сонбун" зөөлөрсөн гэж хэлж болно. Одоо гурван жил сайн ажилласан хүн орон нутгийн намын хорооны шийдвэрээр "Сонбун"-аа бага ч гэсэн өөрчилж болдог болсон. Өнөө үед удам угсаа нь эргэлзээтэй хүмүүс хүртэл намд элсэх боломжтой болсон аж. Хойд Солонгосын зарим албан тушаалтнууд сүүлийн жилүүдэд өвөг дээдсийнхээ нүглийн төлөө хэн нэгнийг шийтгэх нь шударга бус явдал гэж үзэн "Сонбун"-ыг няцааж эхэлжээ.

Тус улс шинэ арга зам, эдийн засгийн шинэ загварыг нэвтрүүлж байгаа тул "Сонбун"-ын нөлөө аажмаар буурч байна. Хэрэв Ким Жон Ун үнэхээр амласан шинэчлэлүүдээ хийхээр төлөвлөж байгаа бол түүний хийх ёстой зайлшгүй шаардлагатай алхмуудын нэг нь "Сонбун"-ыг бүр мөсөн халах явдал юм. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()