"Зөвлөлтийн хамгийн том алдаа" - Арал тэнгисийн гашуун түүх

Арал нуур буюу хүмүүсийн нэрэлдгээр Арал тэнгис нь Төв Азид, Казахстан, Узбекистаны хилийн дагуу байрладаг, гадагшаа урсгалгүй нуур юм. 1960 оноос усны төвшин огцом багасаж эхэлсэн бөгөөд энэ нь уг нуурт цутгах Амударья, Сырдарьяа мөрний усыг газар тариаланд ихээр хэрэглэх болсноос шалтгаалсан байна. Усны хэт их хэрэглээнээс үүдэн нэгэн цагт далай мэт байсан Арал нуур хоосон цөл болон хувирчээ. 

"Зөвлөлтийн хамгийн том алдаа" - Арал тэнгисийн гашуун түүх

1. Одоогоор нуурын хэмжээ өмнөх эргээс 100 км хэмжээтэй татарсан байна.

2. Аралд цутгах Амударья, Сырдарьяа мөрөн нь уг нуурыг тэтгэх үндсэн эх үүсвэр бөгөөд олон мянган жилийн турш голын урсгал өөрчлөгдөн нуурын хажуугаар урсдаг болох үед Арал тэнгисийн ус татарч, мөрөн хуучин гольдролдоо ороход нуур эргэн сэргэдэг байв.

Аральск боомт, 1960-аад он

3. Хөвөн болон будааны тариалалтад зориулж энэ хоёр голоос их хэмжээний ус авч байгаагаас болж нууранд цутгах усны хэмжээ багасан, нуурын эзлэх талбай ч төдий хэмжээгээр багассаар байна. Бороо цас зэрэг тунадас, гүний уснаас авах усны хэмжээ нь уурших үеийн алдагдлыг ч нөхөж чадахгүй учир нуур ийнхүү ширгэж, давслаг чанар нь ч нэмэгдсээр байгаа юм. 

1970-аад он

4. 1980-аад оны сүүлээр нуурын ус маш их багассанаас нуур хоёр хэсэг болон хуваагдаж хойд талын Жижиг Арал, өмнөд талын Их Арал хэмээх нэртэй болжээ. 2007 онд өмнөд хэсэг нь гүн баруун хэсэг, гүехэн зүүн хэсэг гэсэн байдлаар ялгагдаж эхэлсэн байдаг. Их Аралын хэмжээ  708 км/куб байгаад 75 км/ куб болж багассан ба давсны хэмжээ нь 14-100 г/л болж нэмэгджээ.

5. ЗХУ задарч нуур шинээр бий болсон Казахстан, Узбекистаных гэж хуваагдсанаар энэ нуур луу Сибирийн их голоос хоолой татах том төлөвлөгөө зогсонги байдалд орж, үлдэн хоцорсон, улам бүр багасаж байгаа усны нөөцийн төлөөх өрсөлдөөн ширүүсэж байна.

6. Сибириэс ус татах ажил зогссонд баярлах хэрэгтэй ба энэ төсөл нь цаашдаа ямар сүйрэл авчрах байсныг хэн ч мэдэхгүй билээ.

7. Сырдарьяа, Амударья мөрөнд хаягдсан хог хаягдал, хөдөө аж ахуйн хортой бодис нь нуур байгаад ил гарсан, давсаар хучигдан үлдсэн 54 мянган кв/км газарт тархан байгаа юм.

8. Салхи шуурга босох үед давс, тоос, хорт бодис агаарт хөөрч 500 км хүртэл газар тарах ба натрийн бикарбонат, натрийн хлор, натрийн сульфат зэрэг бодис агаараар тархаж, орчин тойрны байгаль орчин, ургамал, хөдөө аж ахуйн газар тариалангийн ургацад муугаар нөлөөлж байгаа билээ. Нутгийн ардууд янз бүрийн өвчин зовлон ихээр тусаж байгаагаас улаан хоолойн, ходоодны хорт хавдар, цус багадалт, гэдэсний өвчин голлоно. Мөн бөөрний болон нүдний өвчин сүүлийн үед ихээр гарах болсон байна.

