Мэри Энн Вебстер гэх эмэгтэй 1874 онд Лондонгийн ядуу дүүргүүдийн нэгд төржээ. Тэрбээр 7 хүүхэдтэй айлын охин болж мэндэлсэн бөгөөд тухайн үед бүсгүй эцэг, эхдээ туслахын тулд насанд хүрэхээсээ өмнө Лондонгийн нэгэн эмнэлэгт сувилагчаар ажиллахаар болсон байна.
Цаг хугацаа өнгөрч Мэри үзэсгэлэнтэй бүсгүй болсон ба түүний мөрөөдөл маш энгийн байжээ. Тэрбээр хайртай хүнтэйгээ учирч, түүнтэйгээ гэрлэж, хүүхдүүд төрүүлж, сайн гэрийн эзэгтэй болох хүсэлтэй байсан юм.
Гэхдээ санасан бүхэн нь Мэрид тийм амархан олдсонгүй. Бүсгүй 1903 онд 29 настай байхдаа ирээдүйн нөхөр болох цэцэгчин Томас Бевантай учир, хуримаа хийж, нөхрийнхөө овгийг авсан байна.
Улмаар хосууд 2 хүү, 2 охинтой болжээ. Хэдийгээр хосуудын амьдрал элбэг хангалуун биш байсан ч тэд халуун дулаан уур амьсгалаар бүхнийг нөхөж чаддаг байсан учир Мэри аз жаргалтай байсан юм.
Гэвч эрүүл мэндийн байдал нь түүний жаргалыг үгүй хийдэг байв. Тодруулбал, гэрлээд удалгүй түүний толгой маш ихээр өвддөг болсон ба хэсэг хугацааны дараа булчин болон үе мөч нь ч өвдөх болжээ.
Мэри эмнэлгийн үзлэгт хамрагдах ёстой байсан ч Томасын гэр бүлд сайн эмчид үзүүлэх мөнгө байсангүй. Үүнээс гадна олон хүүхдийн ээж Мэрид өөрийн эрүүл мэнддээ анхаарах цаг зав байгаагүй юм. Түүний биеийн байдал өдөр ирэх тусам муудаж байсан бөгөөд хамгийн харамсалтай нь бүсгүйн өвчин хөөрхөн царайнд нь нөлөөлж эхэлжээ.
Түүний нүүрний хэлбэр сунаж, доод эрүү, хамар, чих нь томорч байв. Үүний дараа гавлын яс нь гажигтай болж, бүх бие махбодид нь өөрчлөлт орох болжээ. Мөн хөл, гар нь мэдэгдэхүйц өөрчлөгдөж, мөр нь хүртэл томорсон байна.
Удалгүй Мэри эмэгтэй хүний төрхөө алдаж, ямар ч хувцас өмссөн муухай царайтай, том биетэй эр хүн шиг харагддаг болжээ. Гэхдээ ийм байдалтай болсон ч нөхөр нь хүүхдүүдийнхээ эхийг орхиж явах тухай боддоггүй байв. Учир нь Томас Мэрид хайртай байсан бөгөөд түүнийг байнга дэмждэг байсан юм.
Харамсалтай нь Томас 1914 онд нас барж, эхнэр, 4 хүүхэд нь өнчирч, амьжиргаагаа залгуулах аргагүйд хүрчээ. Нөхрөө өнгөрсний дараа Мэри акромегалия туссан болохоо мэдсэн байна. Энэ нь хэт их өсөлтийн гормон ялгарснаас болж дотоод шүүрлийн системд өөрчлөлт ордог өвчин аж.
Энэ өвчний төгс эмчилгээг одоог хүртэл олж тогтоогоогүй боловч орчин үед анагаах ухааны ололт амжилтаар ясны өсөлтийг зогсоож, нөхөн сэргээлтийг тогтвортой хийж чаддаг болсон байна.
Мэдээж хэрэг өнгөрсөн зуунд ямар ч эмчилгээ хийх боломжгүй байсан тул Мэри байгаа байдалтайгаа дасан зохицож амьдрахаас өөр аргагүй болжээ. Өвчин нь даамжирч удалгүй Мэри руу гудамжинд явж буй хүмүүс гайхан харж, хүүхдүүд хуруу заан чичилдэг болов. Мөн хөршүүд нь түүнд янз бүрийн хоч өгч, араас нь шүгэлддэг байсан түүнд маш хэцүү санагддаг байжээ.
