1
Либра
Та Либра цахим валютаар худалдаа хийж, бэлэн мөнгө авч болохоос гадна “Facebook”-ийн бусад аппликэйшнууд болох “Calibra wallet” цахим хэтэвч, “WhatsApp”, “Messenger” зэргээр валютыг арилжиж, төлбөр төлөх боломжтой юм. Мөн үүнийг албан ёсоор 2020 оны эхний хагаст хэрэглээнд гаргахаа зарлажээ.
2
“Facebook”-ийн мөнгөн тэмдэгт үү?
Хэдийгээр “Facebook”-ийн крипто валют хэмээн нэрлэгдэж байгаа ч Либра крипто валют нь “Libra Association” хэмээх ашгийн бус бие даасан байгууллагад хамаарах бөгөөд нийт 100 үндсэн үүсгэн байгуулагчид болон бусад хөрөнгө оруулагчдаас бүрдэж үйл ажиллагаагаа явуулах юм. Үндсэн үүсгэн байгуулагчдад нь банк санхүү, технологи, харилцаа холбоо, блокчайн, ашгийн бус үйл ажиллагаа явуулдаг гэх мэт олон төрлийн байгууллагууд багтаж байгаа аж.
Одоогийн үндсэн 28 хөрөнгө оруулагчид:
- Төлбөр тооцоо: Mastercard, PayPal, PayU (Naspers’ fintech arm), Stripe, Visa
- Технологи: Booking Holdings, eBay, Facebook/Calibra, Farfetch, Lyft, Mercado Pago, Spotify AB, Uber Technologies, Inc.
- Харилцаа холбоо: Iliad, Vodafone Group
- Блокчайн: Anchorage, Bison Trails, Coinbase, Inc., Xapo Holdings Limited
- Эдийн засаг: Andreessen Horowitz, Breakthrough Initiatives, Ribbit Capital, Thrive Capital, Union Square Ventures
- Ашгийн бус болон боловсрол: Creative Destruction Lab, Kiva, Mercy Corps, Women’s World Banking
3
"Libra Association"
“Facebook” үүсгэн байгуулагчдын тоогоо албан ёсны нээлт болохоос өмнө 100 хүргэхээр төлөвлөж байгаагаа хэлсэн бөгөөд “Libra Association”-ий төв нь Швейцар улсын Женев хотод байрлах аж. Мөн үүсгэн байгуулагч бүр "Libra Association"-ий ирээдүйн үйл ажиллагааны чиглэл, гаргах шийдвэрүүдэд өгөх 1 саналтай байх юм. Энэ нь бүгд тэгш эрхтэй байж нэг байгууллагад давуу эрх олгохоос сэргийлж буй хэрэг билээ.
4
"Libra"-г хэрхэн ашиглах вэ?
"Facebook" болон цахим хэтэвч болох "Calibra"-г ашиглаж өөрийн үлдэгдэл валютыг солих бүхий л үйлдлийг хийх боломжтой юм. Түүнчлэн олон давхар нууцлалгүйгээр өөрийн сошиал сүлжээг ашиглах нь хэрэглэгчдэд хялбар байх бөгөөд энэ нь мессеж бичиж байгаа мэт л энгийн байх аж. Мөн Либра крипто валютыг хэрэглэж худалдаа хийхэд шимтгэл нь бусад санхүүгийн байгууллагуудаас хямд мөн хурдан байх гэнэ.
5
Либра крипто валют буюу "Stablecoin"
Либра крипто валют нь хэрэглэгчдэд ямар нэгэн банк, санхүүгийн байгууллагад хамаарахгүйгээр олон улсын хооронд өндөр шимтгэл төлөхгүй, хугацаа алдалгүй худалдаа болон мөнгөн шилжүүлгийг зөвхөн өөрийн сошиал сүлжээ ашиглан хийх боломжийг олгож байгаа юм.
Мөн тухайн хүний үндэсний мөнгөн тэмдэгтийг сольж Либра крипто валют болгон хувиргах ба өөр бусад мөнгөн тэмдэгтээр солих, шууд худалдаа хийх гэх мэт олон давуу талуудтай аж.
Дунджаар олон улс хооронд гүйлгээ хийхэд нийт үнийн 7%-тай тэнцэх хэмжээний мөнгө шимтгэл төлнө.
6
Аюулгүй байдал болон нууцлал
"Calibra"-гийн захирал Давид Маркус "Facebook хэрэглэгчид өөрсдийн хувийн мэдээллээ санхүүгийн мэдээлэлтэйгээ нэгтгэх, холих сонирхолгүй байгааг ойлгож байна" хэмээгээд "Цахим банкны санхүүгийн энэхүү өрсөлдөөнтэй үед бид хэрэглэгчдийнхээ итгэлийг бүрэн хүлээх зорилготой бөгөөд санхүүгийн мэдээлэл болон сошиал сүлжээний мэдээлэл огт холилдохгүй" гэж хэлжээ. Мөн гүйлгээ, худалдан авалтын түүх нь зар сурталчилгаанд ашиглагдахгүй бөгөөд цахим сүлжээний хэрэглэгчид санаа зоволтгүй үүнийг хэрэглэх боломжтой аж. Гэсэн хэдий ч олон шинжээчид "Facebook"-ийн уг амлалтад итгэх нь эрт гэдгийг анхааруулсан юм.
7
Глобал мөнгөн тэмдэгт
Өнөөдрийн хурдацтай өөрчлөгдөж буй санхүүгийн зах зээлд бас нэгэн крипто валют ашиглах нь эрсдэлтэй юм. Гэвч өндөр хүү татвар, шимтгэлээс залхсан хэрэглэгчдэд дэлхий дахинд нэг үнэтэй байх валютыг цаг алдалгүй ашиглах боломжийг олгох энэхүү валют нь амжилт олбол санхүүгийн цоо шинэ ертөнц нээгдэх ажээ.