9. Арал тэнгис ширгэж байгаа нь их хэмжээний хортой үр дагавартай нь тодорхой. Цутган ирэх голын ус багассанаар урьд өмнө болдог байсан хаврын үерээр Амударьяа, Сырдарьяа мөрний бүс дэх газар орныг цэвэр усаар хангадаг байсан байдал үгүй болжээ. Энэ нууранд 32 төрлийн загас амьтан байсан бол одоо 6 төрөл л байгаа бөгөөд энэ нь усны давслаг чанар хэт их болсон, хоол хүнс нь ховордсонтой холбоотой юм.

10. 1960-аад оны үед эндээс жилд 40 тонн загас барьж байсан бол 1980-аад оны дундаас энэ ажил зогсож 60 000 ажлын байр үгүй болжээ. Тэр үед Арал тэнгист  1970-аад оны үед авчирч нутаглуулсан давстай усанд зохицон амьдрах чадвартай хар тэнгисийн камбала загас үлдсэн бол 2003 онд Их Аралд энэ загас ч үгүй болсон нь нуурын усны давсны хэмжээ 70г/л буюу уг загасны амьдрах боломжит хэмжээнээс 2-4 дахин хэтэрсэнтэй холбоотой юм.

11. Аральск хотоос Муйнак хотын хооронд хийдэг байсан усан тээвэр нь ийм ажил үйлчилгээ эрхлэхэд шаардлагатай урт далан хоолой хийх зэрэг маш их зардал шаарддаг ажлын улмаас зогсжээ. Усны төвшин багасахын хэрээр нуурын эрэг орчмын газрын цөлжилт мөн нэмэгдсэн байна.

12. 1990-ээд оны дундаас нуурын эрэг орчмын өвс ногоо байхгүй болж хуурай, цөлөрхөг газар ургах жижиг ургамал зонхилох болсон бөгөөд энэ орчинд нутагладаг байсан шувуу болон бусад амьтдын тал нь устан үгүй болсон байна. Анхны эргээс 100 км орчим газруудад цаг агаарын байдал өөрчлөгдөн зундаа халуун, өвөлдөө хүйтэн, агаарын чийгшил багассан (үүнээс болж хур тунадас ч бас багассан) зэргээс болж  ган гачиг болох нь нэмэгджээ.

13. Хуучин эрэг байсан газар хэнд ч хэрэггүй болсон усан онгоц, завины үлдэгдэл олноор бий болжээ.

14. Хэдийгээр асар их ус цуглуулах боломжтой ай сав боловч гаднаас, хэд хэдэн улсын нутгаар дамжин ирэх Амударьяа болон Сырдарьяа мөрний ус багассанаар олон төрлийн ан амьтан, ургамал устсан байна. 

15. Аралын тэнгисийг эргэн сэргээх боломжгүй ба үүний тулд хоёр мөрнөөс ирэх усны хэмжээ болох өнөөгийн 13 км/кв  гэсэн тоог 4 дахин нэмэгдүүлэх шаардлагатай. Ийм хэмжээнд хүргэхийн тулд газар тариаланд хэрэглэх зорилгоор татан авах усыг (92%) багасгах хэрэгтэй болно. Гэтэл энэ нуурын сав газарт байх 5 улсын 4 нь (Казахстанаас бусад нь) газар тариалангаа өргөжүүлэх зорилготой байгаа.

16. Энэ нөхцөлд хөвөн тариаланг өөр тариалалтаар солих хэрэгтэй боловч ус хамгийн ихээр хэрэглэдэг Узбекистан, Туркменистан улс нь харин ч хөвөн тариалалтаа нэмэгдүүлж гадаадад экспортлох сонирхолтой байна. Мөн нуурт цутгах усан сувгуудыг сайжруулан засаж болох ба одоо эдгээр сувгууд нь жирийн нэг гуу төдий, ханаар нь дамжин их хэмжээний ус элсэнд орон алга болж байгаа юм. Энэ бүх системийг шинэчилсэн нөхцөлд жилд 12 км/куб усыг хэмнэх боломжтой ч үүнд зарцуулах зардлын хэмжээ нь 16 тэрбум ам доллар болно.

Гэхдээ Арал тэнгисийн түүхээс харахад нуур хатаж ширгэсэн ч эргэн нөхөн сэргэж байсан үе бий. 

