Хүүхэд дээр хийсэн эрдэмтдийн харгис туршилтууд

Ухаан, мэдлэг ур чадварыг хүн төрсөн цагаасаа шууд эзэмшчихдэггүй, тодорхой хугацааны явцад олж авдаг. Өөрөөр хэлбэл алдаа дутагдал гаргасныхаа дараа л туршлага, мэдлэг суудаг. Туршилт хийхээс айдаггүй эрдэмтдийнхээ ачаар хүн төрөлхтөн цахилгаан чийдэн, рентген, вакциныг гаргаж авч чадсан билээ. Гэхдээ туршилт судалгаа хийнэ гэдэг тийм ч хялбар зүйл биш гэдгийг бид мэднэ. Ялангуяа хүний бие дээр судалгаа хийхэд ихэнхдээ хүүхдүүдийг ашигладаг байсан жишээ олон. Ингээд танд хүүхдүүд дээр хийсэн эрдэмтдийн туршилтуудын талаар сонирхуулъя.

Хүүхэд дээр хийсэн эрдэмтдийн харгис туршилтууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хүүхдүүд томчуудын үйл хөдлөлийг шууд дуурайдаг

ХХ зууны дунд үед сэтгэл судлаач Альберт Бандура хүүхдүүд томчуудын ааш занг хэрхэн дуурайх бол гэдгийг судалж үзэхээр шийдсэн байна. Тэрээр Бобо хэмээх том хүүхэлдэй авч хэд хэдэн бичлэг хийжээ. Эхний бичлэг дээр томчууд хүүхэлдэйг тэвэрч энхрийлж байгаа бол, хоёрдугаар бичлэг дээр тэд хүүхэлдэйг зодож, резинэн алхаар зодож байсан юм.

Дараа нь тэрээр хүүхдүүдийг гурван хэсэгт ангилсан байна. Эхний хүүхдүүдэд Альберт хүчирхийлэлгүй бичлэг үзүүлж, хоёр дахид нь хүчирхийлэлтэй хэсгийг, үлдсэн хүүхдүүдэд ямар ч бичлэг үзүүлээгүй аж. Дараа нь хүүхдүүдийг Бобо хүүхэлдэйн байгаа өрөө рүү ээлж ээлжээр нь оруулсан бөгөөд хажууд нь резинэн алх, буу гэх мэт бичлэг дээр байсан бүх зүйл байсан юм.

Хүчирхийлэлтэй бичлэгийг харсан хүүхдүүд ямар ч эргэлзээгүйгээр хүүхэлдэйг зодож эхэлжээ. Яг л томчууд шиг тэд хүүхэлдэйг зодож, загнаж, өшиглөж, алхаар цохиж байсан гэнэ. Харин бусад хүүхдүүдээс огтхон ч хүчирхийллийн шинж тэмдэг ажиглагдаагүй байна.

Туршилтын гол утга учир нь хүүхдүүд томчуудын үйл хөдлөлийг шууд дуурайдагт оршино. Тиймээс хэрвээ таны хүүхэд хараалын үг хэлж, зодолдож, эцэг эхийнхээ өөдөөс хэрэлдээд байвал хэнийг дуурайж байгаа бол гэдгийг бодож үзээрэй.

Хүүхдүүд томчуудын үйл хөдлөлийг шууд дуурайдаг

2 Шимпанзег хүүтэйгээ хамт өсгөж туршжээ

ХХ зууны 30-аад оны үед эрдэмтэд үр хүүхдэд нь эцэг эхээс ямар зан чанар, хэдэн хувиар удамшдаг болохыг тогтоон, хүмүүжлээр ямар зүйлийг өөрчилж болох талаар мэдэхийг хүсчээ. Сармагчинг хүн шиг өсгөхгүй байгаа учир тэд ярьж чаддаггүй, үйл хөдлөл гаргаж чаддаггүй гэх онол ч гарч байсан юм.

