1
"I Feel Fantastic" - Дуулдаг робот
Энэхүү бичлэг дээр гарах робот нь "Үнэхээр сайхан байна" (I Feel Fantastic) хэмээн жихүүдэс хүргэм хоолойгоор дуулдаг. Хүмүүс анх энэ бичлэгийг цахим сүлжээнд цацагдах үед юуны учраас, яагаад үүнийг хийх болсон талаар олон таамаг дэвшүүлж байсан. Тухайлбал уг бичлэгийг цуврал алуурчин хийсэн бөгөөд өөрийн хохирогчийг дуурайлган уг роботыг бүтээсэн байх гэсэн таамаг бий.
Үнэндээ бичлэг дээрх роботыг Жон Бергерон (John Bergeron) хэмээх зохион бүтээгч инженер хийжээ. Тэрээр робот од бүтээх хүсэлдээ автаж дуулж, бүжиглэж чаддаг робот бүтээхийг оролдсон ч үр дүн нь тааруухан болсон нь энэ аж.
2
"Lights Out" - Гэрлээ унтраа
2013 онд Шведийн найруулагч Давид Сандберг "Гэрлээ Унтраа" хэмээх энэхүү бүтээлээрээ цахим орчинд шуугиан тарьсан юм.
Тус богино хэмжээний кино нь 2014 оны "FANT Bilbao" кино наадмын шилдэг аймшгийн бүтээлээр тодорсон бөгөөд 2016 онд найруулагч зохиолоо өргөжүүлэн бүрэн хэмжээний кино бүтээжээ.
3
Парисын газар доорх оршуулгын газар төөрсөн нь
Парис хотын доор хүний ясыг сая саяар нь өрж хураасан хэдэн арван км үргэлжлэх урт хонгил байдаг.
Өмнө нь хуучин уурхайн цооногууд байсан энэ газар тахлаар болон иргэний дайн, бослогын үеэр амиа алдсан хүмүүсийг бөөнөөр нь оршуулдаг байсан бөгөөд өнөө үед жуулчдын очдог гол цэг болжээ.
Харин энэхүү бичлэг нь 1990-ээд оны үед тэрхүү хонгилууд дотор хийгдсэн байна. Бичлэгийг хийгч нь хураалгаатай байсан яснууд нурж унаж байгааг харуулах бөгөөд дараа нь ямар нэг юмнаас зугтаж байгаа нь бичигдэн үлджээ. Энэ хүн яг хэн байсан, түүнд юу тохиолдсон нь тодорхой бус аж.
4
"Hand Thing" - Урлагийн бүтээл үү, эсвэл?
"Miss Shaye St. John" нэрээр "Youtube"-д бичлэг оруулдаг Эрик Фюрнье хэмээх уран бүтээлч 2006-2007 оны хооронд цуврал сюрреалист бичлэгүүд хийсний нэг нь энэхүү "Hand Thing" юм.
Манекений нүүрийг баг болгон өмсөж, хиймэл гар барьсан тэрээр бичлэгийн турш сонин дуу чимээ гаргаж алгаа ташна. Тэрээр өмнө нь хүнд осолд орсон учир шарх сорвио нуухын тулд ийм дүр төрхтэй байгаагаа тайлбарлажээ. Ямар утга агуулгатай ийм бичлэг хийсэн нь одоо хүртэл тодорхой биш бөгөөд Эрик Пюрнье 2010 онд 42-тойдоо нас барсан аж.
5
"Obey the Walrus" - Хараалтай бичлэг
2007 оны 10 сард "Youtube"-ийн "OBEYDAWALRUS" гэх хуудсанд орсон энэхүү бичлэгийг Латин Америкийн "Walrus" гэх шашны бүлэглэл бүтээсэн хэмээн үздэг бөгөөд бүтэн хувилбар нь хараал агуулдаг хэмээн олон хүн итгэдэг аж.
