Розали 1928 онд зүүн Руандагийн Буганза муж буюу одоогийн Руамагана мужид таван хүүхэдтэй айлын ууган охин болж төрсөн байна. Багын үзэсгэлэн төгөлдөр, ухаалаг тэрбээр гэр орноо өөд нь татаж, 4 дүүгээ ээжээс нь дуталгүй асарч тойлон өсгөж байжээ.
Хэдэн жилийн дараа тэдний гэр бүл хаант улсынхаа төв муж руу нүүснээр Розали охиныг шинэ амьдрал хүлээж авсан байна.
1942 онд хааны түшмэд 14 настай Розалиг анзаарч, хожим хааны эхнэр болох охидын сонгон шалгаруултанд оруулахаар ордонд авчирчээ. Заншил ёсоор тэнд цугласан охид хаанд үнэнч байх болно гэдгээ баталж, ордны язгууртнуудын өмнө бүрэн нүцгэлэх ёстой байв. Багаасаа чанд хатуу католик ёсоор хүмүүжсэн Розали энэ явдлыг шулуухан эсэргүүцэж, хувцсаа тайлахаас татгалзжээ. Охины зоригтой алхмыг үнэлсэн Мутара III хаан түүнд сэтгэл алдарч, эхнэрээ болгохоор сонгосон байна.
Хаан хатан хоёр гэрлээд үрийн зулай үнэрлэж чадаагүй ч Рокали хатан улсынхаа иргэн бүрт өөрийн хүүхэд шигээ ханддаг байжээ. Даруухан, эелдэг ааштай, нинжин сэтгэлтэй хатан тусламж хэрэгтэй хүн бүрт гараа сунгаж, ихэс дээдэс, дорд ялгаагүй харьцдаг байв.
Түүний дүү Чарльз Рубомбуранзир "Гиканда зарц, шивэгчин нарыг үргэлж өргөөндөө оруулж хамт суудаг байсан. Орж ирсэн хүн бүрт сүү аягалж өгөөд, бүх асуудлыг нь сонсдог. Тийм ч учраас түүнийг зүглэн ирэх хүмүүсийн тоо тасардаггүй байлаа. Тэр жинхэнэ ард түмний хатан байсан" хэмээн The New Times сонинд өгүүлжээ.
Түүнчлэн Руандагийн ахмад хуульч, 82 настай Протайс Мутембе түүний талаар "Жинхэнэ Руанда эмэгтэй. Хүн бүрийг хүндэлж хайрлаж чаддаг нэгэн" гэж тодорхойлжээ.
Гэвч үүнээс төд удалгүй хаант улсад бослого, үймээн самуун дэгдэж, улмаар Руанда улсын түүхэнд толбо болон үлдсэн үйл явдал эхэлсэн юм. 1944 онд иргэд ган гачгаас шалтгаалсан аймшигтай өлсгөлөнд нэрвэгдэж, нийт хүн амын 20 хувь нь үхжээ. Түүнчлэн олон тооны иргэд хөрш улсуудад дүрвэхийн хажуугаар Руандагийн бүрэлдэхүүнд ордог Хуту угсаатнууд хаан ширээг барьж буй Туци угсаатнуудаас эрх мэдлийг булааж, төрийн эргэлт хийхээр санаархаж эхэлжээ.
Байдал хүндэрсэн тул Мутара III хаан улсаа Бельгээс тусгаар тогтнуулж, асуудлыг шийдэхээр төлөвлөжээ. Энэ үед Розали хатан ард түмэндээ улам ихээр ойртож, энх тайвныг уриалж байсан юм. Гэвч 1959 онд түүний амьдралд гай зовлон тохиож, Мутара III хаан үл мэдэгдэх шалтгааны улмаас нас барсан юм. Үүний дараа үндэстний олонх Хуту, Туци угсаатнуудын зөрчилд улам ширүүсэж эхэлсэн бөгөөд эцэст нь 1962 онд хаант засгийг халж, Руанда улс хараат бус БНУ болсон түүхтэй.
Засгийн эрхийг авсан Хуту нар жилийн дараа 10 мянга гаруй Туци хүнийг хоморголон устгасан байна. Хуучин эрх барьж байсан Туци нар улсаасаа яаран дүрвэж байхад Розали хатан эх орон, ард түмнээ орхиж явахаас татгалзав.
Түүнийг 1962 онд ордноос хөөсөн тул Бутаре хот руу нүүж, жижигхэн байшинд өвчтэй ээжийгээ асран амьдрах болжээ. Энэ явдлыг Руандачууд нэг ёсны "цөллөг" гэж үздэг.
Үүнээс 30-аад жилийн дараа Руандагийн түүхэн дэх хамгийн их цус урсгасан хядлага гарсан юм. 1994 оноос эхлэсэн Хуту нарын харгислалын үеэр 1 сая гаруй Руандагийн иргэн алагдсан байна.
Тухайн оны 4-р сарын 20-нд Хутугийн цэргүүд Бутаре хотод ирсэн бөгөөд дэслэгч Пиер Бизанагийн удирдлага доорх цэргүүд хуучин хатныг хамт байсан хүмүүстэй нь хамт гэрээс нь хулгайлав.
Дараа нь тэд Бутаре хотын Үндэсний музейн ард тэднийг аваачин бууджээ. Цэргүүд хатны гэрийн ажилд тусалдаг байсан бяцхан охин, өвчтэй ээж хоёрыг нь л амьд үлдээсэн байна. Хоёр хоногийн дараа цэргүүд буцан ирж, хатны ээжийг мөн хөнөөжээ.
Аллагын дараа нэгэн тахилчийн хүсэлтээр Бутаре хотын дарга Канябаши нийтийн оршуулгын газар хаягдсан байсан хатан Гикандагийн цогцсыг гаргаж, гэрийнх нь хашаанд авчран оршуулжээ.
Хатан Розали нь Туцичуудын дунд тэнгэрийн элч, амьд бэлгэдэл нь байсан тул түүний алагдсан явдал үндэстнийг цочирдолд оруулж, улс даяар эсэргүүцлийн хөдөлгөөн эхэлжээ.
Энэ явдлын дараа Руандагийн цэргийн шүүхээр дэслэгч Пиер Бизана, түүнд тушаал өгсөн ахмад Алоса Мазымпаки нарыг Хатан Гиканда болон түүний гэр бүлийнхнийг хөнөөсөн хэрэгт буруутган цаазаар авах ял болон бүх насаар нь хорих ял оноожээ.
2009 оны 10-р сарын 6-нд Хутугийн тагнуулын албаны дарга асан Иделфонс Нисеймана нь Уганда улсын Кампала хотод баривчлагджээ. Нисеймана нь Руандагийн хоморголон устгах үйл ажллагааны толгойлогчдын нэгт тооцогдсон учраас хамгийн том сэжигтнүүдийн нэг байв. 2012 оны 6-р сарын 19-ний өдөр Руандагийн эрүүгийн шүүхээс түүнд мөн бүх насаар хорих оноосон байдаг.
Хатан хаан Гиканда Розалигийн дурсгалыг хүндэтгэх ёслолыг 2003 онд тэмдэглэж эхэлснээс хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг болжээ.