Дэлхий дээрх тамаас ялгаагүй 5 газар

2019-05-30, 16:47
27,341

Манай дэлхий диваажин мэт газруудаар дүүрэн, өгүүлшгүй тансаг ер бусын гараг билээ. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр хүн төрөлхтний бүтээсэн аймшигт газрууд ч байдаг болохыг мартаж болохгүй. Ингээд танд хүмүүсийн бий болгосон "там"-уудын талаарх мэдээллийг хүргэж байна.

Дэлхий дээрх тамаас ялгаагүй 5 газар
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 “Бөөр”-ний тосгон, Непал

Дэлхийн хамгийн буурай орнуудын нэг болох Непалын иргэд хиндү шашинтай ба тэдний 10 орчим хувь нь бусдаас хараат, хязгаарлагдмал орчинд амьдардаг. Харамсалтай нь, хүссэн үедээ ажил хөдөлмөр эрхлэх, сурч боловсрох гэх мэт олон эрхээ хасуулсан тэдгээр хүмүүс эд, эрхтэн худалдаалагчдын хараанд өртөх болсон юм. Түүний уршгаар Непалд зөвхөн хүний бөөрний наймаа хийхэд зориулагдсан тусдаа тосгон хүртэл бий болжээ.

Энэ улсын ихэнх иргэд шуудангийн марк зарж олсон мөнгөөрөө амьдралаа залгуулдаг нь тэдний ядуу, дорой байдал ямар төвшинд явааг илтгэх биз ээ.

“Бөөр”-ний тосгон, Непал

Эрхтний наймаачид хүмүүсийн мэдлэг боловсролгүй байдлыг ашиглаж, тэдэнд бөөрөө авахуулснаар ямар ч эрсдэл учрахгүй, буцаад ургачихдаг хэмээн тайлбарлаж, тархийг нь угаадаг байна.

Үр дүнд нь амьдралаа дээшлүүлэх хүсэлтэй иргэд эрхтнээ зарж эхэлсэн бөгөөд зарим нь хаашаа, яах гэж очиж байгаагаа ч мэдэхгүй эрүүл мэндээрээ хохирох болжээ.

Бөөрөө зарсан хүмүүс ойролцоогоор 500-1000 доллар авдаг бол нэн ядуу хүмүүс нь тэрхүү амин амин чухал эрхтнээ хэдхэн хониор эсвэл шинэ тавилгаар л сольчихдог гэнэ. 

2 Алтны уурхай, Филиппин

Арлын Филиппин орон бол дэлхийн хамгийн гайхалтай газруудын нэг билээ. Испанийн хаан 2-р Филиппийн нэрээр нэрлэгдсэн энэхүү улс нь 1898 он хүртэл өөр орны эзэмшилд байсан ба түүний дараа дахин 50 жилийн турш АНУ-ын эрхэнд байсан юм.

Харин одоо Филиппин хар тамхины эсрэг дайн зарласан Дутерте ерөнхийлөгчөөрөө алдартай болжээ. Уг дайн зарлагдсанаас хойш хэдхэн долоо хоногийн дараа олон мянган хар тамхи хэрэглэгчид алагдсан бөгөөд зарим нь өөрсдөө бууж өгч цагдаагийн газрыг зорьж байсан гэдэг.

Гэвч Филиппин улсын цор ганц асуудал нь хар тамхи биш юм.

Алтны уурхай, Филиппин

Хэдийгээр энэ улсын хөгжил дэвшил хэвийн явагдаж байгаа ч гэлээ зарим бүс нутгийнх нь иргэд тартагтаа тулсан нөхцөлд аж төрдөг. Жишээлбэл, алслагдсан дүүргийн оршин суугчид нь амиа зогоохын тулд алтны эрэлд гарч, 15-20 метр гүнзгий нарийхан худаг руу баг болон резинэн хоолойноос өөр багажгүйгээр шумбаж ордог юм.

Тэд резинэн хоолойг гар аргаар хийлж агаар дамжуулдаг бөгөөд тэр нь цоорох юм бол хайгуулч шууд үхдэг байна. Мөн зарим нь хэт гүн уурхайд төөрч, хүйтэн усанд хамгаалалтын хувцасгүй олон цаг ажилласнаасаа болж амь насаа алддаг. Алтны эрэлд гарсан хүн усан доор нийт 6-8 цагийг өнгөрүүлдэг бөгөөд хариуд нь нэг өдрийн л хоолны мөнгө авдаг гэнэ. Гэвч амьдрахын төлөө тэд маргааш нь үргэлжлүүлэн ажилласаар л байдаг нь харамсалтай.

3 Хог түүгчдийн хот, Египет

Египет бол хүн төрөлхтний түүхтэй салшгүй холбоотой эртний агуу улс билээ. Египетийн нийслэл Каир хот нь жуулчдад зориулсан гайхалтай үзэсгэлэнт гудамж талбай, өндөр үнэтэй зочид буудал, ресторанаар дүүрэн мэт боловч тэнд бидний нүдэнд ил харагддаггүй олон асуудлууд бий.

