1
Зөгий байхгүй бол цэцэгс болон хоол хүнс үгүй болно
Хүрээлэн буй орчныг хамгаалах "Earthwatch" байгууллага зөгийг манай гаригийн хамгийн чухал амьд биет хэмээн тодорхойлсон байна. Зөгийн бал бий болгохоос гадна хамгийн гол тоос хүртээгч амьтан бөгөөд ургамлын үр, жимс түгээх байгалийн үйл явцын гол тулгуур ажээ. Тоос хүртээх үйл явцгүйгээр дэлхийн хөдөө аж ахуйн ургац 30 хувиар багасаж, цэцэгт ургамлуудын 90 хувь нь устаж үгүй болох юм.
Хүн төрөлхтний хоол хүнс, биологийн төрөл зүйлийн гол түлхүүр болсон энэхүү шавьжны тоо толгой сүүлийн 10 жилд 30%-иар буурч, зарим улс орнуудад устаж үгүй болох аюулд хүрээд байна. Ийнхүү тоо толгой нь цөөрч байгаа гол шалтгаан нь уур амьсгалын өөрчлөлт болон хөдөө аж ахуйн химийн бодисоос үүдэлтэй ажээ.
2
Жоом азотын эргэлтэд чухал нөлөөтэй
Хэд хэдэн шалтгааны улмаас хүмүүс жоомыг үзэж чаддаггүй. Гадаад төрхөөс гадна тэд нян тарааж, харшлын эх үүсвэр болдог. Гэхдээ дэлхий дээр оршин байгаа 3500 төрлийн жоомноос ердөө 20 төрөл зүйл нь хүмүүсийг ийнхүү залхаадаг байна. Хотын гадна бол жоом нь жижиг хөхтөн амьтад, шувууд, хэвлээр явагчийн хоол хүнсний эх сурвалж болдог ажээ. Үүнээс гадна задлагч бодис ялгаруулдаг ба ургамлын ургалтад чухал нөлөөтэй азот ялгаруулдаг байна. Тиймээс энэ шавьжгүйгээр ургамал, амьтны ертөнцийн экосистемийн тэнцвэртэй байдал алдагдана.
3
Шоргоолж үр тарааж, биологийн төрөл зүйлийн тархалтыг дэмждэг
Антарктидаас бусад бүх тивд тархсан, 1.000-10.000 тэрбум тоо толгой бүхий шоргоолж хэмээх шавьж устаж үгүй болно гэдэг бараг л боломжгүй мэт. Хөрсийг агааржуулах, хортон шимэгчийг устгах зэрэг олон төрлийн экологийн үүрэгтэй энэ шавьж устаж үгүй болвол хүн төрөлхтөнд маш олон асуудал тулгарна. 14,000 гаруй төрөл зүйлийн шоргоолж байдгаас зарим нь газарт унасан ургамлын үрийг тараах үүрэгтэй бол зарим нь тоос хүртээдэг. Үүнээс гадна шоргоолж идэшт баавгай болон бүр зарим хүмүүсийн хоол тэжээл болдог байна. Мөн ялзарч, үхэжсэн зүйлсээр хооллож, органик хог хаягдлыг цэвэрлэхэд чухал үүрэгтэй.
4
Ялаа үгүй бол шоколад үгүй
Ялаа бол хүмүүсийн хамгийн дургүй шавж. Бохирдол, өвчин тараадаг, бас залхмаар жингэнэсэн дуу нь унтахад хүртэл саад болдог шүү дээ. Гэвч тэд хүн төрөлхтний оршин тогтнолд олон эерэг нөлөө үзүүлдэг. Хэрэв ялаа үгүй бол сэг зэмүүд ялзарч муудна. Тэд элдэв үлдэгдэл, ялзралыг дахин боловсруулахад чухал нөлөөтэйгөөс гадна идэвхтэй тоос хүртээгчид юм. Жишээлбэл халуун орны хос далавчит ялаа нь шоколадны гол орц болох какаоны ургацад чухал нөлөөтэй байдаг.