6
"Haunt" - Дипломын ажил
"Emperorglenuff" гэх "Youtube" сувгийн эзэн өөрийн дипломын ажил болгож энэхүү богино хэмжээний аймшгийн киног бүтээсэн байна.
7
"Kleenex"-ийн хараагдсан сурталчилгаа
1986 онд Япон улсад цацагдсан энэхүү "Kleenex"-ийн сурталчилгааг олон хүмүүс хараалтай гэж үздэг бөгөөд үзсэн хүн золгүй байдлаар нас барах эсвэл сэтгэцийн гүн хямралд ордог хэмээн тэд итгэдэг юм.
2006 оны 5-р сард "Youtube"-д тавигдаж, олон сая хандалт авсан уг бичлэгийг магадгүй хуучны чанар муутай дүрс, хачирхалтай улаан хүүхэд, сэтгэл сэрдхийлгэм дуунаас нь шалтгаалж хүмүүс хараалтай гэж бодох болсон байж магадгүй.
8
"There is Nothing" - Тэнд юу ч байхгүй
Дэвид Ээрл гэх график дизайнерын хийсэн энэхүү богино хэмжээтэй аймшгийн бичлэг нь цахим сүлжээнд олон сая хандалт авч чадсан байна.
Бичлэг дээр гарах бүсгүй хоолны ширээний ард суугаад нэг ойлгомжгүй зүйл хэлдэг. Харин хэлсэн зүйлийг нь урвуугаар нь сонсвол "There is Nothing" буюу "Тэнд юу ч байхгүй" гэж хэлж байгаа нь сонсогдоно.
9
"Pretty Woman" - Сэжигтэй дуучин
Эдуард Мускаре буюу "Edarem" нь 2006 оноос 2010 оны хооронд өөрийн "Youtube" хуудсаар дамжуулан алдарт хүрч чаджээ. Хачин жигтэй, инээдтэй зарим нь аймшигтай гэмээр олон бичлэгүүд хийсний нэг нь алдарт "Pretty Woman" дууг даган дуулсан бичлэг юм.
Дуулах үедээ түүний гаргах царайны хувирал нь олон хүний айдас жихүүдсийг төрүүлжээ. Эдуард Мускаре нь анх 1987 онд бага насны хүүхдийг уруу татсан, бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр буруутгагдсан бөгөөд 2010 онд буюу "YouTube"-ээр алдаршсан байх үедээ уг хэргээрээ 5 жилийн хорих ял авсан байна. Улмаар 2011 онд тэр уушгины хорт хавдраар нас барсан аж.
10
"Blank Room Soup" - Хоосон өрөөн дэх зоог
Цахим орчин дахь хамгийн нууцлаг бичлэгүүдийн нэг хэмээн тооцогддог энэхүү бичлэг нь "Deep Web" буюу харанхуй вебээс гаралтай хэмээн олон хүн итгэдэг аж. Энэхүү бичлэгт хоосон өрөөнд нэгэн нүцгэн эр шөл идэж суух бөгөөд нууцлаг баг зүүсэн 2 хүн орж ирсний дараа тэрээр айж, уйлж эхэлдэг. Түүнийг уйлахад багтай хүмүүс аргадаж буй мэт толгойг нь илж эхэлнэ...
Энэхүү бичлэг ямар утга учиртай, юуны тулд бүтээгдсэн талаар олон таамаг байдаг хэдий ч баттай тайлбарласан зүйл одоогоор байхгүй байгаа аж. Цахим сүлжээнд тархсан олон таамгийн нэг бол нүцгэн эрд хүний махаар хийсэн шөл хүчээр идүүлж байгаа бөгөөд багтай 2 хүн нь садист бүлгэмийн гишүүд гэсэн таамаглал юм. Түүнчлэн энэ нь зүгээр л нэг сонирхогчийн хийсэн сюрреалист уран бүтээл гэж үздэг хүмүүс бас олон бий.