Эмэгтэйчүүдийн эрхийг уландаа гишгэдэг улс орнууд

2017-12-22, 15:37
11,952

Байгалийн гайхамшгийг өөрийн нүдээр үзэх, өөр соёл иргэншлийг танин мэдэх, хачирхалтай сонин хоолнуудыг турших, шинэ танилуудтай болох гээд аялалд гарах олон шалтгаанууд байна. Орчин үед гадаад явах нь хялбар болсон учраас гадаадад аялж, зугаалах хүний тоо нэмэгдсээр байгаа билээ. Шинэ улс орон руу явахдаа бид аюулгүй байдлыг хангалттай мэдэрдэг ч бодит байдал өөр байдаг. Одоог хүртэл цагаан арьстай эмэгтэйчүүд хүртэл очихоос айж түгшдэг улс орон дэлхий дээр олон байгаа. Улс бүр өөрийн гэсэн сайн, муу талтай учраас хаана ямар аюул учирч болохыг мэдэж авах хэрэгтэй. Гэхдээ дор дурдагдсан орнуудад бүр зорчихыг хориглосон юм биш. Магадгүй хэзээ нэгэн цагт очих шаардлага гарвал анхаарал болгоомжтой байхад илүүдэхгүй.

Эмэгтэйчүүдийн эрхийг уландаа гишгэдэг улс орнууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

15 Саудын Араб

Саудын Араб нь түүхэндээ эмэгтэйчүүдийн үндсэн эрхэнд зөвхөн машин барих эрхийн үнэмлэх л авч болох заалттай гэдгээс үзвэл нээх их гайхаад байхаар улс биш гэдэг нь харагдаж байна. Энэ улсад зочлож байгаа эмэгтэйчүүд нь заавал эрэгтэй хүнтэй хамт явах, ихэнхи газарт явахдаа толгойгоо хүртэл далдалсан хар хувцас өмсөх ёстой аж. Мөн ямар нэг хууль бус үйлдэл гаргасан буюу олон нийтийн газар нялуурсан, хувцаслах журмыг зөрчсөн, нөхрөөсөө өөр хүнтэй хамт явж байгаа зэргийг хянан ажиглаж, үүнийг зөрчсөн эмэгтэйчүүдийг барьж хорих эрхтэй шашны бүлгэм (The Mutawwa) хүртэл байдаг. АНУ-аас Саудын Араб руу зорчиж буй аялагчдад хандан,  "АНУ болоод барууны улс орнуудын иргэд, байнга айлчилдаг газруудад халдлага явуулах сүрдүүлэг" ирсэн талаар дурдаж, эрсдлийг бодож үзэхийг анхааруулжээ. 

Саудын Араб

14 Гондурас

Эргэлзэх зүйлгүй Гондурас бол аллагын гэмт хэргийн тоогоороо дээгүүрт бичигддэг улсуудын нэг билээ. Зэвсэглэсэн цагдаа хүчний байгууллагынхан гудамжаар эргүүл хийж байх нь жирийн үзэгдэл бөгөөд ийм дүр зургийг та гэр бүл, найз нөхөддөө зураг болгон явуулахыг тийм ч их хүсэхгүй л болов уу. Ихэнхи хүн амины хэрэг нь гэмт хэргийн бүлэглэлтэй холбоотой байдаг ч дээрэм тонуул, гадаадын иргэнд халдах, зэвсэглэсэн хулгай зэрэг ч цөөнгүй тохиолддог. "Lonely planet" сэтгүүлд: "Гондурас бол эрчүүдийн эрхт ёс давамгайлсан улс бөгөөд эмэгтэй аялагчдын хувьд хувийн аюулгүй байдал маш том асуудал болсоор байна" гэжээ. Харамсалтай нь, эмэгтэйчүүдийн ихэнхи нь хүчирхийлэл дайралтанд биш хулгай дээрмийн золиос болдог аж. Өдрийн цагаар ч гудамжинд дээрэмдүүлэх магадлал өндөр төдийгүй Их Британийн аялал жуулчлалын цахим хуудаснаа гэмт хэрэгт өртөхгүйн тулд биедээ бага хэмжээний бэлэн мөнгөтэй явахыг сануулсан зурвас нийтэлсэн байдаг. 

Гондурас

13 Япон

Аюулгүй байдлаараа дэлхийд алдартай Япон орныг энэ жагсаалтанд хараад та гайхаж магадгүй. Гэвч, үнэн хэрэгтээ бэлгийн хүчирхийллийн асуудал Японд газар аваад байна. Галт тэрэг, метро зэрэг олон хүнтэй газрыг далимдуулан эмэгтэйчүүдийн биед зүй бусаар хүрэх явдал их гардаг тул зөвхөн эмэгтэй хүн суух кабиныг хүртэл нээжээ. Гадаад эмэгтэйчүүдийг этгээд сонин гэж үздэг тул биед нь хүрэх, хүч хэрэглэх, дагах гэмт хэргүүд бүртгэгддэг байна. Энэхүү гэмт хэрэг нь ичгүүртэй байдлыг дагуулдаг учраас хохирогчид тэр бүр цагдаад мэдэгдээд байдаггүй. Нийт хохирогчдын 18% нь л хууль хүчний байгууллагад ханддаг байна.

