Нас барахдаа эмч, сувилагчдыг "хамт авч явах" дөхсөн Глориа Рамирезийн хачирхалтай түүх

"Хортой хатагтай" буюу Глориа Рамирез (Gloria Ramirez) -ын түүх нь орчин үеийн анагаах ухааны түүхэн дэх хамгийн том тайлагдаагүй үлдсэн нууцуудын нэг юм. 1994 онд 31 настай Глориа Калифорнийн эмнэлэгт түргэн тусламжийн машинаар хүргэгджээ. Хэдэн цагийн дотор түүнтэй ойрын хавьтал болсон хэд хэдэн эмнэлгийн ажилтнууд хүндээр өвдсөн бөгөөд ихэнхид нь булчингийн таталт, ухаан алдах гэх мэт шинж тэмдэг илэрсэн байна. Улмаар тэднийг эмнэлэгт хэвтүүлсэн ба цааш нь болсон үйл явдлуудын учрыг мэргэжилтнүүд өнөөг хүртэл тайлж чадаагүй байна. 

Нас барахдаа эмч, сувилагчдыг "хамт авч явах" дөхсөн Глориа Рамирезийн хачирхалтай түүх
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1994 оны 2-р сарын 19-ний орой түүний бие гэнэт муудаж, ухаан нь балартсан байна. Рамирез сүүл шатандаа орсон умайн хүзүүний хорт хавдартай байсан учраас бие нь огцом муудсанд гайхах хүн байсангүй. Түргэн тусламж ирээд түүний зүрхний хэм алдагдаж байгааг  тогтоогоод шууд Риверсайд хотын нэгдсэн эмнэлэгт хүргэсэн байна.

Эмнэлэгт ирсэн даруйдаа түүний зүрх зогссон гэж Нью Йорк Таймс сонины 2-р сарын 22-ны өдрийн мэдээнд дурджээ. Тус нийтлэлд түүнийг өндгөвчний хорт хавдартай байсан гэж ташаа мэдээлсэн боловч сүүлд гарсан бүх мэдээгээр түүнийг умайн хүзүүний хорт хавдартай гэж залруулж бичсэн байдаг. Эмч нар түүний амийг аврахын тулд чадах бүхнээ хийсэн боловч яаж ч чадаагүй байна.

Рамирезын биеэс зүрхний үйл ажиллагааг дэмжих цахилгаан төхөөрөмжийг салгах үед арьс нь тэр чигтээ тослог болсон байгааг нэг сувилагч анзаарсан байна. Мөн эмч нар амнаас нь жимс, сармис шиг үнэр гарч байсан гэж мэдээлсэн байдаг. Тиймээс түүний цогцсыг цааш шинжлэхээр болсон аж.

Сувилагч өвчтөний цусыг шинжлэхээр дээж авсны дараахан түүний цогцос байсан өрөөнд аммиак хий гэмээр хүчтэй үнэр ханхалж эхэлсэн байна. Эмч нар дараа нь түүний цусны дээж нь дотроо цагаан талст шиг зүйл агуулсан байгааг анзаарчээ. 

Удалгүй өрөөнд байсан сувилагч нарын нэг нь ухаан алдав. Тэрээр ухаан орсныхоо дараа гар хөлөө хөдөлгөж чадахгүй байжээ. 

Улмаар эмч сувилагч нийлсэн 6 хүний бие огцом муудсан байна. Тэднээс ухаан алдах, таталт өгөх, амьсгал боогдох, бөөлжих зэрэг шинж тэмдэг илэрч байсан гэнэ. Сүүлд нь түргэн тусламжийн 37 ажилтны 23-т нь дээрх шинж тэмдгүүд илэрсэн байдаг. Эцэст нь оройн 8 цаг 30 минутанд тус эмнэлгийг бүрэн нүүлгэн шилжүүлсэн бөгөөд АНУ-ын халдварт өвчин судлалын төвөөс битүү өмсгөлтэй хүмүүс ирж түргэн тусламжийн тасаг дахь агаарт ямар нэг хорт бодис байгаа эсэхийг шалгаж үзсэн байна.