Сэтгэл судлаач Уинтроп Келлог энэхүү онолыг туршилтаар баталсан байна. Тэрээр Дональд хэмээх хүүтэй болсон бөгөөд долоон сартай шимпанзег хүүтэйгээ цуг өсгөхөөр гэртээ авчирчээ. Сармагчинд тэд Гуа хэмээх нэр өгсөн аж.

Гэвч бүх зүйл төлөвлөснөөс тэс өөрөөр эргэсэн юм. Хэдийгээр Гуа халбагаа барьж, хүний хэл бага зэрэг ойлгодог болсон ч хөгжил нь тийм ч сайнгүй байсан гэнэ. Харин Дональд сармагчинг дуурайн орилж, үсэрч харайх болсон гэнэ. 2.5 жилийн дотор сармагчин ердөө гуравхан үг сурсан учир туршилтыг хугацаанаас нь өмнө зогсоохоос өөр аргагүй болжээ.

Хүүхэд амьтны үйл хөдлөлийг хүртэл дуурайдаг болохыг энэ туршилтаас харж болно. Харин амьтан хүнийг дуурайдаггүй гэдэг туршилтаар батлагджээ.

Шимпанзег хүүтэйгээ хамт өсгөж туршжээ

3 Хүүхдэд буруутай сэтгэгдэл төрүүлэх

Айовагийн их сургуулийн сэтгэл судлаачид хүүхдэд бурууг нь ойлгуулахын тулд нэгэн хачирхалтай туршилт хийсэн байна. Энэхүү туршилтанд эвдэрхий гартай хүүхэлдэй тус болсон юм. Том хүн хүүхдэд хүүхэлдэйг өгөөд түүний хувьд маш үнэ цэнэтэй гэж ойлгуулан болгоомжтой хандахыг хэлдэг.

Харин хүүхэлдэй хүүхдийн гарт очмогцоо удалгүй гар нь эвдэрч салж унадаг аж. Зааврын дагуу тухайн хүн хүүхдийн сэтгэл хөдлөлийг бүтэн минутын турш анзаарах хэрэгтэй байжээ.

Өөрийгөө хүүхэлдэйн гарыг хугалсанд буруутгаж буй хүүг тэр хүн ямар ч чимээ гаргахгүй ажиглахаар хүүхдийн сэтгэл зүй ямар байх бол. Хэсэг хугацааны дараа яг ижилхэн хүүхэлдэй авчраад хүүхдийг буруугүй гэдгийг түүнд хэлэх болно. 

Туршилт ямар зорилготой вэ гэж та гайхаж магадгүй. Туршилтанд оролцсон хүүхдүүд илүү тайван биеэ авч явах болсон гэнэ. Гэвч өөрийн бурууг ойлгосондоо бус, харин хэн нэгнийг гомдоох вий гэсэн айдсаасаа болсон байх магадлалтай.

Хүүхдэд буруутай сэтгэгдэл төрүүлэх

4 Хүүгийн хүйсийг өөрчлөх гэсэн амжилтгүй оролдлого

Брюс Реймер ихрийнхээ хамтаар 1965 онд Канадад төржээ. Хүүг найман сартай байхад эмч нарын алдаанаас болж бэлэг эрхтэнийх нь нэг хэсгийг шатаачихсан байна. Ингээд сэтгэл судлаач Жон Мани хүүгийн хүйсийг өөрчилж, эмэгтэй хүүхэд мэт өсгөх хэрэгтэй гэсэн зөвлөгөөг гэр бүлийнхэнд нь өгчээ.

Эцэг эх нь ч энэ санааг дэмжсэн байна. Харин тухайн судлаачийн хувьд хэрхэн хүмүүжүүлснээр тухайн хүний хүйс тодорхойлогдоно гэдгийг батлах боломжтой болсон юм.

Гэхдээ Брюс даашинз өмсөж, хүүхэлдэйгээр тоглож Брэнди нэртэй болохыг хүсэхгүй байжээ. Сэтгэл судлаач бүх зүйл хэвийн болно гэж Брюсийн эцэг эхийг итгүүлж чадсан ч он цаг өнгөрөх тусам асуудал улам л хүндэрч байсан юм. Бүх үнэнийг мэдсэн хүү хүйсээ солиулж эрэгтэй болоод гэрлэсэн аж. Харамсалтай нь 38 насандаа тэрээр амиа хорлосон байна.