Хүүхдүүдээ өлсгөхгүйн тулд Мэрри төрөл бүрийн ажил хийдэг байсан ч мөнгө нь хүрэлцдэггүй хэвээр байв. Тэгээд нэгэн өдөр Мэри Лондонд зохиогддог дэлхийн хамгийн муухай төрхтэй эмэгтэйг шалгаруулах тэмцээний талаар олж мэджээ. Ийм тэмцээнд оролцох нь доромжлол мэт санагдаж байсан ч тэрбээр тус шоунд оролцохоор шийдсэн юм. Учир нь шагналд нь маш их хэмжээний мөнгө амласан байжээ. Улмаар Мэри Лондон руу явж, тэргүүн байр эзэлж, мөнгөн шагналыг авч чадсан байна.
Энэхүү ялалт нь бүсгүйн гэр бүлийн санхүүд сайнаар нөлөөлснөөс гадна түүнд янз бүрийн шоунд оролцож, мөнгө олох боломж гарч иржээ. Бүсгүйг тэмцээнд түрүүлснээс хойш сэтгүүлчид түүний аймшигтай төрхийн талаар бичихээс залхдаггүй байсан нь Мэрид үнэгүй сурталчилгаа болдог байв.
1920 он гэхэд Мэри өөрийн төрсөн Их Британи улсдаа нэлээд алдартай болж, түүний аймшигт төрхийн тухай яриа тэнгис даван яригдах болсон байна. Улмаар тэрбээр Dreamland паркийн эзэн Гампетцаас урилга авч, хүүхдүүдтэйгээ хамт Америк руу нүүжээ. Гампетц ухаалаг бизнесмен байсан бөгөөд тэрбээр дэлхийн өнцөг булан бүрээс хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг цуглуулдаг байв. Мөн түүний Freak шоу нь маш алдартай байсан юм.
Гампетцийн шоунд Мэри тайзнаа гарч амьд үзмэр мэт зогсож, үзэгчдийн зугаа болж тэдэнд өөрийгөө шоолуулах боломжийг олгодог байжээ. Мэригийн муухай төрх мөн эрэгтэйлэг байдлыг нь тодотгохын тулд түүнд маш инээдтэй хувцас өмсгөдөг байв.
Freak шоуны бусад оролцогчид болох сахалтай эмэгтэй, одой хүн, сиамын ихрүүд, аварга хүмүүс Мэригийн тайзны хамтрагчид болжээ. Нэгэн цагт нөхөртөө хайрлуулж байсан үзэсгэлэнтэй эмэгтэй Freak шоуны оролцогч болно гэж хэн ч төсөөлөөгүй байсан биз. Гэхдээ энэ аймшигт ажил нь түүнд 4 хүүхдээ юугаар ч дутаахгүй өсгөх боломж олгосон юм.
Өдгөө дэлхийн хамгийн муухай төрхтэй эмэгтэйн 4 хүүхдүүдтэйгээ авахуулсан гэр бүлийн зураг хадгалагдан үлдсэн байдаг. Хүүхдүүд нь бүгдээрээ гоёмсог хувцас өмссөн, хангалуун амьдралтай харагдаж байгааг та анзаарч байгаа байх. Мэри ч гэсэн зурган дээр хамгийн сайхнаараа гарах гэж их хичээсэн бөгөөд тэрбээр цагаан цамц өмсөж, үсээ эвтэйхэн янзалсан харагдаж байна.
Энэхүү зураг нь түүнийг халамжит сайн ээж байсан төдийгүй юуг ч үл хайхран үр хүүхдүүддээ бүхнийг өгөхийг хичээдэг байсныг илтгэдэг.
Мэри насаараа Америкийн циркт ажилласан ба ганц л удаа Европт очиж байжээ. Гампетцийн шоу Парист болсон Олон улсын үзэсгэлэнд оролцсон ба Мэри бүх багийн гишүүдтэйгээ аялан тоглолт хийж байсан юм.
Мэригийн бие өвчнөөс болж улам муудах цагт тэрбээр төрөлх Лондонгоо их үгүйлэх болжээ. Тиймээс хүүхдүүддээ өөрийгөө эх нутагт нь оршуулахаар гэрээсэлсэн байна. Мэри 1933 онд 59 настайдаа өвчнийхөө улмаас нас барав. Түүн шиг оноштой хүнд энэ нь гайхалтай урт нас байжээ. Учир нь ийм өвчтэй хүмүүс тэр үед залуудаа нас бардаг байсан аж. Өнөөдөр Мэри Энн Беванийн түүхийг сонссон хүмүүс түүнийг өрөвдөхөөс гадна маш их биширдэг юм. Яагаад гэвэл, өвчин, доромжлолыг үл тоон тэрбээр хүүхдүүдийнхээ хангалуун амьдралын төлөө өөрийгөө золионд гаргаж чадсан гайхалтай бүсгүй билээ.