Каирын захад байрладаг Маншият-Насир гэх дагуул хот нь хог түүгчдээрээ алдартай.1969 онд Каир хотын захиргаанаас хог ялгаж, дахин боловсруулах зорилготойгоор тусгай бүлэг байгуулан бүх хог түүгчдийг цуглуулж байсан нь өдгөө 40,000 хүний аж амьдралыг хамрах болжээ.

Тэндэхийн иргэд дахин боловсруулсан хог хаягдлаа гэртээ хадгалан, боломж олдвол зарж хоногийн хоолны мөнгөө олдог ба гахайн тэжээлээр ашиглах боломжгүй хаягдлыг газар дээр нь шатаадаг аж.

Мөн төрсөн цагаасаа л эхлэн хогийн эхүүн үнэрээр амьсгалж, бохир хувцаслаж, эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчинд амьдарч ирсэн тэдний хувьд өвчин гэх ойлголт амьдралынх нь салшгүй нэгэн хэсэг болон хувирчээ.

Хог түүгчдийн хот, Египет

4 Дайны цуурай, Камбож

Нэгэн цагт Камбожууд одоогийн Лаос, Вьетнам, Тайланд гэх мэт улс орнуудыг эзэлж явсан түүхтэй. Гэвч тэдний дийлдэшгүй байдал бага багаар замхарч эцэст нь Францын эрхшээлд орсон юм. Түүний дараагаар тус улс Японы эзлэн түрэмгийлэл, АНУ-ын бөмбөгдөлт, иргэний дайн, Пол Потын дарангуйлалд өртөж байжээ.

Иргэний дайны үеэр Камбожийн сэхээтнүүд тэр чигтээ устсан гэхэд хилсдэхгүй. Учир нь эрх баригчид нийгэмд өөрчлөлт шинэчлэл хийх үедээ эсэргүүцэл, тэмцэлтэй тулгарахгүйн тулд нүдний шил зүүсэн л байвал тухайн хүнийг ухаантай гэж үзэж шууд алдаг байсан ба тэр үед нийт хүн амынх нь 1/5 нь амь үрэгдсэн байдаг.

Өнөөдрийн байдлаар Камбож дэлхийн хамгийн их тэсрээгүй минийг агуулдаг улс болсон билээ. Олон тооны мөргөлдөөний үеэр энэ улсын газар нутагт маш их хэмжээний тэсрэх бөмбөгийг суурилуулсан бөгөөд тэд бүгд хаа нэгтээ дэлбэрэх цагаа хүлээгээд байж байдаг гэнэ.

Жил бүр мянга мянган Камбож иргэд өвөг дээдсийнхээ үлдээсэн тэрхүү “бэлгийг” олж амь нас, эд эрхтнээрээ хохирдог ажээ.

Дайны цуурай, Камбож

5 Шинжаан дахь дижитал хорих лагерь

Хятадын Шинжаан Уйгурын өөртөө засах орон нь дэлхийн хамгийн том элсэн цөлүүдийн нэг болох Такла-Маканаараа алдартай. Энэ бүс нутагт ихэвчлэн Хятад улсын эрх чөлөө хязгаарлах системийн золиос болсон ислам шашинтай Уйгур иргэд амьдардаг.

Энгийнээр тус газрыг “Байнгын шалгалт” хэмээх хоёрхон үгээр бүрэн илэрхийлж болно. Учир нь элсэн цөлийн авто зам дээр 20-30 км тутамд шалгагч пост, километр тутамд хяналтын камерыг байрлуулсан байдаг. Мөн тэдгээр нь зөвхөн авто машины дугаарыг таниад зогсохгүй жолоочийн царайг хүртэл ялгаж чаддаг гэнэ. Нутгийн цагдаагийн газрынхны мэдээлж буйгаар тэд хүссэн хүнээ 7 минутад л олж чаддаг аж.

Хятад улс өнөөдөр исламын шашинтай идэвхтэй тэмцэж байгаа бөгөөд хүүхдүүддээ Араб нэр өгөхийг, эрэгтэй хүмүүсийг сахлаа ургуулахыг хориглосон байдаг билээ.

Шинжаан дахь дижитал хорих лагерь

Түүнээс гадна Шинжааны хамгаалалтын системд хиймэл оюун ухааныг суулгасан байдаг бөгөөд түүний тусламжтайгаар нийгмийг “аюулгүй”, “хэвийн”, “аюултай” гэсэн гурван хэсэгт хуваадаг. Энэхүү ангилал нь тухайн хүний нас, хүйс, шашин шүтлэг гэх мэт олон шинж чанаруудаас хамаарч үүсгэгддэг ба “аюултай” хэсэгт орсон иргэд нийтийн тээврээр зорчих, ажилд орох, супермаркетуудаар үйлчлүүлэх эрхээ хасуулдаг аж.

Мөн энэ нутагт иргэний үнэмлэх авах гэж буй хүн заавал ДНХ-ийн шинжилгээ өгөх ёстойгоос гадна хүн бүрийн утасны яриаг тусгай төхөөрөмжөөр сонсож, өөр улс орон руу залгасан тохиолдолд гэмт хэрэгт сэжиглэж эхэлдэг байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()