Мэри Кэтлин Вагнер (Mary Kathleen Wagner) америкийн ядуу тарчиг гэр бүлийн 4 дэх хүүхэд болж төрсөн байна. Түүний эцэг архаг сүрьеэ өвчтэй учир ар гэрээ тэжээх хөдөлмөрийн чадамжгүй учир Мэригийн ээж гэр бүлийнхээ төлөө өглөөнөөс орой хүртэл рестораны менежерийн ажлыг хийдэг байжээ. Харин Мэри хүүхэд байхаасаа эхлэж аавыгаа асарч, гэрийн ажил хийдэг болсон гэнэ. Хожим нь Мэри хүүхэд нас гэгч юу болохыг мэдэхгүй өнгөрсөн гэдгээ хэлсэн бөгөөд үүний ачаар тэр хариуцлага хүлээж, өөрөө шийдвэр гаргаж сурсан аж.
17 насандаа Мэри шатахуун түгээгч залуутай гэрлэж, 3 хүүхэдтэй болжээ. Шинэхэн аавд өнөр өтгөн гэр бүлийг тэжээх хэцүү байсан учир хосууд мөн л ядруухан амьдарч байв. Ингээд Мэри нэмэлт орлого олохын тулд цагийн ажил хийж эхэлжээ. Тэрээр тансаг харшуудаар явж гэр ахуйн бараа сурталчлах болсон гэнэ. Хүүхэд байхаасаа хүнд хүчир ажил хийж байсан тул бүсгүй үе мөчний өвчтэй болсон хэдий ч түүний нөхөр Дэлхийн 2-р дайны фронтод тулалдахаар явж Мэрид бүх хариуцлага оногджээ.
Мэри Кэйтлин залуу байхдаа
Хуримтлуулсан мөнгөөрөө Мэри 28 насандаа Хьюстоний их сургуульд элссэн байна. Нөхөр нь дайны фронтод өөр бүсгүйтэй учирч Мэригээс салжээ. Энэ үед түүнд бүх зүйл боломжгүй мэт санагдаж байсан бөгөөд хожим нь Мэри “Миний амьдралын түүх бусад хүмүүст төгсгөл мэт санагдах байх.” гэжээ.
Мэри Кэй хүүгийнхээ хамтаар
Ингээд бүсгүй бүхий л эрч хүчээ ажилдаа зориулсан юм. Хэдийгээр ажил дээр нь Мэригийн хөдөлмөрийг үнэлэж байсан ч эрчүүдийг гэр бүлээ тэжээх хэрэгтэй гэсэн шалтгаанаар албан тушаал ахиулж байжээ. Улмаар Даллас руу нүүж, шинэ ажилд орсон Мэри ажилчдын сургалтын албаны дарга болохоор өрсөлдсөн боловч мөн л эрэгтэй хүн албан тушаал ахисан байна. Бүсгүй итгэл найдвараа алдаж, ажлаасаа гарчээ.
Мэри Кэйн залуу нас
Мэри өөрийн ажлын туршлага, эмэгтэй хүн ч эрэгтэй хүнээс дутахааргүй ажиллаж албан тушаал ахих боломжтой талаар өгүүлсэн ном бичихээр шийджээ. Номоо бичиж дуусгаж байх үедээ тэр түүний өмнө бодит амьдрал дээр хэрэгжүүлэх гайхалтай төсөл бий болохыг олж харав. 45 настай ганц бие ээж тэрээр бүхнийг шинээр эхэлж, өөрийн бүх хуримтлалыг гарын тос болон бусад гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэр байгуулахад зарцуулсан байна.
Дэлхийд танигдсан гоо сайхны брэндийн үүсгэн байгуулагч
Компаниа албан ёсоор нээхээс 2 сарын өмнө Мэри дахин гэрлэсэн байна. Энэ удаад тэрээр химич Жорж Артур Халленбек (George Arthur Hallenbeck)-тэй гэрлэсэн бөгөөд залуу компанийн санхүүг хариуцахаар болж, Мэри гоо сайхны бүтээгдэхүүнээ худалдаалах, танилцуулах ажилд шамдан орсон байна. Харамсалтай нь хурим болсноос 1 сарын дараа Артур зүрхний шигдээс өвчнөөр нас баржээ.
Мэри хөвгүүдийнхээ хамт
Энэхүү харамсалтай үйл явдал анхны гоо сайхны дэлгүүрээ нээхийн өмнөхөн тохиолдсон учир дэлгүүрийн нээлтийг хойшлуулах боломжгүй байлаа. Ингээд Мэрид дахин бүх хариуцлага ирсэн бөгөөд 20 настай хүү Ричард (Richard) нь түүний гол туслах болжээ. 8 сарын дараа бага хүүхдүүд нь нэгдэснээр гэр бүлийн бизнес болж хувирав. Тэдний анхны дэлгүүрт 9 худалдагч таван нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнийг танилцуулж байсан бөгөөд Мэри бүтээгдэхүүний үйлдвэрлэлээс эхлээд дэлгүүрийн цэвэрлэгээг хүртэл хийдэг байжээ.
Мэри Кэй Эш ажилчдынхаа хамтаар
Хүү Ричардынхаа хамт
Жилийн дотор уг компани хангалттай хэмжээний орлого олж, харин 10 жилийн дараа дэлхийн гоо сайхны шилдэг брэндүүдийн нэг болсон юм. Өмнө нь хүйсийн ялгаварлалд өртөж байсан олон мянган бүсгүйчүүд энэхүү компанид ажиллах хүсэлтэй байжээ. Тэр тогтмол үйлчлүүлэгч нартаа зориулж төрөл бүрийн семинар зохион байгуулж, хамгийн амжилттай, үр бүтээлтэй ажилласан ажилчдаа урамшуулж байсан гэнэ. Урамшуулал нь автомашин, гадаадад аялах эрх, алмазан энгэрийн зүүлт зэрэг өндөр үнэ бүхий томоохон шагнал байсан тул ажилчдын бүтээмж, гүйцэтгэлийн чанар ч мөн сайжирчээ.
Ингээд Мэри Кэй 3 дахь удаагаа гэрлэж, бүсгүй хүний аз жаргалаа олжээ. Тэр Мэлвилл Жером Эш (Melville Jerome Ash)-тэй 14 жилийн турш буюу нас барах хүртлээ хамт амьдарсан байна. 1981 онд гоо сайхны брэндийн үүсгэн байгуулагч бүсгүй өөрийн намтарчилсан ном бичсэн нь олон бүсгүйчүүдийн урам зориг авдаг ширээний ном болж байсан гэнэ.
Мэри Кэй 83 насандаа буюу 2001 онд нас барсан юм. Тухайн үед түүний хөрөнгө 98 сая доллараар үнэлэгдэж, харин нэр нь дэлхийн брэндийн тодотгол болсон аж. Энэ бол "Forbes" сэтгүүлээс шалгаруулсан шилдэг 20 бизнес хөгжлийн түүх юм. Тэрээр ХХ зууны хамгийн шилдэг бизнес эрхлэгч эмэгтэй болж, 2015 онд Эшийн гэр бүл АНУ-ын хамгийн баян гэр бүлийн тоонд багтжээ.
Мэри Кэйн түүх олон мянган бүсгүйчүүдүүдийн үлгэр дуурайлал болжээ. “Заримдаа хүмүүс өөрийгөө хэн ч биш мэтээр хүлээн авч, дэлхий өөрчлөгдөхгүй гэж боддог. Надад итгээрэй, хүн бүр дэлхийг өөрчилж чадна”- Мэри Кэй Эш