"Дуулиантай", "Зартай" гэх тодорхойлолтыг арай энгийнээр тэд бусдаас өөр байсан гэж тайлбарлаж болох юм. Бидний танд танилцуулах гэж буй 10 эмэгтэй маш хүнд хэцүү, адармаатай амьдралыг даван туулсан бөгөөд тухайн цаг үедээ бусдад сайн сайхнаар харагддаггүй байсан билээ. Магадгүй тэд зүгээр л буруу газраа, буруу үедээ төрчихсөн байх...
10
Жули Д'Обиньи (Julie D’Aubigny)
Жули Д'Обиньи бол 1600-аад оны сүүл 1700-гаад оны эхэн үе хүртэл амьдарч байсан сэлмээр тулалдагч, дуурийн дуучин эмэгтэй юм. Жули нь бага насандаа эрэгтэй хүүхдүүд шиг хувцаслаж, тэднээс байнга суралцсаар бүжиглэх, унших, зурах болон туялзуур сэлмээр тулалдах чадварыг эзэмшжээ. Тэрбээр өсвөр насандаа нэгэн эмэгтэйд дурласан бөгөөд эцэг, эх нь хайртай эмэгтэйг нь хийдэд гэлэнмаа болгожээ. Түүний дараа Жули үхсэн гэлэнмаагийн цогцос хулгайлж хайртай эмэгтэйнхээ сүмийн орон дээр тавьж шатаан хамтдаа зугтааж чадсан юм. Гэхдээ тэдний харилцаа удалгүй дууссан гэдэг. Мөн тэрбээр өөрийг нь доромжилсон нэгэн залуутай тулалдаж мөрийг нь сэлмээрээ нэвт хатгаж байжээ. Жули түүнийг эмнэлэгт очиж эргэх үеэр тэд бие биедээ татагдаж, насан туршдаа найзалсан гэдэг. Жули Д'Обиньи нь тухайн үедээ дэндүү цочирдом нэгэн байсан бөгөөд дөнгөж 30-аад насандаа галд шатаагдаж эмгэнэлтэйгээр нас барсан юм.
9
Гипатия (Hypatia)
Гипатия нь математикч, астрономич, философич нэгэн байсан юм. Тухайн үед эмэгтэйчүүдийг маш их дорд үздэг байсан тул түүний судалгааны ажлуудын ихэнх устаж үгүй болсон байдаг. Түүний эцэг нь маш ухаалаг хүн байсан тул охиноо боловсролтой нэгэн болгож өсгөжээ. Гипатия нь өсөж том болоод голдуу эрчүүдийн хийдэг байсан ажлыг хийх болсон юм. Тэрбээр шавь нартаа хүндлэгдсэн багш болж, цаашлаад нэр хүндтэй эрдэмтэн болж чадсан. Гэвч энэ бүхэн нь Христийн шашин дэлгэрснээр төгсгөл болжээ. МЭ 415 онд Христийн шашны нэгэн бүлэг түүний амийг егүүтгэж, мөчилж шатаасан гэдэг.
Түүний амийг ингэж аймшигтайгаар бүрэлгэх ямар шалтгаан байсан бэ? Христийн шашны бүлгийн хүмүүсийнхээр бол Гитапия хар талын хүчтэй байсан гэнэ. Гэхдээ бодит үнэн бол Гипатия тэдний улс төрийн санаархалд нь саад болж байсан юм. Тэрбээр Христийн шашин шүтдэггүй байсан ба олон нийтийн өмнө Христийн бус философийн талаар ярьдаг байсан нь түүний амиа алдах шалтгаан байсан гэж үзэж болох юм.
8
Бетти Пейж (Bettie Page)
Бетти Пейж бол 1950-аад оны зурагт хуудасны алдартай модель юм. Тэрбээр гэрэл зурагчин Ирвинг Клау (Irving Klaw)-тай хамтран ажилладаг байсан бөгөөд Ирвинг ч түүний алдартай зургуудыг дарсан байдаг. Беттигийн зураг “Playboy” сэтгүүлийн анхны дугааруудын нэгд нийтлэгдэж байжээ. Тэрбээр яваандаа моделиор ажиллахаа больж, олны анхаарлаас зайлсхийх болсон юм. Үүний шалтгааныг Бетти шашны сүсэг бишрэлтэй болсон эсвэл багш болохоор шийдсэнтэй холбоотой гэж үздэг. Тэрбээр нэлээд хэдэн удаа гэрлэж, сэтгэцийн хувьд хэвийн бус болж олон хүнд, хэцүү үеийн туулж байсан гэдэг.
