Солонгосын алдартай хоолнуудын шилдэг жор

2019-03-16, 17:04
9,179

Уншигч та бүхний амралтад зориулж гал тогоо, хоол хүнсний арвин соёл, уламжлалтай Солонгос улсын нэрийн хуудас болсон алдартай хоолнуудын жорыг хүргэж байна. Дараах жоруудыг Фэйсбүүкийн ~Melody Sounds~ хуудаснаас авсан болно.

Солонгосын алдартай хоолнуудын шилдэг жор
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Дүпүтэй шөл

1. Хамгийн эхлээд шөлийг гаргаж авна. Сайхан амттай шөл гаргаж авахын тулд хатаасан хар хайган загас, улаан лууван /зэрлэг лууван - radish/, далайн замгийг 4 аяга усанд хийж дунд зэргийн гал дээр 10 минутын турш таглаж буцалгана. Дараа нь таглааг авч галын хэмийг зөөллөөд 20 минут буцалгаад загасны мах, замаг, лууван зэргийг шүүж авахад шаргалдуу сайхан үнэртэй шөл бэлэн болно. Эсвэл зүгээр л тос багатай, тосыг нь шүүж авсан тахианы шөл байхад болно.

2. Сармис, бөөрөнхий сонгино, ногоон сонгиныг жижиглэн хэрчинэ. Сайн чанарын шинэхэн кимчиг бэлтгээрэй.

3. Дүпүг хэрчиж бэлтгэнэ. Хэт жижиг хэрчих хэрэггүй. Томхон хэрчвэл сайн.

4. Ургамлын тосыг гал дээр халаасны дараа жижиглэн хэрчсэн сонгино, сармисыг хийж 1-2 минут хуурна.

5. Дараа нь хэрчсэн гахайн махыг хийж 3 минут орчим хуурна. Үүний дараа кимчиг хийж 1 минут орчим хуурсны дараа 1/2 цайны аяга шөл хийж дунд зэргийн гал дээр 6-7 минут орчим жигнэж зөөлөн буцалгана.

6. Дараа нь хэрчсэн дүпү, давс, элсэн чихэр, нунтаг халуун чинжүү болон үлдсэн шөлийг хийж сайтар хутгаад зөөлөн гал дээр өтгөн шөлтэй болтол буцалгана.

7. Шөл өтгөрч бургилан буцлах болно. Амсаж үзээд хүссэнээрээ нэмж амталж болно.

8. Ингээд шөлөн дээр 1 ширхэг өндгийг хагалж зөөлөн гал дээр чанана. Хэрчсэн ногоон сонгиноор амтлаарай.

Дүпүтэй шөл

2 Тагтуритан

Орц:

  • Тахиа (1 ш)
  • Төмс (3 ш)
  • Лууван (1 том)
  • Бөөрөнхий сонгино (1 ш)
  • Ногоон сонгино (1 ш)
  • Сармис (2 хумс) бяцалсан
  • Элсэн чихэр (3 ц/х)
  • Гүчү Жан
  • Улаан перц

Хийх арга:

Тахианы махаа том том цавчиж хэрчинэ. Төмс луувангаа ижил хэмжээтэй хэрчээд 5 минут буцалгана. Дараа нь сонгино, сармис, гүчүжан, гучигару, бяцалсан сармис, бага зэрэг элсэн чихэр, улаан перц, багахан давс хийгээд дахин буцалгана.
Аяндаа шөл өтгөрч улаан хүрэн болно. Хэрвээ шингэн шөлөнд дуртай бол ус нэмээрэй. Мөн халуун ногоог нь бага идмээр байгаа бол бага хийж болно.

Тагтуритан

3 Үхрийн шарсан мах

Орц:

  • Үхрийн нурууны мах - 600гр
  • Цуу - 4 халбага
  • Сахар - 1 халбага
  • Лийрийн шүүс - 3 халбага
  • Бяцалсан ногоон сонгино - 4 халбага
  • Бяцалсан сармис - 2 халбага
  • Перц - 1/4 жижиг халбага,
  • Гүнжидтэй давс - 1 халбага
  • Гүнждийн тос - 2 халбага
  • Зөгийн бал - 1 халбага
  • Чадкару (хушны самрын нунтаг) - 1 халбага

Хийх арга:

1. Үхрийн нурууны махыг 1мм орчим өргөнтэй хэрчинэ.

2. Амтлагчаа бэлтгэж тавина. Амтлагчаа хийхдээ бөөрөнхий сонгино болон лийрийн шүүсээ хутгагч машинд хийж хутгаад дээр нь цуу, няцалсан сармис, сахар, перц хийгээд дахин нэг удаа хутгагч машинд хийж хутгаарай. Мөн дээр нь чамгрим, хийнэ.

3. Сайтар хэрчсэн махыг гал тогооны зориулалтын алчууранд боож шүүсийг нь аваад, махыг бөөгнүүлэлгүй дэлгээд амтлагчаа хийж тавина. Хуурахын өмнө гүнждийн тос хийвэл илүү амттай болно.