Энэ төрлийн туршилт нь хүчээр хүүхдийн сэтгэл зүйг эвдэх гэсэн оролдлого юм. Сүүлийн үед хүйсийн талаар асуудал нэлээд яригдаж байгаа ч хэрвээ хүүхэд хүсэхгүй бол аливаа зүйлийг өөрчлөх боломжгүй гэдгийг баталсан туршилт болжээ.

Хүүгийн хүйсийг өөрчлөх гэсэн амжилтгүй оролдлого

5 Нүүрний хувиралгүй гижигдэх

Сэтгэл судлаач Кларенс Леуба 1933 онд бид яагаад гижигдэхээр инээдэг болохыг мэдэхээр шийджээ. Энэ нь төрөлхийн дохио юу, эсвэл  гижигдэж байгаа хүний инээмсэглэлийг хараад инээж байна уу  гэдгийг тэр илүүтэй сонирхсон гэнэ. Тэгээд туршилтыг өөрийнхөө хүү дээр хийхээр болсон аж.

Кларенс Леуба хүүд гар хүрэх, гижигдэхийг хориглосон бөгөөд эхнэрээ түүнд хүрэх үедээ инээмсэглэхгүй байхыг сануулсан байна. Леуба зөвхөн туршилт хийх үедээ л хүүгээ гижигдэх ёстой байсан гэнэ.

Өөрийн туршилтын үеэр тэрээр нүүрэн дээрээ цаасан баг зүүгээд хүүг гижигдэж байжээ. Гэвч эхнэр нь тэсэлгүй инээж нөхрийнхөө туршилтыг нураасан байна. Хэсэг хугацааны дараа туршилтыг хосууд хоёр дахь хүүхэд дээрээ хэрэгжүүлжээ.

Туршилтын үр дүнд “Хүүхдүүд инээх ёстой гэдгийг мэдэхгүй байсан ч инээдэг” гэсэн дүгнэлтийг сэтгэл судлаач гаргасан байна. Гэхдээ хүүгээ туршилтанд ашиглана  гэдэг нэг талаас аймшигтай зүйл байгаа биз.

Нүүрний хувиралгүй гижигдэх

6 Вакцин гаргаж авахын тулд хүүдээ зориуд салхин цэцэг өвчин халдаажээ

Английн эмч Эдвард Женнер XVIII зууны үед салхин цэцэг туссан хүн дахин салхин цэцэг тусдаггүй болохыг батлахыг зорьсон байна.

Өөрийн хэлснийг үнэн гэдгийг батлахын тулд тэрээр өөрийн хүүдээ үхрийн салхин цэцэг өвчнийг зориуд халдаажээ. Дараа нь хүүг эдгэсний дараа тэрээр хүмүүсийн тусдаг энгийн салхин цэцэг өвчин дахин халдаасан бөгөөд хэрвээ Эдвардын онол үнэн бол хүү дахин өвчин тусахгүй байх байлаа.

Азаар Эдвардын хэлсэн үнэн байж хүү огтхон ч өвдөөгүй юм. Эс тэгвээс тэрээр туршилтын төлөө хүүгийнхээ амь насыг хороосон галзуу эмч, бас эцэг болох байсан юм. Харин одоо түүнийг вакцин нээсэн гэдгээр нь хүн бүр мэднэ.

Вакцин гаргаж авахын тулд хүүдээ зориуд салхин цэцэг өвчин халдаажээ

7 Цагаан зүйл хараад айдаг болгох

Эрдэмтэн Жонн Уотсон хүүхдийн сэтгэл хөдлөл хэрхэн бий болдог талаар мэдэхийг хүсчээ. Үүний тулд тэрээр есөн сартай хүү Альберт дээр туршилт хийсэн бөгөөд түүнийг цагаан зүйлээс айдаг болгожээ.

