1
Дундад зууны гэлэнмаа нар муур шиг дуугарцгаасан нь
Дундад зууны үед олон бүсгүй өөрсдөө хүсээгүй ч эцэг эхийнхээ хүслийг даган гэлэнмаа болдог байжээ. Тэд хүнтэй гэрлэх эрхгүй байсан бөгөөд хөрөнгө мөнгөгүй, хар ажил хийдэг байсан зэрэг нь бүсгүй хүний хувьд хүндхэн хувь тохиол байлаа. Үүнээс ч болсон уу, сүм хийдүүдэд хоёр ч удаа нэгэн хачирхалтай явдал тохиолдсон юм. Эхний тохиолдол нь Францын нэгэн сүмийн гэлэнмаа нар бүгд нэгэн хачин чимээ гаргасан нь "мяу мяу" буюу муур дугарахтай адил чимээ байлаа. Ингээд тэд өдөр бүр тодорхой нэг цагт яг энэ үйлдлээ давтах болов.
Чухам ингэж дуугарахаа болихгүй нь нэгэнт тодорхой болсон тул нутгийн иргэд байдаг бүх аргаа сүвэгчилж эхлэв. Яг тухайн цаг үед Германы нэгэн сүмд нэг гэлэнмаа өөр нэг гэлэнмааг хазсан хэрэг гарсан бөгөөд түүний энэ үйлдэл бусад гэлэнмаа нарт халдварласан юм. Ийм халдвар германы бараг ихэнх сүмд тархсан гэдэг. Харин гэлэнмаа нар сүүлдээ ядарч байж л сая нэг юм больцгоожээ.
2
Бүжиглэдэг тахал (1518)
Страсбургт нэгэн эмэгтэй гудамжинд гарч ирээд үг дуугүй бүжиглэж эхлэв. Ингээд долоо дахь өдөр болоход түүнтэй 34 хүн нэгдсэн байв. Ингээд нэг сарын дараа гэхэд ядарч цуцахаа мэдэхгүй 400 хүн зогсоо, чөлөөгүй бүжиглэж байлаа. Харин эмч нар энэ үзэгдлийг хумхаа өвчний шинж тэмдэг гэж үзээд болиулах ямар ч арга хэмжээ аваагүй юм. Тэд бүр өөрсдөдөө зориулж тайз барьсан байсан бөгөөд удалгүй 15 хүн хэт их ачаалал, зүрхний шигдээс зэргээс шалтгаалан нас баржээ.
3
Салем дахь шулмын ан (1692-1693)
Дөрвөн охин хачирхалтай авирлаж эхлэхэд эхэндээ хүмүүс тэднийг галзуурсан гэж бодож байлаа. Гэвч чухам эндээс л шулмыг яллах шүүх эхэлсэн юм. Түүнчлэн тухайн үед ид шид үзүүлсэн хэмээн 20 гаруй хүнийг буруутгаад байв. Харин тэдэн дундаас нэг хүн өөрөө амьд үлдэхийн тулд бусдыг хуурахаар шийдэж өөр бусад сул чөлөөтэй явж байгаа шуламнуудыг авчирч тушаана гэж хэлснээс олныг хамарсан их үймээн дэгдсэн юм.
Үүнээс үүдэн амьд гарах гэсэн бусад хүмүүс ч нэг нэг хүний нэр хэлэн баривчлуулсаар сүүлдээ 200 гаруй хүнийг цагдан хорьж, 19 хүнийг дүүжилж, нэг хүнийг чулуугаар цохиж алах зэрэг аймшигт үр дагаварт хүргэсэн юм. Гэвч бүтэн нэг жилийн дараа л сая нэг юм хүмүүс үүнийгээ ухаарч, хүнийг буруутгахын тулд баталгаа, нотолгоо хэрэгтэй гэдгийг ойлгосон байна.
4
Эрвээхэйн “үнсэлт” (1899)
Вашингтонд ямар нэгэн сонин шавжинд хазуулсан гэх хүмүүс эмнэлэгт ирэх болж, шинжлэх ухааны сэтгүүлд ч тусгай өгүүлэл гарах болов. Тун удалгүй эмнэлэгт хандагчдын тоо хэвийн хэмжээнээс давж эхэлсэн юм. Гэвч үнэн хэрэгтээ хүмүүсийн яриад байгаа тэр шавж нь ердөө л зөгий, цох, ялаа, эрвээхэй байсан гэнэ. Харин хүмүүс хэт их итгэл үнэмшилдээ автан нойргүй хонох, бие нь муудах, амиа хорлох зэрэг үйлдлүүдийг ч хийж байжээ.
