1
"Unguentarium" - Бумба
Эртний Египетчүүдийн адилаар Ромчууд нас барагсдыг хөдөөлүүлэх тал дээр маш их анхаарал хандуулдаг байсан юм. Тэр үед баян хүмүүсийн оршуулга 5 үе шаттай явагддаг байсан бөгөөд тэр нь оршуулгаар эхлээд томоохон найраар дуусдаг байжээ. Ийнхүү найрлах нь нас барагсдыг нөгөө ертөнцөд амар амгалан, хурдан хүрэхэд тусалдаг гэнэ. Үүнээс гадна Ромчууд өөд бологсдод зориулсан хүндэтгэлийн өдөртэй байсан ба энэ нь Мексикийн “нас барагсдын өдөр”-тэй адилхан утгатай байдаг.
Түүнчлэн Ромын нас барагсдын бунхан дотор "Unguentaria" хэмээх бумба маягийн сав байдаг байжээ. Домгоос үзэхэд тэрхүү саванд тухайн нас барсан хүний гэр бүлийнхний нулимсыг цуглуулан хийдэг байсан гэх ойлголт бий. Харин эрдэмтэд энэ саванд үнэрт тос гэх мэт тухайн нас барсан хүний гоо сайхны хэрэглээний зүйлсийг хийдэг байсан гэж үздэг байна.
2
Анхны цаас
Анх цаас нь тансаг хэрэглээний зүйлсийн тоонд багтдаг байсан бөгөөд ихэнхдээ үүнийг хачирхалтай аргаар хийдэг байжээ. Жишээлбэл, Библийн хамгийн анхны 20000 хувийг амьгүй төрсөн тугал болон хурганы арьсан дээр бичиж байсан юм.
Харин судалгаагаар тэдгээр цаасыг амьгүй төрсөн амьтны арьсан дээр биш харин нас бие гүйцсэн хос туурайт амьтны арьсаар хийдэг байсан нь тогтоогджээ. Гэхдээ л дундад зууны үеийн хүмүүс хэрхэн цаас хийдэг байсан нь нууц хэвээр л байгаа билээ.
3
Хачирхалтай мумми
Перугийн Караль-Супегийн иргэншил нь майя, инк, ацтекүүдээс 5000 жилийн өмнө үүсжээ. Каральчуудын гол суурин ойролцоогоор 60 га гаруй газар нутгийг эзэлдэг байсан бөгөөд өөрийн гэсэн пирамидаараа алдаршиж, улмаар Өмнөд Америкийн уугуул соёлын эх үүсвэр болсон нутаг болж чаджээ.
Түүнчлэн тодорхой хадгалж үлдсэн мэдээлэл байдаггүй учраас эртний Перучүүдийн амьдралын талаар мэдэгдэх зүйлс маш ховор байдаг. Гэхдээ саяхны олдсон муммигаас харахад магадгүй эрэгтэй, эмэгтэй хүмүүс нь тэгш эрхтэй байсан бололтой.
Мөн Каралиас 25 км-ийн цаана орших Асперо хэмээх загасчны тосгоноос 500 жилийн настай мумми олдож байжээ. Тухайн мумми нас барахдаа 40-50 настай байсан бөгөөд булшинд нь сармагчин, шувууны дүрстэй 4 баримал, хясаагаар хийсэн хүзүүний зүүлт, бугуйвч зэргийг хамт оршуулсан байжээ.
4
Этрускийн шаантаг бичээс
Этрускчүүдийн шашин, соёл нь Грек болон Ромын иргэншилд маш том нөлөө үзүүлсэн байдаг. Гэхдээ эртускчүүд ямар хэлээр ярилцдаг байсан нь ч одоог хүртэл тодорхойгүй байгаа бөгөөд тэдний амьдралын хэв маягийг зөвхөн хадны, ахуйн хэрэглээний сав суулга дээрх зургаас л харж ойлгож болдог аж.
Саяхан археологичид 2500 жилийн настай этрускийн модон самбарыг олжээ. Уг самбар дээр тэдний өдөр тутмын амьдралыг дүрс үсгээр зурж өгүүлсэн байв. Жишээлбэл, эмэгтэйчүүдийн олимпын наадмын үеэр бүсгүйчүүд дээгүүрээ нүцгэлээд жад шидэж, мориор уралддаг байсан гэнэ. Нэмж дурдахад, этрускийн бүсгүйчүүд Грек болон Ромчуудаас илүү эрх чөлөөтэй байжээ. Учир нь тэд дарс ууж, хүссэн хүмүүстэйгээ харилцаж, цэрэгт алба хаах эрхтэй байсан юм.
5
Анхны гомдол мэдүүлэлт
Зарим гэмт хэрэгтнүүд түүхэнд мөнхлөгдөн үлдсэн байдаг гэвэл та итгэх үү? Тодруулбал, Месопотамын эртний хот Ураас олдсон Вавилоны нэгэн шаантаг самбарт Эа-Насир хэмээх хүний талаарх мэдээлэл байжээ.
