Шинэ коронавирус нь бусад амьсгалын замын халдварт өвчнүүдийн нэгэн адилаар хүнээс хүнд дамжин халдварладаг. Өөрөөр хэлбэл ханиаж найтааж байгаа хүнтэй ойрхон байх, вирусээр халдварлагдсан гадаргууд хүрэх, бохирдсон гараараа нүд, ам зэрэг гадны нян бактер амархан орох хэсгүүдэд хүрснээр халдвар авна гэсэн үг. Ханиаж найтааж байгаа хүнээс хол байж өөрийгөө хамгаалах боломжтой ч вирустэй гадаргууг бид ялгаж чадахгүй шүү дээ.
Хүн бүр нүүрэндээ гараа хүргэдэг зуршилтай
2008 онд хийгдсэн судалгаагаар оффисын 10 ажилтанд 3 цагийн турш ажиглалт хийхэд тэд дунджаар 16 удаа нүүрэндээ хүрч байсан байна. Мөн 2015 онд Австралийн нэгэн их сургуулийн анагаахын ангийн 26 оюутанд хөндлөнгийн ажиглалт хийж, тэд цаг тутамд 26 удаа нүүрэндээ хүрч буйг тогтоожээ. Хүний нүүрний талаас илүү хувь нь тодруулбал ам, хамар, нүд зэргээр дамжин биед бактери орох өндөр эрсдэл дагуулдаг. Үүнийг сайтар мэддэг эмнэлгийн ажилтнууд хүртэл 2 цаг тутамд дунджаар 19 удаа нүүрэндээ өөрийн мэдэлгүй гараа хүргэдэг байна. Завгүй ажиллах үедээ хүмүүс хөлөө сэгсрэх, биеэрээ ганхах зэрэг хөдөлгөөн хийдэг бол хурал уулзалт, утсаар ярих, төвлөрөх гэж оролдох, эргэцүүлж бодох үедээ нүүрэндээ хүрэх зуршил их байдаг аж.
Хамгийн чухал нь гараа угаах
Корона вирусийн тархалт дэлхий даяар хүчээ авч байгаа өнөө үед эрүүл мэндийн байгууллагууд ард иргэдийг дор хаяж 20 секундийн турш гараа угааж байхыг зөвлөх болсон. Гэхдээ нүүрэндээ гараа хүргэхгүй байснаар л энэ арга бүрэн утгаараа тусаа өгөх юм. АНУ-ын Өвчний Хяналт, Сэргийлэлтийн Төвийн мэдээлж байгаагаар дараах 5 алхмаар гараа угаавал өндөр үр дүнтэй аж.
- Норгох
- Хөөсрүүлэх
- Үрэх
- Зайлах
- Хатаах
Гэхдээ энэ бол засаж болох зуршил юм.
"Northwestern Medicine Huntley" эмнэлгийн клиник сэтгэл судлаач Закари Сикора коронавирусийн дэгдэлтийн энэ үед нүүрэндээ гараа хүргэх зуршлаас хэрхэн ангижрах тухай зааварчилгаа хүргүүлжээ. Тэрээр "Гараа нүүрэндээ хүргэж болохгүй гэдгийг цаг ямагт санаж бай. Хэсэгхээн завсарлага авахад гараараа юу хийж байгаагаа хянаж болно" гэжээ. Түүнчлэн үүнийг цаасан дээр бичээд нүдэнд ил харагдах хэсгүүдэд наа. Ингэснээр гараа нүүрнээсээ хол байлгах ёстойг санах болно. Бас гараа тогтмол завгүй байлга. Зурагт үзэж байгаа бол угаасан хувцсаа индүүдэх, и-мэйл хаягаа шалгах эсвэл гартаа ямар нэг зүйл барьж суу. Үүнээс гадна анхилам эсвэл хурц үнэртэй гарын тос, гар ариутгагч гартаа түрхэж энэ үнэрээр гараа хаана байгааг анзаарснаар өөрийн мэдэлгүй нүүрэндээ хүргэхээ болино. Мөн гадуур гарахдаа үргэлж бээлийгээ өмсөж байх нь бохир гадаргууд хүрэх эрсдэлээс сэргийлэх хамгийн чухал алхам юм.
Дахин сануулахад, нүд хамар ам зэрэг эрхтнүүд нь төрөл бүрийн халдварт өвчний вирус хүний биед дамжин орох хамгийн гол суваг болдог. Халдвартай гадаргууд гараа хүргэж, дараа нь нүүрэндээ хүрэхэд л халдвар дамжина. Гараа хичнээн удаа угаасан ч өөрийнхөө биед вирус оруулахаас хамгаалж чадахгүй учир хамгийн гол нь гараа нүүрэндээ хүргэхгүй байх тал дээр анхаарах шаардлагатай. Иймд уулзалтын үед гараа өвдөг дээрээ тавих, ариутгагч бодис эсвэл хурц үнэртэй тос түрхэн гараа хаана байгааг хянах зэргээр энэхүү нүүрэндээ гараа хүргэх зуршлаас ангиржирч, халвдварт өвчнөөс сэргийлэхийг мэргэжилтнүүд зөвлөж байна.