Шинэ эриний ажлын байр: Тасралтгүй суралцах эхлэл

Шинэ эриний ажлын байр: Тасралтгүй суралцах эхлэл

Өдөр тутмын амьдралаас эхлээд хүмүүсийн суралцах, ажиллах, нийгмийн харилцаанд оролцох хэв маяг сүүлийн нэг жилд асар ихээр өөрчлөгдлөө. Гэрээсээ ажиллах, онлайнаар суралцах тухай ойлголт бидэнд хол санагддаг байсан бол өдгөө энэ нь "нью нормал" буюу амьдралын шинэ горим болж хувирлаа. 

Цар тахлаас үүдэн хувь хүн, хамт олон, байгууллага, улс үндэстнээрээ өөрчлөлтөд дасан зохицох үйл явц үргэлжилж байна. Үүссэн нөхцөл байдалд зохицон ажиллах, үйлчилгээгээ хүргэх, ажилтнуудаа чадавхжуулах үйл ажиллагааг цахимд тулгуурлан амжилттай хэрэгжүүлж буй байгууллагуудын нэг бол ХААН Банк юм. Тэд саяхан ажилтнуудынхаа дунд дижитал сургалтыг амжилттай нэвтрүүлжээ. 

ХААН Банк LinkedIn Learning байгууллагатай хамтарч, ажилтнууддаа цахимаар суралцах, хөгжих боломжийг бүрдүүлж байна

ХААН Банк дэлхийд алдартай сургалтын систем болох LinkedIn Learning байгууллагатай хамтран ажиллаж, ажилтнуудаа цахимаар суралцах боломжоор хангаж байна. Тус платформ нь дэлхийн хэмжээний экспертүүдийн бэлтгэсэн сургалт, мэргэжлийн болон хувь хүний хөгжил хосолсон нийтдээ 16 мянга гаруй онлайн хичээл санал болгодог билээ. 

Ийнхүү цахим сургалтыг нэвтрүүлснээр орон даяар тархан байрласан 550 гаруй салбар нэгжид ажилллаж буй ХААН Банкны ажилтнууд байршил, орон зай, албан тушаалаас үл хамааран өөрийн сонирхсон сургалтаа сонгож, хүссэн ур чадвараа хөгжүүлэх боломжтой болжээ. 

Энэ талаар Хүний нөөц хариуцсан дэд захирал Ш.Ганбямба "ХААН Банк нь шилдэг ажил олгогч байгууллага байхыг зорьдог төдийгүй ажилтнууддаа ажиллах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх, сурч хөгжин, өсөн дэвших боломжуудыг олгох зэргээр байгууллагын эерэг соёлыг бэхжүүлэхийн төлөө ажилладаг. Тиймээс тасралтгүй сурч, хөгжих гэдэг нь манай банкны соёлын салшгүй нэг хэсэг юм. Олон мянган ажилтантай манайх шиг компани ажилтнуудаа тасралтгүй  сургаж, хөгжүүлэх нь тийм ч амар ажил биш ч ажилтнууддаа хүссэн үед нь хүссэн сургалтдаа хамрагдах боломжоор хангаж ажиллах нь маш чухал" гэсэн юм.


Ажилтан тус бүрдээ зориулж сургалтын болон идэвхжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ

 

Тэд энэхүү хөрөнгө оруулалтыг илүү үр дүнтэй байлгах үүднээс анхны цахим сургалтуудаа нэг сарын хугацаанд цөөн тооны ажилтнуудад санал болгож, үүний дараа тэднээс сургалтад хамрагдсан санал, сэтгэгдлийг сонсжээ. Улмаар ажилтнуудын саналд үндэслэн цахим сургалтад хамрагдах дотоод дүрэм журам, ажилтан бүрийн сургалтын төлөвлөгөө, тэднийг идэвхжүүлэх төлөвлөгөө боловсруулсан байна. 

Түүнчлэн удирдах ажилтан бүрд sub-admin эрх олгосон аж. Ингэснээр удирдах ажилтан өөрийн харьяа ажилтныхаа сургалтын явцыг хянах, шинэ сонирхолтой сургалт санал болгох зэргээр нягт холбоотой ажиллах боломжтой болжээ. 

Өөрийгөө дайчлах, бусдаасаа суралцах орчин 

Цахим сургалтад хамрагдах явцад бусадтайгаа туршлагаа хуваалцах, хэрэгтэй гэж үзсэн сургалтаа санал болгох боломжоор хангахын тулд ажиллаж байгаа алба нэгж, ажлын үүргээс хамаараад тус тусад нь групп үүсгэсэн байна. 

Мөн ажилтнууд долоо хоног бүр өөрийн суралцах зорилтуудаа тодорхойлон оруулж байсан нь тэдний өөртөө амласан зорилгоо биелүүлэх, өөрийгөө илүү дайчлахад түлхэц болсон гэжээ. Мэдээж хэрэг сургалтад хамрагдаж дууссаны дараа ажилтнууд сертификатаа өөрийн LinkedIn хаягтаа байршуулах боломжтой аж.

Цахим сургалт 98 хувь амжилттай хэрэгжжээ

ХААН Банкны хамт олон долоо хоног бүрийн зорилтуудаа амжилттай биелүүлэхийн зэрэгцээ LinkedIn Learning сургалтуудаас өөрт хэрэгтэй мэдлэгийг авч байна.  Зарим үр дүнгээс дурдвал: 

  • Тус сургалтад хамрагдсан ажилтнуудын 98 хувь нь сургалтад идэвхтэй оролцсон
  • 81 хувь нь сар тутам үргэлжлүүлэн суралцсан 
  • Нэг суралцагч сард дунджаар 2.1 цагийг цахим сургалтад зарцуулсан гэсэн тооцоо гарчээ. 

 

ХААН Банк дотоодын цахим сургалтын систем болох “KB Academy” төслийг эхлүүлжээ

LinkedIn Learning-ээс гадна ХААН Банк дотоодын цахим сургалтын систем болох “KB Academy” төслийг эхлүүлээд байна. Уг системийн тусламжтайгаар ажилтнуудын зайлшгүй мэдэх ёстой байгууллагын дотоод бодлого журам, бүтээгдэхүүний сургалтыг тэгш, хүртээмжтэй байдлаар авах нөхцөл бүрдэх юм. 

Дашрамд дурдахад, байгуулагдсан цагаасаа шинийг санаачилж, салбартаа тэргүүлсээр ирсэн тус хамт олон цаг хугацаа, орон зайнаас үл хамааран хэдийд ч хаанаас ч авах боломжтой цахим бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд анхлан нэвтрүүлж, уламжлалт банкны загварыг техник технологийн дэвшилд суурилсан цахим банк болгон шинэчлээд буй билээ. 2014 онд иргэд ХААН Банкны бүх үйл ажиллагаа, үйлчилгээг салбар нэгжүүдэд биечлэн очиж авдаг байсан бол өнөөдөр банкны хэмжээнд хийгдэж буй нийт гүйлгээний 96 хувь нь карт, АТМ, цахим банкаар хийгдэж байна. 

Эх сурвалж: UB.LIFE

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.