Хамгийн сонирхолтой шалтгаанаар хоосорч үлдсэн дэлхийн 10 хот

Монголчуудын нэрлэж заншсанаар балгас буюу хаягдмал хот суурин дэлхийн өнцөг булан бүрд байдаг. Нэг талаас аймшигтай, нөгөө талаас сонирхол татахуйц. Эдийн засгийн уналт, дайн, байгалийн гамшиг гэх мэт зүйлээс болж тухайн хот суурин сүнслэг, эзэнгүй болох магадлал өндөртэй. Балгасыг дагаад сүнс, хий үзэгдлүүдийн тухай цуу яриа хүмүүсийн дунд түгээмэл байдаг. Ингээд бид танд дэлхийн өнцөг булан бүрд орших "сүнстэй" хотуудын талаар хүргэе. Зарим газар нь хүн орохыг хориглосон бол заримыг нь цэцэрлэгт хүрээлэн, жуулчдын заавал очиж үзэх ёстой газрын нэг болгожээ.

Хамгийн сонирхолтой шалтгаанаар хоосорч үлдсэн дэлхийн 10 хот

1 Крако, Итали

Энэхүү газарт МЭӨ 540 онд грекүүд Метапонто хотоос ирж суурьшсан бөгөөд тухайн үед уг газрыг Монтедоро хэмээн нэрлэж байжээ. Нэг зууны турш энэхүү газар хүн суурьшиж, их сургууль оршин тогтнож, байшин барилга хүртэл баригдаж байсан. Харин 1656 онд халдварт тахал өвчнөөс болж, хүн амын тоо 100 дахин багассан аж. 

Хэсэг хугацааны дараа хөдөө аж ахуй эрхлэх боломжгүй болсон учир бага багаар энэхүү хот сүйрч эхэлсэн бөгөөд 1892-1922 оны хооронд хотын ихэнх иргэд Хойд Америк руу нүүсэн байна. 1963 онд хүчтэй хөрсний нуралт болсноор үлдсэн иргэдийг нүүлгэн шилжүүлэх хэрэгтэй болжээ.  1980 оны газар хөдлөлтөөс хойш Крако хотод хүн амьдрахаа больсон хаягдмал газруудын нэг болсон аж. Харин одоо энэхүү газар түүхэн дурсгалт газруудын нэг болж, жуулчдын анхаарлыг маш ихээр татаж байгаа юм. Дашрамд дурдахад “Quantum of Solace”, “The Passion of the Christ” зэрэг киноны зураг авалтыг Кракод хийсэн.

Крако, Итали

2 Боди, Калифорни, АНУ

19-р зууны үед алтны хайгуулчид энэхүү хотод алтны уурхай олсноор Боди хот эрчимтэй хөгжиж эхэлсэн байна. Ийнхүү сэргэн мандалтын үед уг хот 5000-7000 оршин суугчтай, 2000 гаруй барилгатай байжээ. ХХ зууны эхэн үед хотын байдал доройтож эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар 110 барилгатай хаягдмал хот болсон юм.  Жуулчдын хувьд нээлттэй учир хүссэн үедээ энэхүү хотоор зугаалж, үлдсэн барилгын дотоод засал чимэглэлийг сонирхох боломжтой.

Боди, Калифорни, АНУ

3 Припять, Украин

Дэлхийн хамгийн алдартай сүнслэг хотуудын нэг Припять болов уу. Чернобылийн атом цахилгаан станцын үйл ажиллагааг дэмжихийн тулд 1970 онд энэхүү хотыг байгуулсан бөгөөд Чернобылийн атом цахилгаан дэлбэрсний маргааш буюу 1986 оны 4 сарын 27-нд Припять хотод 49360 иргэн байжээ.  Мэдээж, аймшигт ослоос хойш энэхүү хот сүнслэг хот болсон аж. Одоогийн байдлаар цацраг идэвхт бодисын хэмжээ багассан учир жуулчид уг хотыг зорьж очиж байгаа гэнэ.

Припять, Украин

4 Орадур-сюр-Глан, Франц

Францын төв хэсэгт орших Нувель-Аквитанийн ойролцоо байрлах хаягдсан тосгон бол Орадур-сюр-Глан юм. Нацистууд тосгоны 642 иргэний амийг хороосноор 1944 оны зургадугаар сарын 10-нд энэхүү тосгон сүйрсэн аж.  Тосгоны бүх иргэдийн дундаас 30 хүн азаар амьд гарч чаджээ. Адольф Дикман удирдагчтай нацистууд тосгоны бүх эрчүүдийг амбаарт цуглуулж байгаад буудаж, эцэст нь шатаажээ. Хүүхэд болон эмэгтэйчүүдийг сүмд хорьж шатаасан байна. Шатаж буй барилгаас зугтах гэж оролдсон хүмүүсийг газар дээр нь буудаж байсан гэнэ. Аймшигт дайны дараа тухайн үеийн Францын ерөнхийлөгч Шарль де Голль энэхүү тосгоныг нас барагсдын дурсгалыг хүндэтгэсэн газар болгох ёстой гэж үзсэн бөгөөд хажууханд нь ижил нэртэй шинэ тосгоныг байгуулжээ.

Орадур-сюр-Глан, Франц

5 Вароша дүүрэг, Фамагуста хот, Кипр

Киприйн Фамагуста хотын өмнө зүгт орших Вароша хаягдмал дүүрэг нь 1970 оны эхэн үед Кипр дахь жуулчдын анхаарлыг татсан хамгийн чухал хотуудын нэг байжээ. Ингээд энэхүү дүүрэгт төрөл бүрийн байшин барилга баригдаж, жуулчдад зориулсан төрөл бүрийн сонирхолтой газрууд нээгдэж байсан юм. 