Япон

12 Ямайк

Нарлаг өдрүүд, тунгалаг далайн устай Ямайк бол олон эмэгтэйчүүдийн очиж үзэхийг хүссэн газруудын жагсаалтанд багтдаг. Хэрхэн хувцаслах дүрэм журам байхгүй ч сонор сэрэмж хэзээ ч энд илүүдэхгүй. Амралтын газар, буудалд байрлаж байсан ч анхааралтай байх хэрэгтэй бөгөөд Батлан хамгаалах яамнаас гаргасан мэдээлэлд энэ төрлийн газруудад хамгийн их гэмт хэрэг гардаг гэжээ. Мөн "АНУ-ийн Элчин сайдын яаманд 12 сарын хугацаанд Ямайкд зочилсон Америк жуулчдад үйлдэгдсэн бэлгийн хүчирхийллийн хэрэг олон тоогоор бүртгэгджээ. Эдгээр хэргүүдийн ихэнхи нь дээд зэрэглэлийн амралтын газруудад гарсан бөгөөд цөөнгүй тооны гэмт хэргийг амралтын газрын ажилчид, албан хаагчид үйлдсэн нь нотлогджээ.

Ямайк

11 Энэтхэг

Энэтхэг улсын бэлгийн дарамтын асуудал урт хугацааны турш яригдсаар ирсэн. Эмэгтэй жуулчидтай зүй бусаар харьцах, биенд нь зөвшөөрөлгүй хүрэх, хүч хэрэглэсэн хэргүүд өдрийн цагаар төдийгүй өөр хүнтэй хамт байхад нь хүртэл үйлдэгддэг ажээ. Энэ төрлийн гэмт хэргүүд нь хаа сайгүй гардаг бөгөөд ихэвчлэн хүн ихтэй газар болох худалдааны төв, гудамжинд болдог байна. Японтой адил эмэгтэй хүн л суудаг кабиныг ашиглалтанд оруулжээ. АНУ-ын засгийн газраас эмэгтэйчүүдийг ганцаараа Энэтхэг рүү явахгүй байхыг анхааруулж, Энэтхэгийн Аялал жуулчлалын яамнаас гэмт хэрэгт өртөхгүйн тулд эмэгтэй жуулчдыг богино банзал өмсөхгүй байхыг зөвлөжээ.

Энэтхэг

10 Бразил

НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагаас гаргасан мэдээллээр, Бразил улс нь хүн амины хэрэг хамгийн их гардаг улсуудын жагсаалтын дээгүүрт бичигддэг. Цагдаа, хууль хүчний байгууллагын сул ажиллагаанаас болж жуулчид олноор цугладаг газруудад зэвсэглэсэн дээрэм, хүн хулгайлах, бэлгийн хүчирхийллийн хэрэг ихээр гардаг аж. Сүүлийн үед жуулчдыг сүрдүүлж, бэлэн мөнгөний машинаас мөнгө авахуулаад сулладаг гэмт хэргүүд газар аваад байна. Энэ жил, 2 хамаатан болон Итали хөтөчтэйгөө хамт явсан 67 настай Испаний жуулчинг гэмт хэрэгтэн хэмээн андууран цагдаа нар буудаж амь насыг нь хөнөөжээ. Учир нь тэрээр цагдаа нарын тавьсан хурд сааруулагч дээр зогсоогүй гэж Рио-де-Жанейро-ын цагдаагийн хэлтсээс мэдэгдсэн байна. 

Бразил

9 Египет

Сүүлийн жилүүдэд энэ оронд гарч буй хүчирхийлэл, гэмт хэргийн тоо огцом нэмэгдэж байгаа ч гудамж, гадаа талбайд цагдаа нар бүр ч багасчээ. Худалдааны төвүүдээр явж байхад эмэгтэй жуулчдын биенд нь зүй бусаар хүрсэн явдал үргэлж гардаг байна. Зүгээр нэг хүний нүдрүү харахад сээтэн хаяж буй мэтээр хүлээн авдаг тул зарим бүсгүйчүүд олон нийтийн газарт нарны шил зүүж явдаг аж. Биеэ ил гаргасан хувцас өмсөх нь анхаарал татаж, гэмт хэрэгт өртөх магадлал бий болгодог тул хөтөч байгууллагуудын зүгээс бугуй, шагай, үсээ хүртэл хаасан хувцас өмсөхийг зөвлөдөг. Дээрхээс гадна террорист халдлага, хүн хулгайлах гэмт хэргээс сэргийлэх хэрэгтэй хэмээн аяллын талаар зөвлөгөө өгдөг Их Британий цахим хуудаснаа нийтлэгдсэн байна.

