1
Хүүхэд нас
Патришиа Америкийн тэрбумтан Уильям Рандолф Херстийн гэр бүлийн 3 дахь хүүхэд болж мэндэлжээ. Түүний өвөө Херст Корпорацийг байгуулсан бөгөөд тухайн үеийн хамгийн нөлөө бүхий улс төрчдийн нэг байв. Хэвлэлийн магнат асан тэрээр 30 тэрбум гаруй ам.долларын хөрөнгийг хүүхдүүд, ач зээ нартаа өв болгон үлдээжээ. Тиймээс ч Патришиа зүдрэх зүйлгүй өссөн аж.
Херстийн гэр бүл 5 охины хамт Калифорнийн Хиллсборо дахь тансаг харшид амьдардаг байв. Патришиа Кристал Спрингс хэмээх охидын элит сургууль, дараа нь Монтерей дахь Санта Каталина зэрэг баячуудын дунд сургуульд суралцсан байна. Эцэг эх нь ихэнхдээ завгүй байдаг учраас тэр эрх дураараа өссөн гэхэд болох юм. Ерөнхийдөө тэрбумтан гэр бүл охиноо хэт задгай тавьснаас болж хүмүүжлийн доголдол үүссэн байна.
2
Хулгайлагдсан нь
Америкийн нэр хүндтэй гэр бүлийн охин өөртөө тохирох зөв мэргэжил сонгох ёстой байв. Сургуулийн гэрчилгээ авсны дараа Патти эхлээд нэр хүндтэй Менло коллежид элсэж, дараа нь Калифорнийн их сургуулийн оюутан болж, урлагийн түүх судалжээ. Энэ үед охины зүрх сэтгэлийг Кристал Спрингс сургуулийн математикийн багш Стивен Видом эзэмдсэн байна. Түүний эцэг эх Рандолф, Кэтрин нар охиныхоо сонголтонд сэтгэл дундуур байсан юм.
Бүх зүйлийг өөрийн хүслээр шийдэж сурсан 19 настай охин зөрүүд зангаа тавилгүй, бүх юмаа баглаад сүйт залуугийн хамт зугтахаар шийджээ.
1974 оны эхээр хосуудыг хуримын ёслолоо хийхээр төлөвлөж байх үед гэрт нь гэмт этгээдүүд нэвтрэн орж, Патришиаг хулгайлсан байна. Тэд хэргийг маш сайн зохион байгуулсан байсан тул хөөрхий сүйт хархүү юу ч хийж чадаагүй аж.
Ажиллагааг Симбионист чөлөөлөх армийн (SLA) жижиг бүлэглэл үйлдсэн болж таарав. Бүлэглэлийн удирдагч Африк гаралтай Америк эр Дональд Дефриес өөрийгөө арьс өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг хөдөлгөөний удирдагч гэж цоллосон байлаа. Уг бүлэглэл зорилгодоо хүрэхийн тулд ямар ч хамаагүй хүчирхийллийн арга хэрэглэдэг байжээ. Тэд Патришиаг тухайн үед шоронд хоригдож байсан бүлгийн хоёр гишүүнтэй солилцох төлөвлөгөөтэй байв.
Гэсэн хэдий ч гэмт этгээдүүдийн зорилго бүтсэнгүй. Дараа нь бүлгийн удирдагч охины чинээлэг эцгээс ядууралд өртсөн бүх хүмүүсийг хүнсээр хангахыг шаардаж эхлэв. Патришиагийн аав хожим ядуусын хэрэгцээнд зориулж хоёр сая орчим ам.доллар хандивласан боловч энэ алхам ч охиныг нь чөлөөлж чадсангүй.
3
Дээрмийн хэрэг ба шүүх хурал
Үүний дараа SLA бүр нарийн төлөвлөгөө боловсруулжээ. Өвөө нь 1920-1940 оны хооронд суртал ухуулгын гэмээр мэдээ цацах замаар хөрөнгөжсөн гэдгийг олж мэдсэн алан хядагчид Патришиаг бүлэгтээ элсүүлэхээр шийджээ. Хожим нь Патришиаг харанхуй жижиг өрөөнд сар гаруй байлгасны эцэст үхэх эсвэл тэдэнтэй нэгдэх сонголтыг өгсөн байна. Охинд тэр үед эсэргүүцэх тэнхэл ч байсангүй. Түүнд алан хядагчид Таня гэх хуурамч нэр өгчээ.
1974 оны 4-р сарын эхээр Патришиагийн эцэг эх охин нь энх тайван, хүний эрхийн төлөө тэмцэхээр алан хядагчидтай нэгдэж байгаагаа илэрхийлсэн аудио бичлэг хүлээн авсан байна. Дөрөвдүгээр сарын дундуур дээрмийн хэрэг гарсан нэгэн банкны хяналтын камерын бичлэг дээр Патришиагийн дүрс бичигдсэн байв. Хожим нь уг бичлэгийг Холбооны мөрдөх товчооны төлөөлөгч ашиглан Патришиа Хирстийг зэвсэгт дээрэм хийхэд оролцсон хэмээн буруутгасан байдаг.
Патришиа шинэ танилуудынхаа хамт 1974 оны намар баригдах хүртлээ удаа дараагийн гэмт хэргүүдэд гар бие оролцсон юм. Мэдээжийн хэрэг түүний аав нь охиныхоо төлөө хамгийн сайн хуульчдыг хөлсөлсөн бөгөөд тэд Патришиаг бие махбодь, сэтгэл зүйн хүнд дарамтад байсан учраас гэмт хэрэг үйлдэхээс өөр аргагүйд хүрсэн хэмээн өмгөөлсөн байна. Үнэхээр ч охин маш их жин хассаны дээр, байнга хар дарж зүүдэлдэг, ухаан санаа нь орж гардаг болсон байжээ. Гэсэн ч шүүхээс нотлох баримтуудад үндэслэн Патришиаг гэм буруутай гэж үзэж, долоон жилийн хорих ял оноосон байна.
Энэхүү мэдээг сонссон америкчууд охин гэм буруутай, буруугүй гэсэн тал дээр хоёр хуваагдсан аж. Патришиагийн хэрэг олон нийтийг жинхэнэ цочроосон учраас үүнд Ерөнхийлөгч хүртэл оролцжээ. Тухайн үеийн Ерөнхийлөгч Жимми Картер ялын хугацааг богиносгосон тул Патрисиа Херст 1979 оны 2-р сарын 1-нд суллагдсан юм.
4
Дараах амьдрал
Патришиа шоронгоос гармагцаа өөрийг нь хорьж байсан газрын цагдаа Бенард Шоутай гэр бүл болсон байна. Тэд шоронд танилцаж, 34 жилийн турш хамт амьдарсан ч харамсалтай нь Шоу хорт хавдрын улмаас нас баржээ. Тэдний охин Лидиа нь загвар өмсөгч жүжигчин болсон бол хүү Жилиан нь гэр бүлийн бизнесээ үргэлжлүүлэхийн зэрэгцээ сэтгүүлч, редактор болсон байна.
Патришиа туулсан түүхээ эмхэтгэн хэвлүүлсэн нь том амжилт байгуулсан бөгөөд түүний амьдралын тухай хэд хэдэн кино хүртэл гарсан юм. Хулгайлагдсан охин өөрийг нь хулгайлсан хэрэгтнүүдтэй нэгдсэн түүх 70-аад оны улс төрийн тэмцлийн онцлох үйл явдал болсон юм.
Орчин үеийн сэтгэл зүйчид Патришиаг Стокгольмын синдромын сонгодог жишээ гэж үздэг.