Энэхүү астеройд нь төмөр, никель, цагаан алт, зэс, алт зэрэг үнэт металуудыг өөртөө маш их хэмжээгээр агуулснаараа их гүрнүүдийн сонирхлыг татаад байгаа бөгөөд түүн рүү судалгаа шинжилгээний баг явуулахаар төлөвлөж байгаа ажээ.
Психе астеройдыг нээсний дараагаар сансар огторгуй дахь биетүүдийн цаашдын судалгаанд гайхалтай ахиц дэвшил гарчээ.
Төмөр, никел зэрэг метал элементээс бүрдсэн сансрын биет маш ховор байдаг бөгөөд ихэнх нь нүүрстөрөгч ба силикатаас бүрддэг аж. Психе нь 226 км-ийн диаметртэй бөгөөд астеройдын бүс дэх нийт массын 1 хувийг дангаараа эзэлдэг байна.
Хэдэн жилийн өмнө НАСА-аас тус астеройд руу судалгааны баг явуулах төлөвлөгөөтэй байгаагаа зарласан. Ирээдүйд астеройдыг аж үйлдвэрлэлд ашиглах бололцоог судлах энэхүү асуудал томоохон их гүрнүүдийн сонирхлыг татах нь мэдээж.
Психе солирын 3 хэмжээст загвар
Психе астеройд ашиглах гурван боломжит хувилбар байгаа аж.
- Астеройдоос үнэт метал олборлон, дэлхий рүү зөөх
- Газар дээр нь боловсруулсны дараа дэлхий рүү авчрах
- Астеройдыг сар дэлхий 2-ын дундах аюулгүй тойрог замд оруулах
Харамсалтай нь үүнд нэг том асуудал бий. Психе нь маш том хэмжээтэйгээс гадна дэлхийгээс хол зайд байрладаг учир өнөөгийн технологийн хөгжлийн түвшинд дээрх хувилбаруудыг хэрэгжүүлэх боломжгүй байгаа юм байна.
Психегийн өөр нэгэн загвар
Психе нь дэлхийгээс нар хүрэх зайнаас 3 дахин хол оршдог. 2022 онд уг астеройд руу сансрын хөлөг хөөргөхөөр төлөвлөж байгаа бөгөөд тэнд хүрэхийн тулд 4 жил шаардагдахаас гадна 20 сарын турш судалгаа хийх аж.
Эрдэмтэд энэхүү үнэт металлын маш өндөр концентраци үүсгэж буй шалтгааныг ихэд сонирхож байгаа бөгөөд Психегийн цөмийн найрлага нь дэлхий болон ангараг гарагтай төстэй байж магадгүй гэсэн таамаглал дэвшүүлээд байна.
Тус астеройдын нийт өртгийг 10 мянган квадриллион (1015) доллар хэмээн тооцоолж байгаа ба энэ нь дэлхийн бүх хүмүүсийг долларын тэрбумтан болгохуйц хэмжээний үнэтэй гэсэн үг. Гэвч тэндээс олборлолт хийж эхэллээ гэвэл түүхий эдийн үнэ навс унаж, дэлхийн эдийн засаг тогтворгүйжих юм.
1,000,000 их наяд нь нэг квадриллион болно