5
Галифакийн мөчлөгч (1938)
Халифаксын хоёр англи эмэгтэй тэдэн рүү алх барьсан аймшигтай нэгэн эр дайрсан хэмээн мэдүүлж эхлэв. Гэтэл төд удалгүй өөр бусад хүмүүс ч гэсэн өөр лүү нь сахлын хутга, мэс барьсан бадриун залуу дайрсан тухай ам уралдан ярих болсон юм. Ингээд Шотландын цагдаа нар энэ хэргийг мөрдөж эхлэв. Гэвч үнэн хэрэгтээ энэ бол олон хүний санаанаасаа зохиосон, зарим нь өөрсдийн болгоомжгүйгээсээ болж биеэ гэмтээсэн хүмүүсийн дэгдээсэн цуурхал болж таарсан юм. Ингээд тэдний заримыг нь олон нийтийг айдаст автуулж цуурхал тараасан хэргээр шоронд хорьсон байна.
6
Инээдэг халдвар (1962)
Өнөөгийн Танзани буюу тэр үеийн Танганьикын дотуур байртай сургуулийн гурван сурагч байнга инээгээд байх болжээ. Гэвч удалгүй бусдад нь халдварлаж нэгэн зэрэг 95 хүн инээж эхэлсэн юм. Зарим нь хэдэн цаг инээсэн бол, зарим нь 16 өдөр инээжээ. Сургуулийг хаасан ч инээд зогссонгүй, ойролцоох тосгоныхонд халдварласан байна. Нэг сар хүлээсний эцэст сургуулийг дахин нээсэн ба нээсэн өдрөөс эхлэн 217 сурагч нь дахин инээж эхэлжээ. Мэргэжилтнүүдийнхээр бол энэ нь бухимдлаас болсон сэтгэцийн эмгэг байж магадгүй гэнэ. Ингээд сургууль дээр онцгой дүрэм тогтоосон ч хүүхдүүд хэт их инээснээсээ болж толгой нь өвдөн, нулимс нь гоожиж муужирч унаж эхэлжээ.
7
Дарамтлах (1983-1992)
Нэгэн ээж хүүхдээ цэцэрлэг дээрээ хүчирхийлэлд өртөж байгаа талаар цагдаад мэдэгдсэн боловч цагдаа нар нэг их ач холбогдол өгсөнгүй. Ингээд удалгүй цагдаа нарын мөрдөн шалгах явцад өөр бусад эцэг эхчүүд гэмт хэргийн шинжтэй 208 тохиолдлын тухай мэдүүлсэн юм. Гэвч ийм халдлагын тухай мэдээ өдрөөс өдөрт нэмэгдэх болж хүүхдүүд өөрсдийг нь шашны зан үйлд албадсан, бүр цус уулгасан, үхэгсдэд өргөл болгоно гэж сүрдүүлсэн хэмээн мэдүүлж байв. Ингээд энэ хэргийн мөрдлөг маш олон жил үргэлжилсэн ч хэрэгтнийг олоогүй бөгөөд эцэст нь энэ бол хүүхдүүдийн зохиосон утгагүй түүх байсан гэдгийг мэджээ.
8
Муужирч унах халдвар (1983)
Иорданы эрэг дээрх сургуулийн 943 сурагч охин бүгд ухаан алдаж унасан явдалд гайхаж, эгдүүцсэн Палестин, Израилийн талууд бие биенийгээ химийн зэвсэг хэрэглэчихлээ хэмээн буруутгаж эхэлсэн юм. Гэтэл ухаан алдаж унасан охидын дөнгөж 20 хувь нь л хорт бодисоор амьсгалсан байжээ. Үлдсэн 80 хувь нь зүгээр л итгэл үнэмшилдээ автан дагаад муужирчихсан хэрэг. Тэдний ихэнх нь 12-17 насныхан байсан бөгөөд хэрэг явдал ердөө нэг ариун цэврийн ариутгагч бодис үнэртсэнээс үүссэн байв.