4. Үхрийн шарсан махыг модны нүүрсний гал дээр шарвал илүү амттай болох боловч модны нүүрсний гал байхгүй тохиолдолд хайруулын тавгийг халаагаад дээр нь дэлгэж тавиад шарна.

5. Нэг тал нь болбол эргүүлээд нөгөө талыг нь зөөлхөн болгосны дараа зөгийн бал түрхээд дахин болгоно.

Үхрийн шарсан мах

4 Кимчитэй гоймон

Орц: 

  • Бэлэн гоймон - 2 ширхэг
  • Ус - 3 цайны аяга
  • Кимчи - 1/2-1 цайны аяга
  • Давс -1/4-1/2 цайны халбага
  • Халуун чинжүү -1/4-1/2 цайны халбага
  • Гүнждийн тос - 1 цайны халбага
  • Цагаан будааны цуу - 1 цайны халбага
  • Шар буурцагны соус - 1 цайны халбага
  • Паприка - 1 цайны халбага
  • Дүпү - 50-60 гр

Хийх арга:

1. Төмөр тогоонд 3 цайны аяга цэвэр ус, кимчи, гүнждийн тос, будааны цуу, сой соус, паприка, халуун чинжүү, хэрчсэн дүпү, давсыг гал дээр халаангаа сайтар хутгаж хуурна.
2. Шөл халаад эхэлмэгц гоймонгоо хийнэ. Ингээд гоймон хийснээс хойш шөл буцалсны дараа 5-7 минут зөөлөн гал дээр буцалгаж гоймонг зөөллөнө.
3. Хэрвээ та гоймонтой шөлөө өөрийн хүссэн амтанд оруулж халуун ногоотой, өтгөн болгохыг хүсвэл Солонгосын халуун чинжүүний амтлагчуудаас сонгож шөлөө нэмж амталж болно шүү.
4. Ингээд л гоймонгоо амсахад болсон гаргаж болно.
5. Энэхүү шөлийг хэрчсэн ногоон сонгино болон өндөг, зайдас, хиам, гахайн утсан мах зэргээр хачирлан амталж болно гэдгийг санаарай.

Кимчитэй гоймон

5 Кимчи Жигэ

Орц: 

  • Гахайн мах - 180-200 гр
  • Сонгино - 1 ширхэг
  • Сармис - 3 хумс
  • Кимчи - 1 багц
  • Цөцгий - 1-2 хоолны халбага
  • Ногоон сонгино - 50-60 гр
  • Ус - 1,5-2 цайны аяга
  • Цагаан гаа - 1/2 хоолны халбага
  • Сой соус - 1 хоолны халбага
  • Гочужанг - 2 цайны халбага
  • Гочугару - 2 хоолны халбага
  • Дүпү - 200-230 гр
  • Ургамлын тос - 1/2 цайны халбага

Хийх арга:

1. Гахайн махыг /өөхгүй мах эсвэл өөх алагласан мах байж болно/ нимгэн хэрчээд саванд хийгээд үрж жижиглэсэн сармис эсвэл сармисны ханд /чеснок/, нунтаг цагаан гаа, шөлний жан буюу сой соус, хүсвэл 1 хоолны халбага сөжү хийж гараараа базаж сайтар амтлаад 10-15 минут байлгаарай.

2. Ингээд сайн чанарын кимчиг шүүснээс нь салгаж шүүгээд 4-5см урт, өргөнтэйгөөр дөрвөлжин хэрчинэ. Мөн сонгиноо урт нарийн хэрчээрэй. Ёроолтой томхон савыг гал дээр сайтар халаасны дараа гахайн амталсан махаа хийж 2-3 минут хуурч дараа нь хэрчсэн сонгино, кимчигээ хийж сайхан үнэр гартал хэсэг хугацаанд хуурна.

3. Ингээд үлдсэн кимчиний шүүс, ус, гочужанг /Солонгосын халуун чинжүүний амтлагч - Хүнсний захуудаар элбэг байдаг/, амт оруулах үүднээс 2 хоолны халбага гочугару хийгээд сайтар хутгаад буцалгана. Буцалсны дараа амсаж үзэх ба та өөрийн хүсэлдээ нийцүүлэн амтыг нь тааруулж гочужангнаас нэмж болно шүү.

4. Буцалсны дараа дөрвөлжин хэрчсэн дүпүгээ хийж галын хэмийг зөөллөөд 15-20 минут буцалгах ба гахайн мах, кимчи зөөлөрч эхэлнэ.

5. Шөл бэлэн болсны дараа галыг нь унтрааж 1-2 хоолны халбага цөцгий /масло байж болно/, ногоон сонгино зэргээр амтална.

6. Шөлийг агшаасан будаатай хослуулан идэхэд тохиромжтой бөгөөд Солонгос хоолтой зохицохуйц бусад хачрыг бэлтгээрэй.

Кимчи Жигэ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()