1
У. Уянга (Сувдаа)
Цувралын хамгийн сэтгэл татам дүрүүдийн нэг, гэнэн, аз жаргалтай, дэврүүн хүсэл мөрөөдөлтэй Сувдаагийн дүрийг "Фантастик" продакшны залуу жүжигчин У.Уянга бүтээсэн билээ.
Бодит амьдрал дээр тэрээр хот ба бүс нутаг төлөвлөлтийн мэргэжил эзэмшсэний зэрэгцээ сайн ээж, сайхан гэргий юм. Мөн багаасаа уран нугаралтаар хичээллэсэн, "Эмоци" продакшнд бүжигчнээр ажиллаж байсан, одоо жүжигчин гэхээр урлагт зориулагдсан хүн гэдгийг нь илтгэнэ.
2
Р. Отгонбаяр (Тулгат)
Даргын хүүхэд, онгироо, хэгжүүн Тулгатын дүрийг гайхалтай бүтээж, бүсгүйчүүдийн анхаарлыг татсан Р.Отгонбаяр анх "Хэцүү анги" цувралд дүр бүтээж байсныг хүмүүс төдийлөн мэдэхгүй болов уу. Тэрээр үзэгчдийн боддог шиг кино урлагт шинээр хүч үзэж байгаа хүн огтхон ч биш бөгөөд өмнө нь олон киноны арын албанд 10 гаруй жил ажилласны дараа анхны гол дүрээ бүтээж байгаа ажээ.
Тэрээр "37-р Точка" дээр аавынх нь дүрд тоглосон жүжигчин Цэгмидийн Төмөрхуягийн шавь юм. Эхнэр нь мөн жүжигчин бөгөөд СУИС-ийн Театрын урлагийн сургуулийг төгссөн нэгэн бол охин нь одоо гурван нас хүрч байгаа гэнэ.
3
Д.Хулан (Тогосоо)
Эрчүүдийн хайрыг татсан Өнчин цагааны Ганган Тогосоо хэмээх халуухан бүсгүйн дүр нь залуу жүжигчин Д.Хулангийн хамгийн анхны дэлгэцийн дүр болжээ.
Дархан хотод төрж өссөн тэрбээр Соёл урлагийн их сургуулийг төгссөн аж. Өөрөөс нь тэс өөр, шоу цэнгээнд дуртай, буруу зам руу орсон бүсгүйн дүрийг гаргах, ялангуяа эротик хэсгүүдэд тоглох нь залуу жүжигчинд маш хүнд байсныг тэрээр ярьжээ.
Сонирхуулахад, Д.Хулан ихэр дүүтэй, айлын том нь аж. Мөн түүний найз залуу нь СУИС-д сурдаг, доод курсынх нь залуу бөгөөд үерхээд хоёр жил болж байгаа гэнэ шүү.
4
Э.Одбаяр (Идэр)
Өнөө цагийн хамгийн сэтгэл татам эрэгтэй жүжигчдийн нэг СТА Э.Одбаяр энэхүү кинонд Сувдаагийн дурлалт залуу Идэрийн дүрд тоглосон юм.
Дархан хотод төрж өссөн тэрээр Кино урлагийн дээд сургуулийг төгссөнийхөө дараа "Шинэ Үе" продакшны гишүүн болж, урлагийн гараагаа эхэлжээ. Түүнээс хойш "Маш нууц", "18 нас - Би чамд хайртай", "Үргээлэг-2", "Зүрхний хилэн" зэрэг олон чанартай бүтээлийн гол дүрд тоглож, монголын урлагт хүч түрэн орж ирж буй шилдэг залуусын нэг гэдгээ баталсан юм.
Хувийн амьдралын тухайд гэвэл тэрээр мэргэжил нэгт бүсгүйтэй гэр бүл болж, 2017 онд анхны үрийнхээ зулайг үнэрлэсэн байна.
Та бүхэнд таатай мэдээ дуулгахад "37-р точка" олон ангит киноны 1 болон 2 дугаар бүлэг Юнивишний МОНГОЛ КИНО багцад шинээр нэмэгдсэн байна. Та Монгол багцаа идэвхжүүлээд "37-р точка" киногоо хүссэн үедээ дуу, дүрсний өндөр чанартайгаар хүлээн авч үзээрэй.
5
Т.Төгөлдөр (Зоригт)
Нэр шигээ зоригтой, ухаалаг, дөлгөөн Зоригтын дүрд "Фантастик" продакшны жүжигчин Т.Төгөлдөр тогложээ. Кино урлагийн дээд сургуулийг төгссөн, ардын жүжигчин Сарантуяагийн шавь түүнийг үзэгчид "Маш нууц" кинонд туслах дүр, "Маш нууц: Байтаг богд" кинонд гол дүр бүтээж байснаар нь танина.