Харамсалтай нь тэд юу ч олоогүй юм. Бүсгүйн биеийг тусгай хөнгөн цагаан авсанд хийж авч явсан бөгөөд долоо хоногийн дараа л бүрэн тусгаарлагдсан өрөөнд задлан шинжилгээг нь хийсэн аж. 

Албаны хүмүүс бүсгүйн цогцсонд гурван удаа задлан шинжилгээ хийжээ. Эхний шинжилгээг түүнийг нас барснаас зургаан хоногийн дараа, дараагийнх нь зургаан долоо хоног, сүүлийнх нь оршуулахаас яг өмнөхөн хийжээ.

Илүү нарийвчилсан задлан шинжилгээг Глория Рамирес нас барснаас хойш сар гаруйн дараа буюу 3 -р сарын 25-нд хийжээ. Мэргэжилтнүүд бүсгүйн цогцосноос  Тиленол, лидокаин, кодеин, Тиган зэрэг бодис илрүүлсэн байдаг. Тиган бол дотор муухайрах өвчнийг намдаах үйлчилгээтэй эм бөгөөд биед агуулагдах аминийг задалдаг юм. Амин нь аммиактай холбоотой бодис бөгөөд энэ нь эмнэлэгт байгаа Рамирезийн цусны дээжээс гарсан аммиакийн эс үүсвэр байж болох юм.

Илүү чухал зүйл бол дээрх тайланд Рамирезийн цус, эд эсэд диметил сульфон их хэмжээгээр агуулагдаж байсан гэж дурьджээ. Диметил сульфон нь зарим бодисыг задалдаг үйлчилгээтэй тул хүний биед байгалиас заяасан байдаг. Тус бодис нь хүний биед нэвтэрсэн урилгагүй зочдыг 3 өдрийн дотор задалж устгадаг аж. Гэсэн хэдий ч Рамирезийн цогцсонд нас барснаас нь хойш зургаан долоо хоногийн дараа хэвийн хэмжээнээс гурав дахин их Диметил сульфон байсан аж. 

Мэргэжилтнүүд бүсгүйн цогцсыг 2 сарын турш шинжилсний эцэст ар гэрийнхэнд нь эргүүлэн өгсөн юм. 1994 оны 4-р сарын 12-нд мужийн албаны хүмүүс Рамирес умайн хүзүүний хорт хавдрын сүүл үе шатанд үүссэн бөөрний дутагдал болон зүрхний дутагдлын улмаас нас барсныг зарлав. Рамирез нас барахаасаа 6 долоо хоногийн өмнө хорт хавдартай гэж оношлогдоод байсан гэнэ. 

Бүсгүйн дүү нь эмнэлгийн буруутай үйл ажиллагаанаас болоод ийм нөхцөл байдал үүссэн гэж мэдэгдсэн ч олон удаагийн шалгалтын үр дүнд Рамирез эмнэлэгт ирэхээсээ өмнө нас барсан болохыг тогтоосон юм. 

Яг юунаас болоод энэ бүсгүйн бүсгүйн цогцос ийм хортой болсныг хэн ч тогтоож чадаагүй байна. 

Судлаачид Рамирез диметил сульфоксидыг өвдөлт намдаах эм болгон хэрэглэж байсан байж магадгүй гэж таамагласан юм. Энэхүү эм нь хүчилтөрөгчтэй урвалд орж диметил сульфон болж хувирсан байж магадгүй юм. Энэхүү химийн бодис нь тасалгааны температурт талсждаг бөгөөд  цусны дээжинд байсан талстууд үүнтэй холбоотой байж болно. Дараа нь түүний биед цахилгаанаар цочрол өгсөнд диметил сульфон маш хортой, хүчиллэг хий болох диметил сульфат болж хувирсан байна. Энэ бол байж болох хамгийн үндэслэлтэй таамаг юм. 

Тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр "Хортой эмэгтэй"-н түүх нүд ирмэхийн зуур тархсан бөгөөд олон нийт ч агаарт хорт хий цацдаг цогцосны талаар багагүй шуугисан байдаг. 

Ямартаа ч хорт хавдраар нас барсан хөөрхий эмэгтэйн үнэн түүхийг бид бүрэн гүйцэт тайлж чадаагүй л байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()