Олны хайрыг татсан жүжигчин бүсгүй Ромд төрсөн бөгөөд аав нь эрт өөд болсон тул тэрбээр ээж, эгчийн хамтаар бага насаа өнгөрүүлжээ. Охины өсөлт маш хурдан явагдсан бөгөөд ирээдүйн жүжигчин маань ахлах ангидаа нас биед хүрсэн бүсгүй шиг харагддаг байж.
Түүний гэр бүл орлого багатай байсан тул охин гэр бүлээсээ нууцаар насанд хүрэгчдэд зориулсан сэтгүүлд зургаа авахуулж мөнгө олдог байжээ. Нэг удаа энэ нууц нь ил болсноор сургуулиасаа хөөгдөх асуудал ч үүсэж байсан байна.
Орнелла (тэр үед Франческа нэртэй байсан) анх санамсаргүй байдлаар зураг авалтын газар иржээ. Түүний эгч Клаудиа жүжигчин болохыг хүсдэг байсан ба өөрийн дүүгээ хань татаж дагуулж явсан аж.
Найруулагч Дамиано Дамиани Орнеллаг анзаарч өөрийн "Хамгийн үзэсгэлэнтэй эхнэр" киноныхоо гол дүрд тоглуулсан бөгөөд охинд Орнелла Мути гэх шинэ нэрийг өгсөн аж. Ингэж 14 настай охин өөрийн жүжигчний замналаа эхлүүлсэн байна.
Энэ хугацаанд Орнелла бие давхар болсон ч хүүхдийн эцэг нь түүнийг хаяж, ор сураггүй алга болжээ.
Хэдэн жилийн дараа өөрийн анхны киноны хамтрагч болох Алессио Орано гэх залуутай тэрээр гэрлэсэн байна. Зартай царайлаг залуу хүүхэдтэйгээ хаягдсан 18 настай Орнеллагийн шархалсан зүрхийг дэвтээх мэт болсон ажээ.
Амжилттай карьерын эхлэлийг тавьсан тэрбээр олон киноны гол дүрийг амилуулж байсан бөгөөд тэр тусмаа инээдмийн киноны "хатан хаан"-аар тодорч байв.
Нэгэн хэвийн байдлаас залхсан тэрбээр танил найруулагч болох Марко Феррери-гийн "Сүүлчийн эмэгтэй" драмын төрлийн кинонд тоглож өөрийгөө ямар ч дүрийг гайхалтай бүтээж чадна гэдгээ харуулсан юм.
20-иод насандаа бүсгүй "Зөрүүд эрийг номхотгосон нь" кинондоо тоглосноор чамгүй их амжилтыг олсон бөгөөд Италийн нэрт жүжигчид болох Софи Лорен, Жина Лоллобрижи нартай адил төвшинд очсон юм.
Орнелло Мути болон Адриано Челентано нарын мэргэжлийн холбоо нь сүүлдээ хайр сэтгэлийнх болж хувирсан ба ухаангүй дурласан Орнелла өөрийн нөхөр Алессио Ораногоос салсан ч Челентано гэр бүлээ авч үлдэж, залуу бүсгүйтэй холбогдсон харилцаандаа цэг тавихыг хүсчээ.
Энэ явдлын дараа найруулагч Марко Феррери жүжигчин бүсгүйд өөрийн шинэ кинонд тоглох санал тавьснаар Орнелла удаан гуниглах завгүй болов. Гэвч удалгүй Феррери, Орнелла нар муудалцаж, найруулагч Ханна Шигулли хэмээх залуу жүжигчнийг оронд нь авав.
Орнеллагийн дараагийн сонгосон залуу нь эелдэг, дэгжин продюсер Федерико Факчинетти байв. Энэ гэрлэлтээр тэд хоёр хүүхэдтэй болж, жүжигчин бүсгүйд эцэст нь эмэгтэй хүний жинхэнэ жаргалыг олж авсан юм шиг санагдаж эхлэв.
Орнелла нөхрийнхөө тоо томшгүй нууц амраг, мөрийтэй тоглоомын өр, санхүүгийн луйврын талаар цуурхалд итгэдэггүй байв. Гэхдээ үнэн ил болж түүний нөхөр их хэмжээний өрөнд орсны дараа Орнеллагаас өрийг нь төлж өгөхийг хүссэн байна. Хэдийгээр бүсгүй түүний хүсэлтийг биелүүлсэн боловч Факкинетти хэсэг хугацааны дараа луйвар хийснийхээ төлөө шоронд оржээ.
Орнеллад болж өнгөрсөн зүйлд гутрах цаг зав байсангүй. Тэрбээр дэлхий даяар аялан кино зураг авалтад оролцож "Казанова", "Оскар", "Монте-Кристо гүн" кинонуудад дүрээ мөнхөлж байв. Үүнээс гадна түүний том охин хүүхэд төрүүлж дэлхийн хамгийн халуухан эмээ болсон байна.
Бүсгүйн дараагийн сонголтоор залуухан гоо сайхны мэс засалч тодорсон ч удалгүй түүнийг Францын бизнесмен залуугаар сольсон ба тэдний харилцаа 2018 он хүртэл үргэлжилсэн юм. Орнелла энэ хооронд дэлхийн олон оронд салбар бүхий өөрийн үнэт эдлэлийн дэлгүүрээ нээн бизнес эрхэлжээ.
Алдартай жүжигчин бүсгүйн тухай хэл ам одоог хүртэл явсаар байдаг. Сүүлд түүнийг Оросын иргэншилтэй болох гэж байгаа гэсэн цуу яриа гарсан.
Нас тогтсон ч Орнелла Мутти одоог хүртэл эмэгтэй хүний гоо үзэсгэлэнгийн үлгэр жишээ хэвээр байгаа юм.
Эх сурвалж: fishki