Улаан армийн дайчид тэсрэх бөмбөгтэй объектыг аюулгүй болгох ажилдаа тусгай сургагдсан нохдыг ашигладаг байжээ. Тэдгээрийн дунд “Жульбарс” гэдэг нэртэй алдартай нохой байсан юм. “Жульбарс” дайны үеэр нийт 7000 гаруй тэсрэх бөмбөг, 150 их бууны сумыг олж илрүүлэн, аюулгүй болгоход оролцсон гэдэг. Харамсалтай нь, дайны төгсгөлд уг нохой шархдсан тул ялалтын парадад оролцож чадаагүй юм.
Харин түүний тухай дуулсан И.Сталин өөрийнхөө кителийг тайлж өгөөд “Үүн дээр нохойгоо хэвтүүлж авчраад, ялалтын парадад оролцуул” гэсэн тушаалыг өгчээ. Дараа нь И.Сталины өгсөн кителийг зөвлөлтийн армийн нохойн сургуулийн төв байр дахь хүндэтгэлийн үзмэрт байруулуулсан юм.
Дэлхийн хоёрдугаар дайнд зөвлөлтийн цэргүүд нийт 60 мянга гаруй нохдыг сургаж, төрөл бүрийн ажилд оролцуулдаг байжээ. Тэр дундаа амандаа тэсрэх бөмбөг зуугаад дайсны танкны гинжинд аваачиж тавьдаг тусгай сургуультай ноход олон байв. Тийм ноход Германы 300 гаруй танк, хуягт тээвэрлэгчийг устгасан байдаг.
Тэгвэл холбооны армид алба хааж байсан ноход маш хүнд нөхцөлд ойролцоогоор 200 мянга гаруй байлдааны мэдээ, бичиг баримтуудыг дарга, штабуудын хооронд зөөдөг байжээ.
Түүнчлэн цэргийн эмнэлэгт олон мянган ноход хүчин зүтгэдэг байсан бөгөөд тэд хүнд шархдсан улаан армийн 700 мянган цэргүүдийг эрж олох, бусдад мэдэгдэх, эмнэлгийн тусламж үзүүлэх ажилд тусалдаг байв.
Харин тэсрэх бөмбөг, тэсэрч дэлбэрэх бодисыг аюулгүй болгох үүрэгтэй байсан ноход 303 хот дахь дайсны минжүүлсэн барилга, байгууламж, 15,153 кв/км минийн талбайг аюулгүй болгоход оролцож ойролцоогоор 4 сая мина, тэсэрч дэлбэрэх зүйлсийг олж ирүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулсан байдаг.
Дайнд оролцсон ноход нийтдээ:
- 700 мянган шархадсан цэргийг байлдааны талбайгаас чирч гаргасан,
- 4 сая гаруй мина олж илрүүлсэн,
- 300 гаруй томоохон хотуудыг цэвэрлэхэд тусалсан,
- 200 мянга гаруй баримт бичгийг дайны үеэр зөөсөн,
- 8000 км урт холбооны шугам татсан,
- 300 гаруй дайсны танкыг устгасан,
- 150 нохой дайсантай хийсэн гардан тулаанд оролцсон аж.