Эа-Насир нэртэй этгээд нь сайн чанарын цэвэр зэс авчирна гэж гомдол гаргагчид амлачихаад хуурамч хайлш олж ирсэн нь түүнийг хэрэгт унахад хүргэсэн байна. Мөн түүний гомдлын самбарыг гэрийнх нь ойролцоогоос олсон бөгөөд тэрбээр дурсгал болгож өөртөө авч үлдсэн бололтой.
6
Хятадын гномон буюу хуанли тогтоогч
Эртний Хятадууд ирээдүйг зөгнөн хэлэхийн тулд тэнгэрийг ажигладаг байжээ. Тиймээс ч тэд оддыг ажиглах маш олон тооны сонирхолтой багаж хэрэгслийг зохион бүтээж байсан бөгөөд тэдгээрийн нэг нь гномон буюу нарны цаг юм. Гномоныг анх вавилончууд бүтээж, нарны өнцгийн хэмжээг тодорхойлдог байв.
Хятадын хамгийн анхны гномон нь сүүдрийн уртыг хэмждэг энгийн мод байсан ба тэд үүний ачаар жилийн улирлыг тодорхойлж, хуанли гаргадаг байжээ. Харин нэлээд боловсронгуй болсон гномоны хэсгийг Баруун Хан улсын үед хамаарагдах 2000 гаруй жилийн настай бунхнаас олж байсан юм.
7
Ромын этгээд дарсны хундага
50 жилийн өмнө Английн Эссекс гүнгийн Грейт Честерфордоос Ромын үед хамаарах 1800 жилийн настай аягыг олж байжээ. Сонирхолтой нь тус аяга дээр эр бэлэг эрхтнийг дүүрэн зурсан байсан гэнэ. Гэхдээ зүгээр ч нэг эрээ цээргүй зураг биш, дөрвөн ширхэг эрхтнээр хийсэн морин тэргэн дээр сууж байгаа бүсгүй, тахианы хөлтэй эрхтэн зэрэг хөгжилтэй зургуудыг үлдээсэн байжээ.
8
Зажилдаг тамхи
Өнөөгийн АНУ-ын баруун өмнөд зүгийн нутагт цэцэглэн хөгжиж байсан Пуэблогийн иргэншлийн анхдагчид болох Анасазичууд МЭӨ 100 жилийн өмнө бохин тамхи хэрэглэж байсан нь судалгаагаар тогтоогджээ. Аризонагийн Антилоп агуй дотроос үл мэдэгдэх 345 ширхэг бөмбөлгийг олсон бөгөөд түүн дээр шүдний ором байсан гэнэ.
Түүнчлэн тэд анх хоолны оронд энэхүү "бохийг" зажилж байсан гэх дүгнэлт байсан ч нарийн судалгаа хийсний дараа тэрхүү бөмбөлөг дотор зэрлэг тамхины хэд хэдэн төрөл байгаа болохыг олж мэджээ.
9
Нүцгэн бүсгүйн баримлууд, Байгаль нуур
ОХУ-ын Эрхүү мужид, Байгаль нуурын ойролцоо Ангар мөрний эрэг дээрээс 20000 гаруй жилийн настай нүцгэн эмэгтэйн баримлыг олж илрүүлж байв. Гэвч судалгааны үр дүнд тэр нь нүцгэн эмэгтэйн дүр биш болохыг тогтоосон юм. Үнэндээ тус баримал он цаг өнгөрөхийн хэрээр элэгдэж, хуучирсан байсан ба угтаа бол түүн дээр бүсгүйчүүдийг хувцас, бугуйвч, толгойн гоёл, гуталтай нь сийлсэн байжээ. Үүнээс харахад тухайн үеийн хүмүүс малгайтай комбинзон өмсөх дуртай байсан бололтой шүү. Мөн уг баримлыг гоёл чимэглэлийн эсвэл хамгаалалт маягаар зүүдэг байсан аж.
10
Морин тойруулгын тамирчинд зориулсан дурсгал
Анатолийн хойгийн Конья нь 1000 жилийн өмнөх сельжук Түргүүдийн соёл иргэншлийн төв хот байсан бөгөөд үүний дараа тус нутаг Османы эрхшээлд оршин тогтнох болсон юм. Өнөөгийн Бейшехир хотын ойролцоогоос олдсон Луциан хэмээх нэртэй морин уралдааны тамирчинд зориулсан 2000 жилийн настай хөшөөнөөс харахад тэд морин спортод ихээхэн дуртай байсан бололтой.
Энэхүү хөшөөг Анатолийн ариун ууланд түүнийг золгүй явдлаар нас барсны дараа сийлж байжээ. Улмаар судлаачид баримлыг шинжилж сельжукууд морин уралдаанд нэг түрүүлсэн морийг дараагийн тэмцээнд оруулдаггүй байсан болохыг олж тогтоосон юм.