Ингэснээр Ромын жанжин Маркус Крассусын алга болсон легионы тухай домог үнэндээ Лициан тосгонтой холбогдох боломжтойг тус судалгааны үр дүн гаргаж ирсэн байна.
Тодруулбал МЭӨ 53 онд Крассус Парфянчуудад ялагдан өөрөө олзлогдож, өнөөгийн Ираны нутагт цаазлуулсан бол түүний армиас үлдсэн 145 ром цэрэг амьд гарч, улмаар Баруун болон Төв Азийн нутгаар хэрэн тэнүүчилж амьдарсан гэдэг.
Эртний Лициан тосгон нь Ганьсу мужийн нутагт, Өвөр Монголын хилтэй бараг залгаа байдаг юм.
Оксфорд их сургуулийн профессор Хомер Дабсийн үздэгээр тэдгээр цэргүүд дорно зүг рүү аяллаа үргэлжлүүлж явахдаа Хятадуудад баригдсан бөгөөд хожим МЭӨ 36 онд Лицианыг байгуулсан аж.
Мөн өөр нэг таамаг байдаг нь тэд өнөөгийн Узбекистаны нутагт явж байхдаа Хүннүгийн жанжинтай таарч, улмаар тэдний их цэрэгт нэгдэн Хан улсын эсрэг дайнд оролцсон гэдэг ажээ.
Ямартаа ч Лициан тосгон МЭӨ 36 онд буюу Хүн, Хан хоорондын дайны үеэр байгуулагдсан нь баттай үнэн юм.
Түүнчлэн ойролцоо байх Ёнчанаас олдсон эртний булшнууд барууны хэв маягтай байгаа нь Ром хүмүүс үнэхээр Хятадад амьдарч байсныг нотлох бас нэгэн том баримт ажээ. Ялангуяа булшнаас олдсон араг яс нь дор хаяж 182 см өндөртэй хүнийх байжээ.
Гэхдээ мэдээж энэ онолыг үгүйсгэх гаргалгаанууд бий. Лициан нь Говийн их цөлд, Торгоны зам дээр байрлах тул дорныг зорьж байсан Европ худалдаачид тэнд суурьшиж, үр удмаа үлдээсэн байх боломжтой гэж зарим судлаачид үздэг.