Ава Лавиния Гарднер нь пуритан тариачны гэр бүлд төрсөн тул олонд танигдалгүй насыг барж болох байжээ. Шашны хатуу дэг мөрддөг эцэг эх нь хүүхдүүддээ ням гарагт радио сонсохоос бусад бүх төрлийн зугаа цэнгэлийг хориглодог байв. Үүнээс гадна ийм төрлийн гэр бүлд төрсөн хүүхдүүд гоо сайхны бүтээгдэхүүн, шинэ хувцас, ажил мэргэжлийн мөрөөдлөө биелүүлэх ямар ч боломжгүй амьдардаг байжээ. Тэд зөвхөн эрдэм номын мөр хөөх ёстой байв.
Ава Лавиния Гарднер (24.12.1922 - 25.01.1990)
Ава Атлантын христийн коллежийг төгсөөд тэндээ нарийн бичгээр нэг жил орчим суралцжээ. 1941 онд тэрээр Нью Йорк дахь эгч Беатрис руугаа зугтаж чаджээ. Беатрисийн нөхөр Ларри Тарр (Larry Tarr) гэх гэрэл зурагчин байсан бөгөөд тэрээр Fifth Avenue-д өөрийн студитэй байжээ.
Ларри Авагийн хэд хэдэн зургийг авч үзээд түүнийг зурган дээр ямар сайхан харагддаг болохыг анзаараад гайхширсан юм. Тэрээр түүний гэрэл зургуудыг цонхон дээр байрлуулсан байсныг Metro-Goldwyn-Mayer (MGM)-ий охин компанийн захирад Барни Духан (Barney Doohan) анзаарчээ.
Барни Духан Аваг уулзалтад урьж санал тавьснаар бүсгүй алдарт MGM студитэй хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Ава аялгатай ярихын хажуугаар жүжиглэх урлагийн тухай ойлголтгүй, бүжиглэж чаддаггүй байв.
"Тэр дүрд тоглохгүй бас ярихгүй. Тэр юу ч хийхгүй хэдий ч байгаа байдал нь гайхамшигтай юм!" гэж MGM-ийн дарга Луис Майер (Louis Mayer) Авагийн зургуудыг хараад хэлж байжээ.
Гэсэн ч дараагийн 5 жилийн дараагаас Ава олон ангит киноны жижиг дүрд тоглож эхэлжээ. Чухамдаа түүнд хамгийн бага үгтэй, ил задгай даашинз өмсөж гоо үзэсгэлэнгээ гайхуулах дүрүүд оногддог байв.
1946 онд "The Killers" кино түүнд амжилт авчрав. Урьд өмнө нь шүүмжлэгчид зөвхөн Гарднерын гадаад төрх байдлын талаар хэлэлцдэг байсан бол энэ мөчөөс эхлэн түүний жүжигчний ур чадварыг шагшин магтах болжээ.
Бүсгүйн жүжиглэх авьяас олонд танигдсаны дараа түүнд гол дүрийн санал ирж эхэлсэн юм. Ава "Singapore", "The Bribe" зэрэг кинонд дүр бүтээсэн ба 1951 онд "Pandora and the Flying Dutchman" кино нээлтээ хийжээ.
Гарднер холливүүдын үзэгчдийн таашаалд нийцсэн жүжигчнээр тодорч байв.
1941 онд Гарднер MGM-ийн од Мики Рүүни (Mickey Rooney)-тэй гэрлэжээ. Тэдний гэрлэлт удаан үргэлжлээгүй. Гарднер бал сарынхаа үеэрээ нөхрөөсөө илүү студийн сурталчилгааны агентуудтай харьцдаг байснаа хожим нь дурсаж байв. Мики хожим Аваг анхаарч халамжлахаа больсноор хосуудын харилцаа хөндийрчээ.
Улмаар Рүүнигийн хандлага Аваг сэтгэл хямралд оруулж, гэр бүл салахад хүргэсэн байна.
Ава, Мики
Гарднер салсныхаа дараа нисгэгч, саятан Ховард Хьюз (Howard Hughes)-тэй үерхэж эхлэв.
"Тэр сайхан сэтгэлтэй, намайг маш сайн ойлгодог найз минь. Тэгээд бодоод үз дээ. Тэр товчлуур дээр дарахад л онгоц бэлэн, намайг хүлээж байдаг байсан. Надад хувийн орон зай хэрэгтэй үед маш сайн ойлгож ганцаараа байх боломж олгодог. Ховард бол над шиг бүсгүйн хувьд азын тасалбар байсан." гэж Ава дараа нь дурсаж байжээ.
Ховард Аваг хяналтандаа байлгахын тулд түүний араас нууцаар мөрддөг байсан нь тэдний салах шалтгаан болж аж.
Ховард Хьюз ба Ава Гарднер нар
1945 онд Ава Гарднер Арти Шоу (Artie Shaw)-тай гэрлэжээ. Гэвч тэдний гэрлэлт нэг жилийн л настай байв. Арти Аваг илүү "мундаг" болгохыг хүсч, илүү ихийг уншиж, лекц, психоанализийн курст суухыг албадаж байсан нь жүжигчин бүсгүйд таалагдаагүй юм.
