1
Өөрийнхөөрөө байх зоригтой бай
Хүсэл мөрөөдөлдөө тулгуурлаж өөрийнхөөрөө амьдраарай. Хийж байгаа зүйл чинь танд л таалагдаж байвал бусдын юу гэж бодох хэнд хамаатай гэж? Угтаа хэн нэгний сэтгэлд нийцэхийн төлөө амьдрах нь амьдралдаа гаргаж буй хамгийн том алдаануудын нэг байдаг юм шүү.
Энэ нь хайртай хүн, найз нөхөд, ажил мэргэжлээ сонгох гэх мэт бүх зүйлсэд хамаарна. Тиймээс амьдралынхаа аль ч үед хийж буй бүхнээ өөрийнхөө төлөө хийж байна уу? гэдгийг бодож байгаарай. Хэрвээ таны шийдвэр бүхэн бусдын төлөө байгаа бол та хэзээ нэгэн цагт харамсах л болно.
2
Хайраас илүү чухал зүйл гэж байхгүй
Амжилт, нэр хүнд гэдэг амьдралын хамгийн чухал зүйл биш. Тиймээс ч эдгэшгүй хүнд өвчин туссан хүмүүс мартагдсан харилцаа холбоогоо сэргээж, гэр бүлийнхэн, найз нөхөдтэйгөө илүү их цагийг өнгөрүүлэх хүсэлтэй болдог. Мөн хэн нэгэнд сэтгэлийн үгээ хэлээгүйдээ маш ихээр харамсдаг. Мэдээж энэ бүхний гол шалтгаан нь зоригтой бус байдал бөгөөд сэтгэл хөдлөлөө нууж, ажил, карьер их хөөдөг байсанд оршино.
3
Төлөвлөсөн зүйлсээ хэзээ ч битгий хойшлуулж бай
“Надад бүх зүйлийг амжуулах хангалттай хугацаа байгаа гэж бодож байсан ч үнэн хэрэгтээ тийм биш байж” гэсэн үгийг та олон хүний амнаас сонсож байсан байх. Зарим нь аялж зугаалж, найз нөхөдтэйгөө уулзаж, хүссэн зүйлсээ хийгээгүйдээ харамсаж ийнхүү ярьдаг. Улмаар тэдний “Оройтоогүй байна” гэсэн хэллэг нь ихэнхдээ “Хэтэрхий оройтсон” болж хувирах нь бий.
4
Хэт их санаа зовох хэрэггүй
Аз жаргал гэдэг бол бидний л сонголт байдаг. Харин сэтгэл зовнил нь эрч хүчээ хий дэмий зарцуулж буй хэрэг бөгөөд энэ нь бодит амьдралын дүр зургийг алдагдуулдаг аж. Амьдралынхаа сүүлийн мөчийг хүлээж байгаа ихэнх хүмүүс “Би яагаад өөрийгөө ийм их аз жаргалтай гэдгээ мэдээгүй юм бол. Хэвийн зүйлс дээр асуудал хайж, бүх зүйлийг сөргөөр хардаг байжээ” хэмээн хэлдэг. Үнэндээ таны зовлон гэж бодож байсан зүйл чинь тийм биш байсан болохыг та хожим ойлгоно. Тиймээс бүх зүйлийг сөрөг талаас нь харахаа больж, шаардлагагүй зүйлсэд санаагаа битгий чилээгээрэй.
5
Өнгөрсөн болон ирээдүйгээрээ битгий амьдар. Яг “одоо” цагтаа л амьдрах хэрэгтэй
Өнгөрсөнд болсон зүйлсийг мартаж, туршлага мэтээр л хүлээн аваарай. Хэрвээ өдрийн төгсгөлд та юу хийснээ санахгүй байвал тэр өдрийг үр бүтээлгүй өнгөрөөсөн гэсэн үг.
Амьдралаа хий хоосон өнгөрүүлсэн хүмүүс “Би яг л унтаж байгаа мэтээр амьдарч байжээ. Миний амьдралын өдөр бүр ижилхэн өнгөрсөн. Гэхдээ би ирээдүйд бүх зүйл өөрчлөгдөнө гэдэгт маш их найддаг байсан” гэж ярьдаг. Хэрвээ та амьдралаа өөрчлөхийг хүсэж байвал таатай нөхцөл байдлыг хүлээхээ зогсоо. Энэ мөч ахиж олдохгүй ч байж магадгүй учир яг одоо өөрчлөлт хийх анхны алхмыг хийгээрэй.
6
Хэт их амиа хичээх нь таныг маш олон зүйлээс хязгаарладаг
Зөвхөн өөрийнхөө хэрэгцээнд тулгуурлаж амьдарч байсан хүмүүс “Хэрвээ би илүү ихийг үлдээсэн бол” хэмээн халагладаг. Мөн тэд бусад хүмүүсийн хувьд ямар ч үнэ цэнэгүй болсон байдаг. Ганцаардмал байдал, зөвхөн өөрийнхөө төлөө амьдарч байсандаа харамсдаг хүмүүс олон байдаг учир та үхсэнийхээ дараа бусдын сэтгэлд үлдээсэн дурсамжаараа л дурсагдана гэдгийг санаарай.