Оман нь дэлхийн хамгийн аюулгүй газар гэж тооцогддог бөгөөд Дорнодын "диваажин", тэр ч байтугай Арабын "Швейцарь" гэж нэрлэдэг.
Газарзүйн өвөрмөц байрлалаас болоод байгаль, цаг уурын бүсийн хамгийн ховор хослолыг эндээс харж болно.
Хагас зууны тэртээ Арабын хойг дахь Ойрхи Дорнодын энэ улс дэлхийн хамгийн хоцрогдсон, ядуу орнуудын жагсаалтад багтдаг байсан гэдэгт одоо итгэхэд хэцүү болжээ.
Оманы Султант Улс гэдэг нэрнээс нь харвал Султан нь улс төрийн бүх эрх мэдлийг атгадаг гэдэг нь ойлгомжтой. Оманы Султан төрийн тэргүүн, засгийн газрын тэргүүн, цэргийн дээд командлагч, батлан хамгаалахын сайд, гадаад харилцаа, санхүүгийн сайдын үүргийг гүйцэтгэнэ. Мэдээж хэрэг энэ албан тушаал нь завхан өв залгамжлагдана.
Орчин үеийн Оманы нутаг дэвсгэр нь 309 мянган хавтгай дөрвөлжин метр. Энэ нь Итали, Польш, Норвеги зэрэг орнуудыхтай ойролцоо хэмжээ юм. Тус улсын хүн ам Хорват эсвэл Кувейтийн хүн амтай ойролцоо буюу 4 сая гаруй аж.
Эрт дээр үед Африкаас Өмнөд ба Зүүн өмнөд Ази руу хүн суурьших гол зам Оманы нутгаар дайрч өнгөрдөг байсан гэж үздэг. Тиймээс тус нутагт 10-15 мянган жилийн өмнө хүмүүс анх суурьшсан гэж эрдэмтэд үздэг. Хожим нь орчин үеийн Оманы нутаг дэвсгэр нь Персийн эзэнт гүрэн, дараа нь Арабын Халифатын нэг хэсэг болсон. Дундад зууны үед Оманы зарим хэсэг нь Португалийн колони байсан бөгөөд 19-р зууны эцсээр Оманы нутаг дэвсгэр Британийн эзэнт гүрэнд ууссан байна.
Харин 20-р зууны дунд үед тусгаар тогтнолоо олох үед хөгжил дэвшлийн хувьд тус орон үнэхээр хоцрогдсон байжээ.
1938-1970 онд Саид Бейн Таймура хэмээх хүн Султан байсан бөгөөд Оман нь Ойрхи Дорнодын хамгийн хоцрогдсон орнуудын нэг байв. 1960-аад оны эхэн үе хүртэл боолчлол, феодалын тогтолцоо энд амь бөхтэй оршсоор байсан гэнэ.
Оманы иргэд Араб гэхээсээ илүү Африкийн орнуудын оршин суугчидтай төстэй байв. Саид Бейн Таймурын үед тус улсад бараг нэг ч их сургууль байгаагүйн (1970 онд ердөө гурван дунд сургууль байсан) дээр эмнэлэг (12 ортой нэг эмнэлэг), тээврийн дэд бүтэцийн хувьд хангалтгүй гэхэд багадна. Засмал замын нийт урт нь ердөө 10 орчим километр байсны дээр олон улсын нисэх онгоцны буудал, далайн боомт байхгүй байжээ.
Султан Саид бин Теймур нь хөгжил, шинэчлэлийг илт эсэргүүцэж байсан бөгөөд түүний хэт хуучинсаг үзэл нь тус улсын эдийн засгийг 19-р зууны түвшинд гацахад хүргэсэн юм.
1970 онд Султаны цорын ганц хүү Кабус бин Саидтөрийн эргэлт хийсэн аж. Тэрээр аавыгаа Британийн тусламжтай буулгаж, засгийн эрхэнд гарахад бүх зүйл өөрчлөгдсөн.