1970-аад оноос Беттигийн нөлөөгөөр “Pop culture” дэлгэрч, түүнийг дүрсэлсэн зургууд алдаршиж, комик номын дүр хүртэл бий болж байжээ.
7
Аргайлийн гүнгийн гэргий Маргарет Кэмпбелл (Margaret Campbell, Duchess Of Argyll)
Маргарет Кэмпбелл бол өв залгамжлагч нэгэн байсан бөгөөд АНУ -д өсөж торнижээ. Тэрбээр 1951 онд Гүн Ян Кэмпбелл (Ian Campbell)-тэй гэрлэсэн ч 1959 онд гэрлэлтээ цуцлуулснаар түүний нэр алдар муу талаараа түгсэн юм. Салж буй хоёр тал бурууг хэн хэндээ тохохыг оролдож байсан бөгөөд Ян Кэмпбелл хувийн мөрдөгч хөлсөлж Маргаретийн өдрийн тэмдэглэл болон зарим нүцгэн зургуудыг гартаа оруулан сүрдүүлж байсан гэдэг. Тиймдээ ч шүүхийн шийдвэр Маргаретийн талд гараагүй юм.
6
Мэри Уолстонкрафт (Mary Wollstonecraft)
Мэри Уолстонкрафт бол зохиолч, философич, 1700-аад оны сүүл үеийн эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч нэгэн байсан юм. Түүний хамгийн алдартай зохиолуудын нэг бол “Эмэгтэйчүүдийн эрхийн баталгаа” бөгөөд уг зохиолдоо эмэгтэйчүүдэд сайн боловсрол эзэмшүүлэх хэрэгтэй бөгөөд эрчүүдтэй адилхан тэгш эрх олгох юм бол тэд зөвхөн сайн эхнэр, ээж байхаас гадна чадварлаг ажилтан байж чадна гэдгийг өгүүлжээ.
Мэри хоёр дахь охиноо төрүүлээд 11 хоногийн дараа нас барсан юм. Дараа нь нөхөр нь түүний намтрыг бичиж хэвлүүлсэн байдаг. Түүний намтраас үзэхэд тэрбээр сэтгэцийн асуудалтай, хууль ёсны бус хүүхдүүдтэй байсан нь нийгмийг шоконд оруулж байсан гэдэг. Энэ бүхнээр нь түүнийг буруутгаж болох ч тэрбээр эмэгтэйчүүдийн хөдөлгөөнд тухайн үедээ л гол төлөөлөгч байсан юм шүү.
5
Софи Жермен (Sophie Germain)
Софи Жермен бол 1700-гаад оны сүүл 1800-гаад оны эхээр амьдарч байсан Франц эмэгтэй юм. Энэ жагсаалтад байгаа бусад эмэгтэйчүүдийн адилаар Софи нь маш их амбицтай байсан бөгөөд тухайн үеийн нийгэмдээ ихээхэн хавчигдаж байжээ. Софи эцгийнхээ номын санд сууж байх үедээ математикт дуртайгаа олж мэдсэн гэдэг. Түүний сэтгэлийг Архимедийн математикт зориулсан хүсэл тэмүүллийн түүх эзэмдсэн бөгөөд эцгийнхээ номын сан дахь математиктай холбоотой бүх номыг уншиж дуусгасан байдаг. Мөн Грек, Латин хэл сурч эртний ном судрыг төвөггүй уншиж ойлгодог байжээ. Гэхдээ эцэг, эх нь түүний математикийн сонирхлыг залуу эмэгтэйд зохимжгүй гэж үзэж байсан тул нэг их таашаадаггүй байсан гэдэг.