9
“Чихэрлэг гүзээлзгэнэ” вирус (2006)
Хүүхдүүд бол гайхалтай төсөөлөн бодогчид. Португалид "Чихэрлэг гүзээлзгэнэ" хэмээх цуврал савангийн дуурь гарсны дараагаар 300 хүүхэд гэнэтхэн зэрэг өвчилжээ. Чухам энэ өвчлөлийг тэрхүү цувралаас болсон гэж үзээд энэ үймээнийг намжаахын тулд сургуулиудыг түр хаасан юм. Хүүхдүүдийн амьсгал давчдаж, толгой эргэн, биеэр нь юм туурч байв. Хачирхалтай нь тэдгээр хүүхдүүд кинон дээрх шиг харшил нь ямар нэгэн аймшигтай өвчин болж хувирна гэж айснаасаа болж биедээ харшлын архаг хүнд хам шинжийг бодитоор үүсгэсэн нь энэ байсан юм.
10
Зохиомол хордлого (2007)
Вашингтоны нэгэн сургуульд хий дамжуулах хоолой дэлбэрсний дараагаар сургуулийн сурагчид толгой нь өвдөж байгаа талаар гомдоллож эхлэв. Харин жинхэнэ хийн хордлого Виржиниад болсон бөгөөд шинжээчид тус сургуулиас сэжигтэй юу ч илрүүлээгүй юм. Түүнчлэн шинжээчид энэ үйл явдлыг тайлбарлахдаа сурагчид болон багш нар зүгээр л бага зэрэг ядарсан бололтой гэж үзжээ.
Гэвч 2007 оны есдүгээр сард сургуулийн нэгэн сурагч охины толгой нь эргэж эхэлсэн бөгөөд удалгүй таталт өгч эхэлжээ. Ингээд 10 хүүхэд яг адилхан байдлаар татаж унав. Үүнээс болоод сургуулийг түр хугацаагаар хаахад хүрсэн юм.
Байгаль орчны яамнаас тусгай баг гарган сургуулийн орчныг шалгасан боловч сэжигтэй юу ч илрүүлж чадсангүй. Хэсэг хугацааны дараа л энэ бүхэн ердөө бухимдлаас болсон гэдэг нь тодорхой болжээ. Сургуулийн захирал ч өнөөх өвдсөн сурагчдыг бусад сурагчдаас илүү их ачаалалтай суралцаж байсан тухай мэдүүлсэн байна.
Бонус: 1978 онд Гайана улсын Жонстаунд гарсан шашны аллага
1978 онд Өмнөд Америкийн хойд эрэгт орших Гайана улсын Жонстаун хотод 909 хүн нэг дор үхсэн байдалтай олдож олныг цочирдуулсан юм. Тэгээд ч зогсохгүй тэдний 300 гаруй нь бага насны хүүхдүүд байжээ.
Энэхүү аймшигт хэргийн гол учир нь АНУ-ын Сан Франциско хотод Жим Жонс (Jim Jones) гэгч этгээд социалист үзэлтэй шашны бүлэг болох “Peoples Temple” нэртэй бүлэг байгуулж 909 хүн элсүүлснээс эхэлсэн юм. Ингээд тухайн үед тус шашны бүлгийг хардаж, сэрдэх хүн олширсны улмаас тэрээр өөрийн бүлгийнхнийг дагуулан 1978 онд Гайана улсад ирсэн аж. Үүний дараагаар Жим Жонс өөрийн шашны бүлгийн бүх гишүүдийг дагуулан хотоос зайтай гарч өөрийн дагагсдадаа “хувьсгал” хийх хэрэгтэй хэмээн итгүүлсэн байна. Түүнийхээр бол тэдгээр хүмүүс "хувьсгал" хийхийн тулд амиа хорлох ёстой ажээ. Ингээд тэрээр балчир хүүхдүүдээс эхлэн цианит уулгаж эхэлсэн бөгөөд эцэг эх нь хүүхдүүдээ хордож үхэхийн ажиглан зогсож байсан гэдэг. Харин том хүмүүсийн хор уух ээлж ирэхэд зарим нь хор уулгүйгээр бие биенээ буудаж алсан байдаг. Ийнхүү дараа өглөө нь 900 гаруй хүн газар дээрээ буудуулж эсвэл, хордож нас барсан байхыг нутгийн иргэд олжээ.