1
Амьдралын ул мөртэй Ангарагийн солир
1984 оны арван хоёрдугаар сарын 27-нд Антарктид тивийн Аллен Хиллсийн уулнаас "Allan Hills 84001" нэртэй солир олдсон юм. Харин энэхүү солирын гадаргуу дээр нян байж болох өчүүхэн чулуужсан биет олдсон нь олон нийтэд хамгийн сонирхолтой дуулиан байв. Ийн дуулиан тарьсны учир нь хүн төрөлхтөн өнөөг хүртэл дэлхийгээс гадна үүссэн нянг нээгээгүй байсан юм. Гэвч энэ биет нь 20-100 нанометр диаметртэй, өөрөөр хэлбэл бидний мэдэх амьдралын эгэл эсээс ч жижиг байсан юм. Түүнчлэн "ALH 84001" солирын хамгийн гайхал төрүүлэм өөр нэг зүйл нь тус солир төрөлх гарагаасаа дөрвөн тэрбум жилийн өмнө салсан бөгөөд солир дээр шингэн ус байсан ул мөр ажиглагдсан байна.
2
Дөрвөн км мөсөн дор байгаа нуур
ХХ зууны газарзүйн хамгийн томоохон нээлтүүдийн нэг бол Антарктид тивийн дөрвөн км зузаан мөсөн доор орших Дорнод нуур юм. Энэхүү нуурыг эрдэмтэд хэдэн сая жилийн хугацаанд гадаад ертөнцөөс мөсөөр зааглагдсан гэж үздэг байна. Дорнод нуурын нийт талбай нь 16 мянган хавтгай дөрвөлжин км, гүн нь 1200 метр аж. Түүнчлэн тус нуур нь газар доорх гүний булгаас үүсч үлдсэн байх гэсэн таамаг ч байдаг.
Тус нуурыг судлах зорилготой судалгааны өрөмдлөг 1989 онд эхэлсэн ч эко системийг бохирдуулна гэж үзэн 1999 онд зогсоон, 2006 онд дахин эхлэхдээ 2013 онд дуусгах зорилт тавьж байжээ.
Ингээд дахин 2015 онд нуурын судалгааны ажил идэвхтэй эхэлсэн байна. Усны дээжээс эрдэмтэд микро организм илрүүлсний нэг нь бидний огт мэдэхгүй төрөл байсан гэнэ.
3
Шатсан ой
Антарктидыг нээсэн тэр цагаас л эрдэмтэд энэ тив хэзээ нэгэн цагт нов ногоон байсан гэх хачирхалтай таамаглал дэвшүүлсээр ирсэн байдаг. Тэгвэл тэд саявтархан Антарктидын янз бүрийн хэсгээс шатсан болон чулуужсан ойн үлдэгдэл олсон нь “Ногоон Антарктид” байсан гэдгийг баталсан төдийгүй, энэ ойд юу тохиолдсоныг тодорхойлох үүргийг давхар авчээ.
Чулуужсан үлдэгдлийг судлах явцад тус ой ойролцоогоор 250 сая жилийн өмнө галт уулын идэвхжил юм уу, солир унасны улмаас дэгдсэн их хэмжээний түймрийн үеэр шатсан байх гэсэн санал дэвшүүлэхэд хүргэжээ. Энэхүү судалгаа одоо ч үргэлжилсээр байна.
4
Мөсөн доорх 91 галт уул
Эрдэмтэд саяхан Антарктидын мөсөн дор хэд хэдэн галт уул байгааг олж илрүүлэв. Магадгүй дэлхийн хамгийн том байж болохоор ийм галт уул нийт 91 байгаа гэнэ. Тэдний ихэнх нь 2км-ийн зузаан мөсөн дор байгаа учир идэвхтэй галт уул байгаа эсэхийг мэдэх аргагүй байгаа юм. Тийм учраас эрдэмтэд тэдгээр галт уулыг зөвхөн радар болон тусгай тоног төхөөрөмжөөр л судалж байгаа аж.
Судлаачдын нэг Роберт Бингем (Robert Bingham) тэнгисийн ёроолд өөр олон галт уул нуугдаж байхыг үгүйсгэхгүй гэсэн бөгөөд хэрвээ тийм тохиолдолд энэ тив галт уулын хамгийн идэвхжилтэй бүс болно гэдэгт итгэлтэй байна гэжээ. Түүгээр ч зогсохгүй тэдгээр галт уулын идэвхжил нь хойд туйлын мөс хайлахад нөлөөлж байж болох юм гэж үзэж байгаа юм байна.
5
Цусан хүрхрээ
Судлаач Гриффит Тейлор (Griffith Taylor) 1911 онд Антарктидад цусан хүрхрээ байхыг олж илрүүлжээ. Цасан цагаан мөсөн уулнаас ув улаан урсгал ус урсаж байна гээд боддоо. Үнэхээр л ус улаан өнгөтэй байсан байх ул мөр үлдсэн бөгөөд эрдэмтэд ихээхэн гайхширч урсгал усанд будагдаж үзсэн улаан замгийг гартаа барьж үзсэн байна.
