Максим 14 настай байхаасаа гот хөгжим сонсох дуртай болжээ. Нэг удаа гот дууны цомог худалдан авахаар хөгжмийн дэлгүүр ороод өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй герман хамтлагийн цомог авсан байна. Энэ нь Германы “Silke Bischoff” хамтлагийн цомог бөгөөд тэдний дуунууд Максимыг бүхэлд нь эзэмдэх шиг болж, өдөр шөнийн аль ч цагт байнга сонсох болсон гэнэ. Ийнхүү хамтлагийн цахим хуудас руу орох тоолондоо тэрээр нэгэн охины зургийг байнга хардаг байв. Зураг дээрх охин түүнд маш их таалагджээ.
19 настайдаа Максим дуртай хамтлагийнхаа тоглолтыг үзэхээр очтол дэлгэцэн дээр өнөөх охины зураг гарч иржээ. Тэр үед “Энэ охинтой гэрлэх юмсан” гэж яагаад ч юм их хүссэн гэнэ. Гэсэн ч түүнээс хойш он цаг хэдэнтээ улирч, Максим ч “Silke Bischoff” хамтлагаа ор мөргүй мартсан аж.
Харин 26 настайдаа сонсдог байсан дуунуудаа санагалзаж, дуртай хамтлагийнхаа инстаграм хуудсаар нь зочилтол өнөөх дурласан охиных нь зураг гарч иржээ. Тэрээр зураг дээр лайк дарахад хэсэг хугацааны дараа бүсгүй ч түүний зураг дээр лайк даржээ. Ийнхүү Максим тэр бүсгүй рүү зурвас бичиж эхэлсэн юм.
Тэр цагаас хойш тэд өдөр бүр интернэтээр харилцах болж, гурван сарын дараа бүсгүй Германаас Санкт-Петербург хотод Максимтай уулзахаар иржээ. Ингээд ердөө дөрөвхөн хоногийн дараа залуу бүсгүйд гэрлэх санал тавьж, хоёул сүй тавьсан байна. Гэсэн ч бүсгүй 10 хоногийн дараа эргэн гэртээ харьсан юм.
Хосууд дахин интернэтээр харилцах болж, Максим хайрынхаа төлөө герман хэл сурч эхэлсэн аж. Хэсэг хугацааны дараа Максим Герман явж бүсгүйн эцэг эхтэй танилцаж, албан ёсоор хамт амьдрах зөвшөөрөл авчээ. Ийнхүү жилийн дараа хосууд хуримаа хийсэн бөгөөд одоо хамтдаа Германд амьдарч байна.
Дэлхий ертөнц тааварлашгүй зүйлээр дүүрэн гэдгийг тэдний хайрын түүх баталсан юм.