Египет

8 Тайланд

Жагсаалтан дахь бусад орнуудтай харьцуулахад Тайланд нь эмэгтэй жуулчдад арай ээлтэй боловч очихоос татгалзвал зохих нэг арал бий. Уг арал нь  Koh Tao гэх нэртэй боловч хэрцгийгээр амь насаа алдсан жуулчдын хэргээс болж "Үхлийн арал" гэж алдаршсан юм. Оросын жуулчин 23 настай, Валентина Новозёонова зочид буудлаасаа алга болоод олдоогүй бөгөөд гар утас, пасспорт, зургийн аппарат зэрэг эд зүйлс нь бүгд өрөөнөөс нь олдсон. Бас нэг тайлагдаагүй үлдсэн хэрэг нь Британий үүргэвчтэй аялагчид болох Ханна Видриж, Дэвид Миллэр нар зочид буудал руугаа буцах замдаа алуулсан байдалтай олдсон явдал юм. Энэ хэргийг үйлдсэн хэмээн Мьянмарын 2 цагаач иргэнийг хорьсон ч тэднийг хилс хэрэгт оруулсан, жинхэнэ гэмт хэрэгтэн зугтсан гэж хүмүүс итгэдэг. Уг арал дээр нууцлаг хэргүүд, ор сураггүй алга болсон хүмүүс нилээн хэд бүртгэгдсэнээс арлыг мафийн бүлэглэл эзэмшиж, удирддаг гэсэн цуу яриа байдаг. 

Тайланд

7 Мексик

Эмэгтэй адал явдал хайгчид, ялангуяа үүргэвчтэй аялагчид цувах болсон Мексик улс мөн энд дурдагдаж байна. Тижуана дахь Бажа гэх нутагт очих нь жуулчдын хувьд тун аюултай. АНУ-ын Консулын газраас энэ бүсэд гарсан гэмт хэргийн тоонд үндэслэн, ганцаараа яваа жуулчдыг дээд зэргийн анхаарал, сонор сэрэмжтэй байхыг захьжээ. Олон эмэгтэйчүүд амралтын газруудын бар, ресторанд согтууруулах ундаа хэрэглээд ухаан алдсан байсан талаараа мэдээллэжээ. Энэ жилийн эхээр, 20 настай Америк бүсгүй дээд зэрэглэлийн амралтын газар усан сангаас амиа алдсан байдалтай олдсон байна. Түүний эгэмний яс хугарсан байсан боловч үхлийн шалтгаан нь нууц хэвээр байгаа юм. 

Мексик

6 Кени

Энд гардаг ихэнхи гэмт хэргүүд нь хохирогчдыг ичгүүртэй байдалд оруулах учраас нуун дарагдаж үлддэг. Үүнээс илүү харамсалтай нь, гэмт хэргийн хохирогч болсон эмэгтэйчүүдэд зохих эрүүл мэндийн болон сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх нь тун ховор. Зэвсэгт дээрэм, хүн хулгайлах гэмт хэргээс гадна террорист бүлэглэлүүдийн халдлагад эмэгтэйчүүд, хүүхдүүд илүү өртдөг. "Ал Шабаб" террорист бүлэглэлийн хэргүүд огцом өсч байгаагийн дийлэнхи нь охид, эмэгтэйчүүдийг хулгайлж, цааш нь худалдаж зарах хэрэг байна. Мөн тэд муслимын шашныг шүтдэггүй хүмүүсийн толгойг авж, цаазладаг гэдгээрээ зартай. Ихэнхи жуулчид Кенийн онгон байгаль, зэрлэг амьтдыг нүдээр харах гэж зорьдог хэдий ч аж ахуй эрхэлдэг фермеруудын дундах зэвсэгт мөргөлдөөний улмаас сафари аялалд явахад хүртэл эрсдэлтэй болжээ. 

Кени

5 Колумб

Хэдийгээр мансууруулах бодисын хаан гэгдэх Пабло Эскобартай хамаатай түүх ард хоцорсон ч энэ нь Колумбыг аюулгүй улс гэж нэрлэхэд хангалттай биш. Энд ирсэн жуулчин эмэгтэйчүүд гудамжинд явж байхдаа гэмт хэрэгт өртөх магадлал өндөр байдаг бөгөөд ялангуяа шөнө оройн цагаар ганцаараа явахгүй байх хэрэгтэй. Хууль хүчний байгууллагаас гэмт хэрэгтэнд өгөх ял шийтгэл нь тийм ч шударга биш байдаг төдийгүй халдлагын хохирогчид эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах боломжгүй байдаг ажээ.