Энэхүү цусан улаан хүрхрээ удаан хугацааны туршид тайлагдахгүй оньсого хэвээр байсаар XXI зуунд л арай гэж нууц нь тайлагдсан юм. Хүрхрээнээс үлдсэн мөснөөс авсан усны дээж шинжилгээ, бусад судалгаагаар удаан хугацааны туршид нуугдмал байсан мөсөн доорх нуураас эх авдаг байсан нь нотлогдсон байна. Тэндэх бичил организмууд гэрэл, хүчилтөрөгчөөс тусгаар байсаар хувьслын явцад усанд ууссан сульфат, сульфитийн хүчээр сэргэж улаан өнгөтэй болон хувирч байжээ.
6
Антарктидын үлэг гүрвэлүүд
Антарктид тивээс эрдэмтэд 1986 онд үлэг гүрвэлийн анхны олдворыг олж илрүүлсэн байдаг. Гэхдээ ганцханыг. Харин 2016 онд Жеймс Россын арал дээрх шинжилгээний анги үлэг гүрвэлийн нэг тонн гаруй үлдэгдэл олсон нь тухайн үедээ ёстой байж боломгүй олдвор байлаа. Ийм олноороо байна гэдэг нь тэнд үлэг гүрвэл амьдрах боломжтой байжээ гэсэн үг. Одоогоор тэрхүү 71 сая жилээс илүү настай олдворуудыг бүрэн гаргаж авахаар ажиллаж байна.
Ямар төрлийн үлэг гүрвэлүүд байгаа талаар тодорхой мэдээлээгүй ч зарим яс нь плезиозавр, мезозаврынх байгаа бол бусад нь цэрдийн галавын төгсгөл үед хамаарах шувуун, нугасан хошуут байгаа гэнэ.
7
Мэхлэн төөрөлдүүлэгч
Антарктид тив бол олон тооны домог түүхийн өлгий нутаг билээ. Судалгааны эргэн тойронд цаг үргэлж янз бүрийн тайлагдашгүй зүйл, төрөл бүрийн хуурмаг зүйлс илэрсээр байдаг. Энэ нь аялагчид болон судлаачдад төөрөгдөл үүсгэж орчин үеийн шинжлэх ухааны мэдлэгийг үндсээр нь өөрчлөх ер бусын шинэ нээлт мэт санагдуулах тохиолдол бий. Хамгийн алдартай нь энэ.
1. Антарктид дахь цац суварга
Антарктидаас эрдэмтэд хэмжээгээрээ ч, байр төрхөөрөө ч Египетийн цац суваргын нэг хуулбар байж болох суварга оллоо хэмээн 2013 оноос олон нийтийн сүлжээгээр шуугиж эхэлсэн юм. Тэр бүү хэл сансраас авсан зургаа ч хавсаргасан байлаа. Дуулиант энэ мэдээ олон түмний анхаарлыг татаж, үнэнийг дэлгэхэд багагүй хугацаа зарцуулсан юм.
Гэвч "Alien Disclosure Group" нийгэмлэгийн гишүүний нэг Стивен Ханнард энэхүү хуурамч мэдээллийг түгээсний хариуцлагыг хүлээх ёстой. Учир нь энэхүү цац суваргын зураг бол Винсоны бүлэг уулсын орчмоор явсан уулчдын авсан зураг байсан юм. Гэрэл зураг дээр ч, хиймэл дагуулд ч энэ уул үнэхээр ер бусын бүтэцтэй, цаг агаарын онцгой нөхцөлтэй зүгээр л нэг уул байсан байна.
2. Сунгасан гавал
Түүнчлэн өөр нэгэн алмайруулсан олдвор олдсон нь Антарктидаас олдсон гэх ер бусын сунгасан хэлбэртэй гавлын яс юм. Тухайн үед энэ нь нэг хувилбараар хүний, нөгөө хувилбараар харь гаригийн хүнийх гэх таамаглал дэвшүүлээд байсан юм. Гавлын ясны янз бүрийн гэрэл зураг, туршилтуудаар энэ нь музейд байдаг, эртний нийгэмд ихэд тархсан зориудаар сунгаж уртасгасан гавал болох нь тогтоогдсон байна.
3. Үл мэдэгдэх нисдэг биет буусан нь
"Google Map"-аар “аялдаг” хүмүүс саявтархан Антарктид тивийн 54°39’44.62"S болон 36°11’42.47 огтлолцлоос “Ер бусын “Хайпанула” олдвор "W” гэх дүрс бичлэг гаргасныг хэдийнээ гурван сая хүн үзсэн байна. Энд харагдаж байгаагаас Өмнөд Георгийд харь гаригийн хөлөг газардсан гэсэн хувилбар хамгийн их гарсан юм. Харин эрдэмтэд энэ мэдээлэлд тун хянамгай хандаж, харь гарагийнхны хөлөг гээд байгаа тэр гялалзсан зүйл нь ердийн л мөсний гялбаа гэдэгт итгэлтэй байна хэмээн мэдэгдсэн ч дуулиан таригчид үүнийгээ зогсолгүй үргэлжлүүлсээр байгаа юм.