5
Цох хорхой бол байгалийн дахин боловсруулагч
Дэлхий дээр 375.000 төрөл зүйлийн цох байдаг ба хамгийн олон төрөлтэй шавьж юм. Олон хүмүүс цохыг хортон шавьж гэж үздэгээс гадна тариа будааны ургацад сөргөөр нөлөөлдөг. Жишээлбэл нарсны урт хошуут цох болон холтны цох нь Мексик, Төв Америкийн нарсны ойн хамгийн хөнөөлтэй хортон шавжид тооцогддог байна. Гэхдээ бусад төрлийн цох олон эерэг нөлөөтэй. Шүрэн цох нь тариалангийн ургацад сөргөөр нөлөөлдөг ургамлын ширхгээр хооллодог. Харин хар цох нь өтөг бууцыг дахин боловсруулахад чухал үүрэгтэй ба тэд хөрсөнд булж, хөрсний бордоо бий болгодог. Тэдэнгүй бол ялгадас бөөгнөрч, үнэр нь ч тэвчихийн аргагүй байх байлаа.
6
Царцаа хөрсний эрүүл байдлыг хангадаг
Шөнө дунд уянгалаг чимээ гаргадаг царцаа, дэвхрэгүүд аюулд ороод байна. Олон улсын 150 эрдэмтэд нэгдэн 1082 төрөл зүйлийн царцаа дэвхрэгийн 25.7% нь устаж үгүй болох аюулд орсныг мэдэгджээ. Царцааны нутагладаг газарт тариалан тарих, хортонтой тэмцэх бодис зэргээс үүдэн ийнхүү аюулд ороод байна.
Энэхүү шулуун далавчит шавьж нь шувуу, хэвлээр явагч, бүр зарим хүмүүсийн хувьд хоол хүнсний эх сурвалж болдог. Царцаа нь уургаар баялаг, өөх тос агуулаагүй Мексикийн нэгэн хоолны төрөлд тооцогддог. Нөгөө талаар энэхүү шавж нь бэлчээрийн газрын эрүүл, био төрөлжсөн байдлыг хангадаг ажээ.
7
Аалз нь хортон шавьжаар хооллодог
Ямар ч хүн гэртээ аалз, аалзны тор байлгахыг хүсэхгүй байх. Олон хөлт амьтад яг ч шавж биш боловч хүмүүсийн тэвчдэггүй амьтдын нэг учраас энэ жагсаалтад орууллаа. Мөн тэд бидний хүрээлэн буй орчинд чухал нөлөөтэй байдаг. Аалзны ихэнх төрлүүд хүнд хор хөнөөлгүйгээс гадна хортон шавьж, бусад аалзнуудаар хооллож, экосистемд чухал үүрэг гүйцэтгэдэг. Хэрэв аалз үгүй болвол өвчин, нян тараадаг бусад шавжууд ямар ч хязгаарлалтгүйгээр тахал тараах бизээ.
Нэмэлт мэдээлэл: Шумуулын хувьд байдал өөр
Шумуул нь хүмүүсийн хувьд хамгийн аюултай шавьж юм. Тэд хумхаа, чичрэг, халуун хумхаа, Зика вирус зэрэг үхлийн аюултай өвчин тарааж, жил бүр хэдэн сая хүний үхлийн шалтгаан болж байна. Тиймээс л хүмүүс шумуулд дургүй байдаг байх.
Шумуулын 3500 төрөл зүйл устаж үгүй болвол чухам юу болох талаар эрдэмтдийн санаа бодол байхгүй байгаа юм. Мэдээж шумуулаар хооллодог шавьж, аалз, гүрвэл, мэлхий зэрэг амьтдад нөлөөлөх ч тэд хоол хүнсний өөр эх сурвалж олж чадна. Гэхдээ өөр хүнс орлуулах боломжгүй загасны төрлийн амьтад устаж, хоол хүнсний эргэлтэд сөргөөр нөлөөлж болох юм.