1
Яагаад дотор эвгүйрхдэг вэ?
Автомашин ихэнх хүмүүсийн хувьд өдөр тутмын хэрэглээ байдаг учраас дотор эвгүйрхэх нь жинхэнэ асуудал болдог. Хөдөлгөөнд мэдрэмтгий байдал нь биед тавгүй мэдрэмж үүсгэж, зарим хүмүүсийг дотор муухай оргиход хүргэдэг байна. Хөдөлгөөнд мэдрэмтгий байдлыг тайлбарласан орчлон ертөнцийн хууль байхгүй ч, хүний харж байгаа, мэдэрч байгаа зүйлийн хооронд ялгаа үүсэж, мэдрэхүйн ухамсарт тэнцвэртэй бус байдал үүссэнээр дотор муухайрах, бөөлжих, царай цонхийх, хөлрөх, гэдэс эвгүйрхэх, огих зэрэг нөлөө үүсдэг гэж тайлбарлаж болно.
Хөдөлгөөн, тэнцвэрийн мэдрэмж төв мэдрэлийн тогтолцоонд хөдөлгөөний дохиог илгээж байхад, харааны тогтолцоо таныг хөдөлгөөнгүй байгаа гэсэн мэдээллийг илгээж байгаа юм. Харин тэнцвэрийн тогтолцоо энэ бүгдийг зохицуулах үүрэгтэй байдаг. Гэтэл тархинд хоорондоо ялгаатай мэдээлэл очсоноор юу болоод байгааг ойлгохгүй байдалд хүрнэ. Дээрх үйл явцын адилаар таны харж, мэдэрч байгаа зүйлс ялгаатай байгаа учраас кино театрт кино үзэж байгаа зарим хүмүүст дээрхтэй адил нөлөө үзүүлдэг байна. Хүний тархи уялдаа холбоо бүхий мэдээллийг нэгтгэхээр хичээж байхад мэдрэмжээс эсрэг тэсрэг мэдээлэл ирээд байвал төвөгтэй байдал үүснэ шүү дээ.
2
Зарим хүмүүс бусдаас илүү хөдөлгөөнд мэдрэг байдаг
Дээрх онолоос харвал хүн бүр хөдөлгөөнд мэдрэг байж болох ч толгой нь таллаж өвддөг хүмүүс хөдөлгөөнд илүү эмзэг байдаг нь тогтоогджээ. Хөдөлгөөний улмаас дотор эвгүйрхэх нь тархи таллаж өвдөх өвчний шинж тэмдэгтэй ижил байгаа юм.
Сонирхолтой мэдээ дуулгахад 2 нас хүртэлх хүүхдүүдийн төв мэдрэлийн тогтолцоо бүрэн бүрэлдээгүй байдаг учраас толгой эргэх гэсэн асуудал бараг байдаггүй байна. Гэвч 2-оос дээш насны хүүхдүүд 12 нас хүртлээ насанд хүрсэн хүнээс илүүтэй дотор эвгүйрхэх мэдрэмжийг мэдэрдэг ажээ. Нөгөө талаар нохой ч бас хөдөлгөөн, стресс, тухгүй байдлаас болоод дотор нь эвгүйрхдэг байна.
Явж байгаа машин дотор ном унших, гар утсаа оролдох зэрэг өөр үйлдэл хийх нь бөөлжис цутгах мэдрэмжийг илүү төрүүлдэг ажээ. Харин жолооч байнга идэвхтэй үйлдэл хийж, мэдрэхүйн хүлээж авч байгаа мэдээлэл нь уялдаа холбоотой байдаг учраас дотор нь эвгүйрхдэггүй байна.
3
Хэрхэн тэмцэх вэ?
Дотор эвгүйрхэх шинж тэмдгүүд гэнэт илэрч, автомашин эсвэл зорчиж буй бусад тээврийн хэрэгсэл зогсох үед багасдаг. Хэрвээ та хөдөлгөөнд мэдрэг бол дараах зөвлөгөөг дагаарай:
- Автомашинд зорчиж байгаа үед урд суудалд суух, эсвэл цонхны дэргэд суух
- Тэнгэрийн хаяаг ширтэж явах
- Тамхи татахгүй байх, тамхи татаж байгаа хүмүүсээс хол суух
- Толгойгоо их хөдөлгөхгүй байх, толгой эргэж эхэлвэл түшлэгээ налах
- Хүнд төрлийн хоол бүү ид. Жигнэмэг гэх мэт хөнгөн зүйл идэж, бага багаар ус уух
- Архи гэх мэт хүчтэй үнэртэй зүйлсээс хол байх
- Цагаан гаа агуулсан хүнс идвэл бөөлжис цутгах мэдрэмжийг багасгадаг
- Аялахаасаа дор хаяж 30 минутын өмнө харшлын эм уух. Гэхдээ хэтрүүлж хэргэлвэл нойрмоглох учраас эхлээд эмчээс зөвлөгөө аваарай.