Сонирхолтой нь тэрээр "Маш нууц: Байтаг богд" дээр өөрийнхөө өвөө, БНМАУ-ын эрэлхэг хилчин Д. Чойжингийн дүрийг бүтээжээ. Улс орныхоо төлөө амь биеэ хайхралгүй тэмцсэн баатрын дүрийг түүний үр хойч нь дэлгэцнээ бүтээнэ гэдэг тун ховор тохиолдол.
6
М.Баярбат (Ялалт)
Монголын кино урлагийн сайхан залуусыг өнгөлөх М.Баярбат "37-р точка"-ийн гол дүр Ялалтын дүрийг гайхалтайгаар амилуулж чадсан билээ. "Фантастик" продакшны тулгын чулууг тавилцсан түүний "Хэцүү анги", "Зүрхний хилэн", "Маш нууц", "Миний ах атаман" зэрэгт бүтээсэн дүрүүд нь мартагдашгүй.
Анх "Boomtown" хэмээх хөвгүүдийн хамтлагт дуулж бүжиглэх, "X-түц", "Маск" продакшнуудын хошин жүжигт дүр бүтээх гэх мэтээр олон жил урлагийн тогоонд чанагдаж, өнөөгийн өндөрлөгт хүрээд байгаа юм. Сайн аав, халамжтай эр болох түүний найз бүсгүйг Аззаяа гэдэг.
7
Э.Алдар (Шизо)
Цуврал эхэлснээс хойш үзэгчдийн хамгийн дуртай дүр байсан "Шизо"-д жүжигчин Э.Алдар тоглосон. Тэрээр "Boomtown" хамтлаг, "Маск продакшнаас урлагийн гараагаа эхэлсэн, хошин урлаг, драм, киноны найруулга гээд олон талын чадвартай авьяаслаг нэгэн билээ.
Э.Алдар анх зургаан настайдаа Орос руу явж, 11 жилийн дараа эргэн ирээд СУИС-ийг 2007 онд төгссөн байна. Олон улсын харилцааны мэргэжилтэй, дипломатч болох мөрөөдөлтэй байсан ч жүжигчний мэргэжилд эргэлт буцалтгүй оржээ. Түүний найз бүсгүйг Х.Хулан гэдэг бөгөөд хос хоёр хэдхэн сарын өмнө охинтой болсон юм.
8
Б.Ганчулуун (Болдоо)
Киноны хамгийн хөгжилтэй Болдын дүрийг "Фантастик" продакшны үүсгэн байгуулагчдын нэг, авьяаслаг жүжигчин, найруулагч Б.Ганчулуун бүтээжээ. Тэрээр "37-р точка"-г анх төлөвлөж, зохиолын санааг гаргаж, олонд хүртээл болгосон гол хүмүүсийн нэг юм.
Тоглосон кино бүртээ эерэг, хүмүүсийн хүндлэлийг татсан дүр бүтээдэг тэрбээр "Маш нууц", "Зүрхний хилэн" кинонд тоглохын сацуу “Параллель ертөнц” киног бие даан найруулж байжээ. Баянхонгор аймгийн унаган хүү тэрээр багаасаа урлагийн хүн, ялангуяа жүжигчин болно гэж мөрөөдөж, төсөөлж иржээ.
9
Ж.Алтаншагай (Галт)
Эсрэг дүрийг гайхалтай сайн бүтээдгээрээ Монголын үзэгчдийн хүндлэлийг хүлээсэн жүжигчин Ж.Алтаншагай "37-р точка"-ийн Галтын дүрд тогложээ. Дөрвөн сайхан охины аав тэрээр эр хүний гэр бүлийнхээ өмнө хүлээх үүрэг хариуцлага, хөдөлмөрлөснөөр юунд хүрдгийн үлгэр жишээ болсон нэгэн юм.
Тэрээр 2008 онд СУИС-ыг төгссөнийхөө дараа дэлгэцийн урлагаас хэсэг хол байсан ч "Миний ах атаман" киноны дүрээр жинхэнэ утгаараа од болсон билээ.
10
Б.Барслхагва (Лутаа)
Маш залуугаасаа олны өмнө ч, дэлгэцээр ч гарч үзэгчдийн сайн танил болсон жүжигчин Б.Барслхагва өөрийн ээлжит нэгэн эсрэг дүр болох Лутааг мөн л гайхалтай чадварлагаар амилуулсан билээ. Тэрээр Хүүхдийн ордноос эхэлж, Соёл урлагийн их сургууль, "C1" телевиз, "Фантастик" продакшн гээд олон салбарт туршлага хуримтлуулжээ.
Түүний гэргий эдийн засгийн шинжээч мэргэжилтэй, хосууд хоёр сайхан хүүтэй аж. Сонирхолтой нь "37-р точка" кинонд Долгорын дүрийг бүтээсэн жүжигчин Ж.Амарзаяа Хүүхдийн ордны дугуйланд суралцдаг байхад нь түүний багш байжээ.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.