Вароша хотын хөгжлийн оргил үед энэхүү газар Элизабет Тейлор, Ричард Бертон болон Брижит Бардо нар хүртэл ирсэн байна.  Гэвч 1974 онд Туркийн дайчид Варошаг эзэлж авснаар бүх зүйл өөрчлөгдсөн юм. Варошигийн иргэд газар нутгаасаа зугтаж, харин дүүрэг Туркийн зэвсэгт хүчний хяналтад үлдсэн байна. Одоог хүртэл Вароша дүүрэгрүү орох хориотой байгаа аж.

Вароша дүүрэг, Фамагуста хот, Кипр

6 Гарнет, Монтана, АНУ

Гарнет бол 1860 оны үед баригдсан АНУ-ын уурхайн хотуудын нэг. 1898 оны үед энэхүү хот 1000 орчим оршин суугчтай байжээ. Алтны нөөц дууссанаар Гарнет хот нь хаягдмал хотуудын нэг болсон бөгөөд 1912 онд галын аюулд өртсөн боловч Монтана мужийн хамгийн сайхнаараа хадгалагдсан сүнслэг хотуудын нэг аж. Энэхүү хотод жил бүр 16000 орчим жуулчин ирдэг байна.

Гарнет, Монтана, АНУ

7 Хашима арал, Япон

Хашима нь Гунканжима гэх нэрээрээ алдартай бөгөөд Нагасаки хотоос 15 км-ийн зайд оршдог. 19-р зууны эхэн үед арал дээрээс нүүрс олж илрүүлсэн бөгөөд 80 жилийн дараа 1887 онд нүүрсний уурхай байгуулжээ. Хасима арал дээр 1959 онд хамгийн их хүн суурьшиж байсан ба нийт 5259 орчим хүн амьдарч байжээ.  1974 онд нүүрсний нөөц дуусаж, уурхай хаагдаж, иргэд Хашима арлыг орхин явсан аж. 2000 оныг хүртэл уг арал ''мартагдсан'' хэвээр байж, 2009 онд сэргээн босголт хийж, жуулчдыг оруулах болжээ. 2015 онд ЮНЕСКО-гийн өв хөрөнгийн тоонд багтсан гэнэ.

Хашима арал, Япон

8 Кенникотт, Аляск, АНУ

Кенникотт нь хэд хэдэн зэсийн уурхайг холбосон төв цэг байжээ. 1900 оны үед 70% хүртэл халькоцит агуулсан зэсийн хүдрийн нөөц энэхүү хотод байгааг олж илрүүлсэн бөгөөд яг энэ үед зэс ашиг тустай металл гэдгээрээ асар их үнэд хүрч байсан юм. Тиймээс зуу зуун иргэд долоо хоногийн долоон өдөр зэс олборлохын тулд Кенникоттыг зорих болжээ. 1909-1938 оны хооронд Кенникоттын зэсийн уурхайгаас 4,6 сая тонн хүдэр олборлосон бөгөөд энэ нь 100 гаруй сая долларын ашигтай байсан байна. 1930-аад оны үед чанартай хүдрийн нөөц дууссанаар таван уурхай ар араасаа хаалгаа барьжээ.  1938 оны 11-р сарын 10-ны өдөр хамгийн сүүлийн галт тэрэг Кенникоттоос хөдөлж, сүнслэг хотын тоо нэгээр нэмэгдэв.

Кенникотт, Аляск, АНУ

9 Колманскоп, Намиб

1908 онд Намибийн өмнөд хэсэгт, худалдааны Людериц хотоос 10 км-ийн зайд орших нэгэн газарт төмөр замын ажилтан очир эрдэнэ олсон бөгөөд үүнийгээ германы төмөр замын шинжээч, өөрийн дарга Август Штаухт харуулсан байна. Ингээд Германы уурхайчид очир эрдэнэ олборлохоор Колманскопыг зорих болжээ. Тэд өөрсөддөө зориулж эмнэлэг, бүжгийн танхим, цахилгаан станц, сургууль, театр, фитнес, казино, мөс үйлдвэрлэх үйлдвэрийг байгуулсан байна. Үүнээс гадна Өмнөд хагас бөмбөрцгийн хамгийн анхны рентген станцыг байгуулжээ. Дэлхийн Хоёрдугаар дайны дараа очир эрдэний нөөц дуусаж, хүмүүс хотыг орхих болсон гэнэ. 1956 оноос хойш энэхүү хот хүнгүй болсон бөгөөд одоо жуулчид л хааяа ирдэг байна. Хотод орохын тулд тусгай зөвшөөрөл авах шаардлагатай.

Колманскоп, Намиб

10 Дханушкоди, Энэтхэг

Өмнө нь Дханушкоди нь инээд хөөр, аз жаргалаар дүүрэн Энэтхэгийн нэгэн хот байжээ. Хүмүүс хүссэн үедээ галт тэргээр энэхүү хотод ирж Лаккадивын далай болон Палк тохойн үзэсгэлэн харах боломжтой байсан. Гэвч 1964 оны Арван хоёрдугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө хот Рамсварам шуурганд өртсөн байна. Салхины хурд 280 км\цаг, далайн давалгааны өндөр 7 метр хүрсэн бөгөөд энэхүү байгалийн гамшигт үзэгдлээс болж 1800 хүн амь насаа алджээ. Хотыг дахин ашиглах боломжгүй байсан учир амьд үлдсэн иргэд хотыг орхиж явсан байна. Харин одоо жуулчид Дханушкодиг зорьж очдог аж.

Дханушкоди, Энэтхэг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()