Колумб

4 Марокко

Марокко руу аялахдаа та халаасны хулгай, цүнх булаах, хулгай дээрэм, гадаадын иргэд, ялангуяа АНУ-ын иргэдэд чиглэсэн террорист халдлагад өртөх эрсдлийг хүлээн зөвшөөрч байна гэсэн үг. Эдгээрээс гадна, төөрсөн жуулчдыг хуурч мэхлэн, эд хөрөнгийг нь булаан дээрэмдэх явдалд ганцаараа аялаж байгаа эмэгтэйчүүд ихээр өртдөг. Мөн соёлын ялгаа асар их байдаг. Жишээ нь, ил задгай хувцас өмсөх нь хүмүүсийн анхаарлыг татах, хэн нэгэн рүү хараад эелдгээр инээмсэглэх нь сээтэн хаяж байгаагаар ойлгогддог. Эмэгтэй хүн ганцаараа кафед суух нь ховор учраас энэ нь эрчүүдэд урилга мэтээр санагддаг байна.

Марокко

3 Багам

Багам нь бидэнд газрын диваажин мэт санагддаг ч муу тал ч бас байгаа. Ганцаараа аялж байгаа эмэгтэйчүүд олны анхааралд өртөж, нөхөр тань хаана байгааг асуух хүмүүсээс залхах болно. 2012 онд НҮБ-ээс Багам нь Карибийн арлууд дундаас хамгийн их гэмт хэрэг гарсан орноор тодроод байсан бол энэ тоо одоо ч багасах шинжгүй байна. Мөн дээрэм тонуул, хулгайн гэмт хэрэг их гардаг. АНУ-ын Элчин сайдын яамнаас Нассу гэх нэртэй худалдааны төвийн орчимд буу, хутга зэрэг хүйтэн зэвсгээр сүрдүүлж, жуулчдыг дээрэмдсэн талаар мэдэгджээ. 

Багам

2 Арабын нэгдсэн эмират улс

Арабын нэгдсэн эмират улс хүйсийн эрх тэгш байдлын тал дээр асуудалтай байдаг нь эмэгтэй жуулчдын туршлагаас үзэхэд мэдэгдэж байна. АНУ-ын засгийн газраас тус улсад зорчиж байгаа эмэгтэйчүүдийг биеийн болон сэтгэл зүйн халдлагаас өөрийгөө сэргийлж, ганцаараа гадуур алхаж, зугаалах, согтууруулах ундаа хэрэглэх, таксинд суухдаа ч болгоомжтой байхыг сануулжээ. Зан заншлын хувьд ч асар их ялгаатайгаас дурдвал: "Эмэгтэй хүн хэзээ ч машины урд суудалд суудаггүй, танихгүй эрэгтэй хүнтэй юм ярих хориотой" зэрэг болно. Үүнтэй холбоотой нэг хэрэг гарсан нь Абу Дабид жирэмсэн болсон гэдгээ мэдсэн Украйн бүсгүйг барьж хорьсон явдал байлаа. Гэрлэлтээс гадуур нууцаар амраглах нь АНЭУ-д хууль бус байдаг учраас найз залуу эсвэл зүгээр л эрэгтэй найзтайгаа аялж буй эмэгтэйчүүд хүнд байдалд орж болзошгүй байдаг.

Арабын нэгдсэн эмират улс

1 Венесуэл

Венесуэлийг зорихоор шийдсэн бол та их зоригтой юм. Өдөрт л хүн амины 80 хэрэг гардаг энэ улс нь одоогоор дэлхийн хамгийн их хүчирхийлэлтэй орнуудын тоонд багтдаг. Энд гарч буй хүчирхийллийг хянах зорилготой төрийн бус байгууллагын мэдээллэснээр, 2016 онд, хүний аминд хүрсэн 28479 хэрэг гарч, бусад гэмт хэргүүд ч ихээр үйлдэгджээ. Ялангуяа эмэгтэйчүүд анхаарал болгоомжтой байхгүй бол жуулчид, уугуул иргэд гэлтгүй хүний наймааны золиос болох явдал газар авчээ. Уг хэргүүд нь өдрийн цагаар зочид буудлын ажилчин, таксины жолооч зэргээр үйлдэгддэг тул эмэгтэйчүүдийн хувьд өндөр эрсдэлтэй улсад зүй ёсоор багтаж байна. Цагдаа, хүчний байгууллага нь хахуульд идэгдэж, иргэдийн талд үйлчлэхээ умартсаны улмаас гэмт хэргийг шүүхээр шийдэж, гэмт хэрэгтэнд ял оноох явдал тун цөөн байдаг. 

Венесуэл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()