Кабус бин Саид Оманыг 1970 оноос 2020 он хүртэл нас барах хүртлээ хагас зуун жилийн турш удирджээ.
Кабус Британид маш сайн боловсрол эзэмшиж, 1962 онд Хатан Хааны цэргийн академийг төгсөөд дараа нь Британийн армид хэдэн жил алба хаасан гэдгийг тэмдэглэх нь зүйтэй.
Төрийн эрхэнд гармагцаа Кабус шинэчлэлийг шууд эхлүүлсэн юм. Тэрээр боолчлолыг халж, хэвлэл мэдээллийн салбарыг байгуулж, хатуу хучилттай, хурдны зам барьж эхлэв.
1964 онд тус улсаас газрын тос олдсон бөгөөд Кабус засгийн эрхэнд гарсны дараа Султаны нэрийн дор газрын тос олборлож эхэлсэн байна. Харин тэрээр үүнээс олох экспортын орлогыг өөрийн эрдэнэсийн санд бус харин хүн амын нийгмийн хамгаалалд шилжүүлэх хууль баталсан юм.
Мөн 1973 онд олон улсын нисэх онгоцны буудал, далайн боомт баригджээ.
Шинэчлэлийн үеэр Кабус Британи гаралтай олон зөвлөхтэй байсан. Үүний зэрэгцээ, хагас зуун жилийн туршид хаан ширээнд сууж байсан султан эрдэмтэн нэрээрээ алдаршжээ.
Зарим судлаач, эдийн засагчдын Сингапурын Ерөнхий сайд Ли Куан Ютай харьцуулж үздэг Султан Кабусын ололт амжилтыг үнэлэхэд хэцүү.
Кабусын үед хэдэн зуун шинэ сургууль (500 гаруй), эмнэлгийн байгууламж (зуу гаруй) баригдсан. Бүх түвшний боловсролыг (дээд боловсролыг багтаасан), эмнэлгийн үйлчилгээг үнэгүй болгосны дээр иргэдэд зориулсан орон сууц бараг үнэгүй гэж хэлж болно. Учир нь бүх иргэнд хувийн байшингаа худалдаж авахад зориулж хүүгүй зээл олгодог аж (төв банкнаас хүүг нь төлдөг).
Оман бол авто замын чанараараа дэлхийн хамгийн шилдэг орнуудын нэгт зүй ёсоор орно. Нэмж дурдахад, тус улсын насанд хүрсэн иргэн байшин худалдаж авах өөрийн хөрөнгөгүй бол улсаас түүнд туслалцаа үзүүлж, газар үнэгүй хувиарлаж өгдөг.
Оман руу аялах юм бол та цөөн хүн амтай сууринд хүртэл бүх дэд бүтцийг нь шийдэж өгсөн болохыг анзаарна. Эндэхийн жижиг тосгон нь бусад орны дунджаас дээш орлоготой иргэдэд зориулсан хороололтой ижил харагддаг.
Ингээд харвал Султан Кабусын засаглалын үр дүнг гайхалтай гэхээс өөр арга байхгүй. Учир нь 1970-аад оны эхээр Оманд нэг хүнд ногдох ДНБ бараг 300 доллар байсан бол хагас зууны дараа 20,000 долларт хүрсэн байна.
Бас нэг сонирхолтой баримт байна. Оман бол Арабын орон боловч Кабусын бодлогын ачаар эндхийн эмэгтэйчүүд санал өгөх эрхтэй, газар өмчлөх, сайд, элчин сайдын албан тушаал хаших эрхтэй болсон бөгөөд төрийн албан хаагчдын 50 орчим хувийг эзэлдэг болжээ.
Арабын Нэгдсэн Эмират, Саудын Араб эсвэл Кувейтийн эмэгтэйчүүд дээрх эрхүүдийн алийг нь ч эдэлдэггүй болохыг дурьдах нь зүйтэй.
Амьдралын чанар үнэхээр өндөр учраас хөрш зэргэлдээ баян Арабын орнууд, тэрч байтугай Скандинавчууд Оманыг зорьдог гэнэ.