Эхлээд тэр хүүд цагаан харх харуулсан байна. Харханд дасаж тоглож эхлэхэд тэрээр хүүг харханд гар хүрэх тоолонд төмөр шугамаар гарыг нь цохиж байсан юм.

Ингээд Альберт харх төдийгүй хархтай төстэй бусад цагаан зүйлээс айх болсон гэнэ. Цагаан зүйл харсан даруйдаа хүү уйлж байжээ. Туршилтыг зогсоож, ээж нь хүүгээ аваад явсан байна.

Энэ аргыг циркийн амьтныг сургахад ашигладаг бөгөөд хүүхдийн сэтгэл хөдлөлийг ч энэ арга замаар тогтоож болох нь ээ. Азаар хүүхдийн сэтгэл санаа, сэтгэл зүйд нөлөөлөх энэ төрлийн туршилтыг хүүхэд дээр дахин хийхийг хориглосон байна.

Цагаан зүйл хараад айдаг болгох

8 Хүүхдийг ээрүү, гацаа болгох туршилт

1939 онд эрдэмтэн Уэнделл Жонсон болон Мэри Тюдор нар хэл ярианы хөгжлийн талаар судалгаа хийж байхдаа аймшигтай туршилт хийжээ. Тэд 22 хүүхдийг хоёр хэсэгт хувааж, нэг бүлэг хүүхдийг ээрүү болгох туршилт хийж эхэлсэн юм.

Эхний бүлгийн хүүхдүүдийг үргэлж магтаж байсан бол хоёр дахь бүлгийн хүүхдүүдийг буруу ярилаа хэмээн шоолж, тэднийг ээрүү болно гэж хэлж байжээ. Хоёрдугаар бүлгийн олон хүүхэд ярихаа больж, зарим нь үнэхээр ээрүү болж байв.

Сэтгүүлчид Жонсоны туршилтыг “Хар дарсан туршилт” хэмээн нэрлэх болсон бөгөөд хэл ярианы хөгжлийг таатай орчин нөхцөлд судалсан нь илүү үр дүнтэй гэж үзсэн юм.

Туршилтын үр дүнд, хэрвээ хүүхдийг үргэлж загнаж, түүн рүү орилох юм бол бид өөртөө итгэлгүй хүүхдийг өсгөнө.  Харин үргэлж магтах юм бол хүүхэд төрөлхийн асуудалтай байсан ч энэхүү асуудлаа давж гарах чадалтай болдог гэсэн байна.

Хүүхдийг ээрүү, гацаа болгох туршилт

9 Павловын туршилт

Орост эрдэмтэн Иван Павловын талаар мэдэхгүй хүн бараг байхгүй. Тэрээр хоолны рефлексийг судлахын тулд нохдыг судалгаандаа ашигласан юм. “Павловын нохой”-н баримал хүртэл байдаг ч нохойны оронд хүүхэд ч байх боломжтой байжээ.

Павлов зөвхөн ноход дээр төдийгүй гэр оронгүй, асрамжийн газрын 6-15 насны хүүхдүүд дээр туршилт хийдэг байсан юм. Туршилтын дараа хүүхдүүдийг амттанаар дайлдаг байсан учир тэд туршилтанд оролцохыг дуртайяа зөвшөөрчээ.

Туршилтын үр дүнд Павлов хүн болон амьтны хоолны рефлекс төдийлөн ялгаагүй болохыг нотолсон байна. Тэрээр энэ ололтоороо дахин Нобелийн шагнал хүртэхийг хүсэж байсан ч хүүхдүүдийг туршилтанд зүй бусаар оруулсныг нь үзээд шүүгчид нэр дэвшүүлээгүй аж.

Павловын туршилт

Хүн дээр туршилт хийнэ гэдэг хамгийн асуудалтай зүйлсийн нэг билээ. Нэг талаас эрдэмтдэд мэдээлэл авахад тусалдаг ч нөгөө талаас ёс зүйн олон асуудал тулгарч байгаа юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()