Гэсэн хэдий ч Софи математикаа орхиогүй бөгөөд сүүлд “M. Le Blanc” гэх нууц нэрээр сургалт, лекцэд хамрагдаж, Жозеф-Луис Лагранжан, Карл Фридрих Гаусс гэх агуу математикчидтай харилцдаг болсон байна. Түүний Ферматийн сүүлчийн теоремтой холбоотой судалгааны ажлууд математикийн шинжлэх ухаанд том хувь нэмэр оруулсан юм. Түүний математикийн хөгжилд эмэгтэй хүн нөлөө үзүүлж чадна гэдгийг дэлхий нийтэд баталж харуулж чадсан нь бидэнд үлдээсэн хамгийн том бэлэг ажээ.
4
Сидони-Габриэль Колетт (Sidonie-Gabrielle Colette)
Сидони-Габриэль Колетт бол XX зууны дунд үеийн алдартай эмэгтэй зохиолч юм. Тэрбээр бэлгийн амьдрал болон хориотой сэдвүүдээр бичдэг байсан. Амьдралдаа 3 удаа гэрлэж байсан ба эхний нөхөр Анри Готье-Виллар нь түүний бичих авьяасыг нээж өгсөн бөгөөд уран бүтээл туурвиулахын тулд өрөөнд нь цоожилдог байсан гэдэг. Түүний үр дүнд Сидони-Габриэль Колетт 4 зохиол бичиж дуусгасан байдаг. Харамсалтай нь тэдгээр номууд нь нөхрийнх нэрээр хэвлэгддэг байсан ба олсон мөнгөө хувааж авдаг байжээ.
3
Луиза Казати (Luisa Casati)
Луиза Казати (1881-1957) нь маш баян гэр бүлд төрж өссөн бөгөөд өөрийн тансаг найр цэнгүүн, зугаа цэнгэлээрээ алдаршиж чадсан нэгэн юм. Баян гэр бүлийн өв залгамжлагч тэрбээр зохиолч Габриэле Д'Аннунциотай учиртлаа бусдын л адил амьдарч байсан. Хэдийгээр тухайн үед нөхөртэй байсан ч тэрбээр Габриэлетэй янаг амрагийн холбоо тогтоож өөрийн нийгэмд алдаршсан хувь хүний зан төлвөө нээж чадсан гэдэг.
Луиза нэг удаа “Би амьд урлаг болохыг хүсэж байна” гэж хэлснээр түүний хөргийг буулгасан маш олон уран зураг, уран баримал, фото зураг бий болсон юм. Түүний загварын ертөнцөд оруулсан хувь нэмэр одоог хүртэл дурсагддаг билээ.
2
Таллула Бэнкхед (Tallulah Bankhead)
Таллула Бэнкхед бол XX зууны эхэн үеийн кино болон театрын алдартай жүжигчин төдийгүй радио, телевизийн од байсан юм. Тэрбээр “They Knew What They Wanted”, “The Little Foxes”, “Lifeboat” гэх мэт олон кино болон жүжгүүдэд тоглосон байдаг. Таллула нь муухай ааш, энгийн хувцаслалт болон эр, эм хүмүүстэй янаг амрагийн холбоотой байсан зэргээрээ алдаршсан юм.
1
Мэй Уэст (Mae West)
Мэй Уэст нь маш адармаатай амьдралыг туулсан ба 1900-аад оны эхэн үеийн нийгмийг бэлгийн амьдралын талаарх нээлттэй өгүүлэмжээрээ цочирдуулж байсан юм. Тэрбээр зохиолч, жүжигчин, найруулагч бөгөөд уур уцаар ихтэй байдлаасаа болж олон асуудалд орж байсан түүхтэй. 1926 онд түүний өөрөө зохиолыг нь бичиж, найруулан тоглож байсан “Sex” нэртэй Бродвейн жүжиг тухайн үедээ олны анхаарлыг маш их татаж байсан. Мөн түүнийг жүжгээ тоглосных нь дараа цагдаа нар хамтрагчдынх нь хамтаар баривчилж 8 хоног шоронд хорьж байсан гэдэг. Гэсэн хэдий ч тэрбээр адармаатай сэдвүүдээр ёгт агуулгатай олон кино бүтээж чадсан билээ.