"Артитай хамт амьдрах гунигтай байсан. Яг л коллежид сурах гэж байгаа юм шиг. Хөөгдөхөөсөө өмнө өөрөө явсан нь дээр" гэж жүжигчин эмэгтэй хэлж байв.
Арти Шоу ба Ава
Салсныхаа дараа тэрээр Ховард Хьюзтэй дахин болзож эхэлсэн боловч энэ нь мөн л удаан үргэлжилсэнгүй. Тэрээр жирэмсэн болсон байсан ба хүүхдийн эцэг болох жүжигчин Ховард Дафф (Howard Duff)-ын төлөө түүнийг орхижээ. Эцэст нь тэр Даффаас ч мөн салсан байна. Энэ нь эцэстээ сэтгэл хямрал, архинд донтох, эрчүүдтэй богино харилцаатай болоход хүргэсэн байна.
Ава алдарт дуучин Фрэнк Синатратай учирч буруу зуршлаас аврагджээ.
"Би түүнтэй учраад л ухаанаа алдчихсан. Тэр миний хундаганд ямар нэгэн зүйл хийсэн юм шиг л" гэж Синатра анхны уулзалтаа дурсаж байв.
Синатра өөрийн эхнэр, гурван хүүхдээ орхиж 1951 онд Аватай гэрлэжээ. Гэсэн хэдий ч Аваг буруутгах зүйл байхгүй. Синатра бүсгүйчүүдээс болж эхнэрээ хэд хэдэн удаа хуурч байсан ба гэр бүлээсээ салах нь цаг хугацааны асуудал байжээ.
Тэдний гэрлэлт Авагийн зохиож байсан өмнөх амьдралуудтай харьцуулахад урт хугацаанд буюу 6 жил үргэлжилсэн юм. Тэд 1957 онд салсан ч Ава Фрэнкийн хувьд "насан туршийн хайр" хэвээр үлдсэн ажээ. Ава ч мөн дуучныг мартаж чадаагүй юм. Гэсэн хэдий ч тэд хамтдаа цаашид байж чадхааргүй болсон байжээ.
Кино шүүмжлэгчид Авагийн шилдэг киног Жозеф Манкевич (Joseph Mankiewicz)-ийн найруулсан "The Barefoot Contessa" драма гэж нэрлэдэг. Элизабет Тейлор (Elizabeth Taylor), Жоан Коллинз (Joan Collins) нар бүжигчин Мария Варгас (Maria Vargas)-ын дүрд тоглохыг хүссэн боловч найруулагч Гарднерыг сонгосон нь зөв зүйл болсон юм.
1955 онд Ава Испани рүү нүүж, Моралежа хотод байшин худалдаж авч ганцаардлаас салахыг хичээж байв. Гэхдээ энэ нь тус болсонгүй, Испанид хүртэл Синатрагийн тухай цуурхал тархсан байжээ.
Ава Гарднер мөн сэтгүүлд зургаа авахуулдаг байв. Тэр хамгийн их эрэлттэй pin-up од байсан. Түүнийг дайны дараах Америкийн эрчүүд маш ихээр хайрладаг байв.
Испанид Ава Эрнест Хемингуэй (Ernest Hemingway )-тэй хамт байсан бөгөөд түүнтэй хамт бухын тулаан үзэх дуртай байв. Тэр өөрөө үүнд оролцохыг хүссэн бөгөөд энэ бүхэн харамсалтайгаар дууссан ажээ. Үзэсгэлэнт бүсгүй морьноос унаж хацраа гэмтээсэн байна. Гэмтэл нь хөнгөн байсан ч Ава дахин сэтгэл хямралд орж, Мадрид дахь байрнаасаа 6 сарын хугацаанд гаралгүй амьдарсан юм.
1960-аад онд Гарднерийн карьер буурч эхэлсэн. Түүний сүүлчийн гол дүр нь "The Night of the Iguana" (1964) юм.
Гарднер амьдралынхаа сүүлийн жилүүдийг Лондонд өнгөрөөжээ. 1986 онд тэрээр хэд хэдэн удаа цус харваж, хэсэгчлэн саажилттай, хэвтэрт орж байсан юм. Фрэнк Синатра Авагийн эмчилгээний зардлыг дааж, бараг өдөр бүр Ава руу залгаж, ихэвчлэн түүнтэй уулзахаар Лондон руу нисдэг байв.
Ава Гарднер 1990 оны 1-р сарын 25-нд 67 насандаа уушгины хатгалгааны улмаас нас баржээ. Жүжигчин бүсгүйг гэрт нь хойд Каролина мужийн Смитфилд хотод байрлах Sunset Memorial Park-д оршуулжээ.
Өөр нэгэн гайхалтай эмэгтэй болох Шэрон Стоун (Sharon Stone) Авагийн тухай ийн дурссан байна:
"Ава Гарднер бол дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй байсан. Яагаад гэж үү? Тэр огтхон ч дүр эсгээгүй. Тэр бүсгүй хэзээ ч бяцхан охин шиг харагдахын тулд хуурамч бүр бүтээдэггүй байсан."