1
"Vectidraco daisymorrisae" үлэг гүрвэлийн шинэ төрөл
"Azhdarchoidea" бүлгийн птерозаврын энэ шинэ төрлийг есөн настай Дэйзи Моррис нээж өөрийнхөө нэрээр нэрлэсэн байна. Охин амьтдын янз бүрийн яс, гавал, шүд зэргийг сонирхон байнга эрж хайдаг нэгэн байсан бөгөөд 2009 онд Өмнөд Английн Уайт арлын эргээр зугаалж яваад ер бусын хэвлээр явагчийн чулуужсан яс олсон нь 115 сая жилийн өмнөх үлэг гүрвэлийнх болох нь хожим ил болжээ.
Дейзи энэ талаар эцэг эхдээ хэлсэн бөгөөд тэд Саутгемптоны их сургуульд хандсанаар үнэт олдвор болохыг нь тодорхойлсон байна. Энэ талаар Палентологич эрдэмтэн Мартин Симпсон “Хэрвээ охин үүнийг олоогүй бол энэхүү хосгүй үнэт олдвор далайн түрлэгт автаад устаж үгүй болох байсан” хэмээн онцолсон байдаг.
2
"Hoploparia natsumiae" 130 сая жилийн өмнөх сам хорхой
Дейзитэй нас чацуу Японы Нацуми Кумагаи охин мөн л 130 сая жилийн өмнө, цэрдийн галавын үед амьдарч байсан сам хорхой олсон нь өмнө нь шинжлэх ухаанд танигдаагүй төрөл зүйл байсан юм. Энэхүү олдворыг мөн л охины нэрээр нэрлэсэн байдаг.
Тус олдвор байсан газар буюу Вакаяма гүнлэгийн Юаса хотод малтлага хийснээр тэрхүү нэн эртний олдворт тооцогдох сам хорхойн толгой, их биеийн хэсэг, хумсыг олсон байна. Энэ малтлагад Нацуми өөрийн палеонтологич аавыгаа урьж оролцуулсан гэдэг.
3
Австралопитек седиба
Ойролцоогоор хоёр сая жилийн өмнө плейстоцений эрин үед амьдарч байсан хүн дүрст бичний шинэ төрөл "Australopithecus sediba"-г 2008 онд есөн настай Мэтью Бергерийн ачаар олж илрүүлсэн байна.
Түүний эцэг Өмнөд Африкийн палеонтологич Ли Бергер Йоханнесбургээс баруун хойд нутгийн гүвээнд судалгаа хийхээр явахдаа хүүгээ дагуулан явсан нь ийм нээлт хийх шалтгаан болсон юм.
4
SN 2010lt
Шинжлэх ухаанд шинэ нээлт хийсэн хамгийн залуу хүнээр 10 настай Кэтрин Аврор Грей (Catherine Aurora Gray) тодорч өмнөх 14 настай Каролин Мур (Caroline Moore)-ын дээд амжилтыг давж гарсан байдаг. Охины аав Пол Грей нь одон орон сонирхогч байсан нь бяцхан охины шинэ нээлт хийх түлхүүр болж өгсөн гэдэг. Учир нь түүний аав хамтрагч Дэвид Лэйнтэйгээ хамтран Анаашийн ордын оддын "UGC 3378" гарагийг судалж байх үед охин урьд өмнө нь ажиглагдаагүй дунд зэргийн хэмжээтэй нэгэн одыг олж анзаарсан байна. Ингээд энэ талаар Олон улсын одон орны холбоонд мэдэгдсэнээр энэ нь цоо шинэ нээлт болох нь батлагдаж "SN2010lt" хэмээн нэрлэсэн байдаг.
Хамгийн сонирхолтой нь үүнээс хоёр жилийн дараа түүний дүү Натан Грей мөн л 10 настай байхдаа Луугийн ордноос "PGC 61330" гарагийг олж нээсэн юм.
5
Сопкаргины арслан заан, Жени
2012 онд ОХУ-ын Красноярскийн хязгаарын Сопкаргины хошуу орчмоор зугаалж явсан 11 настай Евгений Салиндер нэгэн үл мэдэгдэх сонин үнэр гарахыг анзаарчээ. Улмаар сониуч хүү юу болохыг нь үзэхээр очсон бөгөөд нэгэн хачирхалтай зүйл олсон нь маш сайн хадгалагдсан арслан зааны 500 кг жинтэй бие байсан юм. Хүү энэ тухайгаа тэр дор нь гэрийнхэндээ хэлсэн бөгөөд эцэг эх нь ойролцоох цаг уурын станцынханд хэл өгчээ.
Тус нээлтийг мөн л олсон эзнийх нь нэрээр Сопкаргины буюу Жени хэмээн нэрлэсэн байдаг. Бяцхан жаалын олсон энэхүү Жени зааны арьсны хэсэг, мах, өөх, тэр бүү хэл эрхтнүүдийн нь хэсэг хадгалагдаж үлдсэнээрээ эрдэмтдэд яг хэдий үед амьдарч байсныг нь тодорхойлох боломж олгосон шинжлэх ухаанд асар их үнэ цэнэтэй нээлт болсон юм. Түүнчлэн тус олдвор дээр тулгуурлан арслан зааны бөгтрөгтөө асар их өөх хуримтлуулан түүнээсээ илч энерги аван өвлийг давдаг болохыг эрдэмтэд тогтоосон байдаг. Харин зааны араг ясан дээр нь анчдын жадны мөр байгаа нь Хойд мөсөн далай, Арктикт 45-48 мянган жилийн өмнө хүн амьдарч байсан гэсэн санал дэвшүүлэхэд чухал баримт болсон байна.