17. Арал тэнгисийн усны төвшин их хэмжээгээр хэлбэлзэж байсан үе олон бий. Ил гарч ирсэн нуурын ёроолоос урьд өмнө энд ургаж байсан модны үлдэгдлийг олсон байдаг ба кайнозойн эринд (21 сая жилийн өмнө) Арал тэнгис нь Каспын тэнгистэй нэгдсэн нэг тэнгис байжээ. 1573 он хүртэл Амударьяа мөрөн Каспын тэнгист, харин Тургай гол Арал тэнгист цутгадаг байв. 1800 жилийн өмнө Грекийн эрдэмтэн Клавдий Птолемейн хийсэн газрын зурагт Аралын болон Каспын тэнгисийг харж болох бөгөөд энэ зураг дээр Каспийн тэнгист Зарафшан болон Амударья голууд ирж нийлдэг байсан байна.

18. 16-р зууны сүүл, 17-р зуун эхэн үеэр нуурын ус багасаж Барсакельмес, Каскакулан, Козжетпес, Уялы, Бийиктау, Возрождения зэрэг арлууд ил гарч ирсэн байна. Жанадарья гол 1819 оноос, Куандарья гол 1823 оноос Арал тэнгист цутгахаа больжээ. Системтэй ажиглалт хийж эхэлсэн цагаас (19-р зуун) хойш 20-р зууны дунд үе хүртэл уг нуурын усны төвшин бараг өөрчлөгдөөгүй бөгөөд 1950 аад онд Арал тэнгис нь дэлхийн 4 дэх том нуур гэж тооцогдсон, 68 мянган км/кв хэмжээтэй, 426 км урттай, 284 м өргөн, хамгийн их гүн нь 68 метр байв.

19. 1930 аад оноос янз бүрийн далан шуудуу татаж эхэлсэн бол 1960-аад оноос энэ нь бүр эрчимжсэн учир нуурын ус багасаж, нуурт цутгах голын усыг газар тариаланд хэрэглэх нь эрс нэмэгджээ. 1960-1990 оны хооронд энэ бүсийн усалгаатай газрын хэмжээ 4,5 саяас 7 сая га болж өссөн, аж ахуйн хэрэгцээт усны хэмжээ 60-120 км/куб нэмэгдсэний 90% нь усалгааны зориулалттай байв.

20. 1961 оноос нуурын усны төвшин багасах хурд 20см/жил байснаа 80-90 см/жил болон нэмэгджээ. 1970 он хүртэл энэ нууранд 34 төрлийн загас байсны 20-ийг хүнсэнд хэрэглэдэг байсан бөгөөд 1946 онд эндээс 23 мянган тонн загас агнуур хийж байсан нь 1980 онд 60 мянган тонн болж өссөн байна. Арал тэнгисийн Казахстаны хэсэгт 5 загас боловсруулах үйлдвэр, 1 загас нөөшлөх үйлдвэр, 45 загас хүлээн авах төв байдаг бол Узбекистаны хэсэгт 5 загасны үйлдвэр, 1 загас нөөшлөх үйлдвэр, 20 загас хүлээн авах төв байжээ.

21. Нуурын ус татарснаар 54 мянган кв/км хуурай ёроол ил гарч ирсэн ба энэ нь давсаар хучигдсан төдийгүй зарим газар нь урьд өмнө газар тариаланд хэрэглэж байсан хорт бодисоор бүрхэгдсэн байна.

22. Возрождения аралтай холбоотой бас нэгэн хачирхалтай бэрхшээл бий. Энэ арал нуурын төв хэсэгт байх үед ЗХУ энд бактериологийн зэвсгийн туршилтын талбай хийж, янз бүрийн хорт бодис, вирус, халдварт өвчнийг морь, сармагчин, хонь, илжиг болон бусад амьтан дээр туршиж байжээ. 2001 онд усны төвшин багассанаар уг арал нь хуурай газартай холбогдсон ба туршилтын дараа амьд үлдсэн байх магадлалтай янз бүрийн аюултай микро организм нь мэрэгч амьтдаар дамжин бусад бүсэд аюул тараах магадлалтай хэмээн шинжээчид айж байгаа юм.

23. Арал тэнгисийн энэ харамсалтай түүх дэлхийн бусад том усны ай савуудад давтагдаж эхэлж байгаа ба Төв Африкийн Чад нуур, АНУ-ын Калифорни мужийн Солтон-Си нуур зэргийг энд дурдаж болох юм.   

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()