Дэлхийн 2-р дайны мэргэн буудагчид ямар хүмүүсийг бууддаггүй байсан бэ?

2021-11-19, 18:02
99,848

Хүн төрөлхтний хоорондын үзэн ядалт, хүчирхийлэл дээд цэгтээ хүрсэн байсан Дэлхийн 2-р дайны үед ч дайчид амьд үлдэхийн төлөө тэмцэхийн зэрэгцээ хүний ёсоо алдахгүйг хичээдэг байв. Үүний хамгийн том жишээ нь хот суурин газар дахь тулаан, ялангуяа алдарт Сталинградын тулааны үеэр хоёр талын мэргэн буудагчдын мөрддөг байсан бичигдээгүй дүрмүүд юм. Тулааны хувь заяа хэрхэн эргэхэд голлох нөлөөг үзүүлсэн тэдний хувьд дайсны талаас харагдсан хүн бүхнийг бууддаггүй байжээ.

Дэлхийн 2-р дайны мэргэн буудагчид ямар хүмүүсийг бууддаггүй байсан бэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Эмч сувилагчид

Зөвлөлтийн армийн шархадсан цэргүүдийг ихэвчлэн турьхан сувилагч бүсгүйчүүд, тэр ч байтугай Комсомолд элссэн сурагч охид тулааны талбараас чирч гаргадаг байв. Харин SS болон Вермахтаас аль болох хүчирхэг эрчүүдийг энэ албанд томилдог байсан бөгөөд тэднийг "Sanitäter" буюу "Зани" гэж нэрлэдэг байжээ.

Бүхий л тулааны талбар дээр хүний амь аврахыг хичээж буй эмч сувилагчдыг хөнөөх нь дэндүү нэр хүндгүй үйлдэлд тооцогдож байсан учраас мэргэн буудагчид ч энэхүү дүрмийг дагасан байна.

Эмч сувилагчид

Гэхдээ Германы мэргэн буудагчид байнга энэ өршөөлийг үзүүлдэг байсангүй. 2-р дайны шилдэг мэргэн буучдын нэг Иозеф Аллербергер нь олон удаа зөвлөлтийн сувилагч бүсгүйчүүдийг буудаж байснаа дурссан байдаг. 

Харин Улаан Армийн мэргэн буучид энгийн иргэдээс гадна германы эмэгтэй цэргүүдийг огт овоо хараандаа авдаггүй байжээ. Хожим германчууд ч энэ дүрмийг дагах болсны зэрэгцээ ардын цэргийн "Фольксштурм" дахь эмэгтэй албан хаагчдын тоог эрс нэмсэн гэдэг.

2 Ус зөөгчид

Хэрэв өөрийнх нь талын ус зөөгч цэргийг дайсны мэргэн буудагч устгавал хариу болгож тэдний ус зөөгчийг ч онилно гэдэг дүрэм 2-р дайнд үйлчилж байв. Ингэснээр салааны нөхдөөс гадна мэргэн буудагч өөрөө ч уух усгүй болох тул усны сав үүрч яваа цэргүүдийг буудахгүй байхыг офицерууд тушаадаг байжээ.

Сонирхолтой нь хоёр талын фронтын хоорондох "хэний ч биш" газарт ихэвчлэн хаягдсан ферм, агуулах байрлах бөгөөд тэндээс цэргүүд хоол унд, хэрэгтэй зүйлсээ очиж авна. Хэрэв дайсны цэрэг тэрхүү дундын бүст тааралдвал гал нээлгүй өнгөрөөдөг байжээ.

Жишээлбэл, 1944 онд Унгарт байлдаж байсан герман, зөвлөлтийн цэргүүд нэгэн дарсны агуулахыг зэвсэггүй бүс болгон тохиролцсон байжээ. Тэнд өдрийн цагаар орос цэргүүд очиж нөөцөө бүрдүүлэх бол шөнө дунд өнгөрсний дараа зөвхөн германчууд ирэх ёстой. Дайн дуусан дуустал энэхүү дүрэм ганц ч удаа зөрчигдөөгүй байдаг.

Ус зөөгчид

3 Ариун цэвэр сахиж буй цэргүүд

Дайсны цэрэг бие засч, эсвэл усанд орж байвал мэргэн буудагч түүнийг бууддаггүй байжээ. Энэхүү бичигдээгүй дүрмийг бараг Дундад зууны үеэс эхлэн дэлхийн ихэнх армиуд мөрдөж ирсэн байдаг.

Гэхдээ энэ үедээ цэргүүд маш хялбархан бай болдог тул "ажлаа" дуусмагц нь түүнийг хүлээж байсан мэргэн буудагч шууд овоо хараандаа авах нь түгээмэл байв.

Ариун цэвэр сахиж буй цэргүүд

4 Сул дорой цэргүүд

Бие нь ихэд сульдан доройтсон, тулалдах хүсэл зориг үгүй болсон, өнөө маргаашгүй үхэх нь тодорхой мэт харагдсан цэргүүдийг мэргэн буудагчид зүгээр өнгөрөөдөг байжээ. Энэ нь дайны бичигдээгүй дүрэм биш бөгөөд зүгээр л өрөвчхөн сэтгэл, эсвэл "сумны гарз" гэж бодсон бардам зангаас үүдэлтэй. 

Сул дорой цэргүүд

5 Дайны сурвалжлагчид

Дайсны талд ажиллаж буй сэтгүүлч сурвалжлагчид, гэрэл зурагчид, кино хийж буй зураглаачдыг буудах нь мэргэн буудагчдын хувьд хориотой байв. Дайны үнэн төрх, яг юу болж өнгөрснийг тэд л авч үлдэж чадах болохоор тэр аж.

2-р дайны нийт хугацаанд 69 сэтгүүлч амиа алдсан байхад 21-р зууны гарсны дараа зөвхөн Иракийн дайнд гэхэд 190 сэтгүүлч алагдсан нь тун харамсалтай.

Дайны сурвалжлагчид

6 Цагаан тугтай цэргүүд

Эцэст нь мэдээж хэрэг бууж өгч буй, хэлэлцээр хийх хүсэлтэй, ерөнхийдөө түрэмгийллийн санаа агуулаагүй болохыг илэрхийлэх цагаан тугийг даллаж буй дайсныг мэргэн буудагчид буудах ёсгүй байжээ.

Цагаан тугтай цэргүүд

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()