1
"A" хэлбэрийн даашинз
Та өгзөг болон гуя хэсгээрээ өргөн, илүүдэл жин ихтэй бол танд тус хэлбэрийн өвдгөөр татсан урттай хар даашинз сайхан харагдана. Түүнээс гадна бэлхүүсийг нарийн харагдуулдаг тул биеийг бүхэлд нь цэгцтэй, цэмцгэр болгож өгнө. Иймэрхүү даашинзыг хаана ч, өмсөж болдгоороо давуу талтай юм.
2
Урт эсвэл сул хоолойтой цамц
Өвөл болон хавар, намрын сэрүүн цаг агаарт иймэрхүү зузаан хоолойтой цамц үнэхээр сайхан тохирно. Жиндүүлж дааруулахгүйгээс гадна, таны биеийн өө сэвийг ч мөн маш сайн далдалдгаараа онцлогтой. Зөвхөн махлаг гэлгүй туранхай охидод ч мөн сайхан зохино. Иймэрхүү цамц өмсөх бол та аль болох хээ багатай, цул өнгийн цамцнаас сонголтоо хийгээрэй.
3
Тод өнгө
Махлаг гэхээрээ л яагаад заавал хар, бараан өнгийн хувцас өмсөх ёстой гэж? Хүмүүсийн иймэрхүү бодлыг үгүйсгэж, та өөртөө зохисон, гэгээлэг тод өнгийн хувцаснаас өмсөж болно. Ингэхдээ зурагт үзүүлсэн шиг цайвар тод даашинзыг, бараан даашинзтай хослуулан өмсөх боломжтой.
4
Богино цамц буюу "Crop top"
Богино цамцыг зөвхөн туранхай, нарийхан бэлхүүстэй охид өмсдөг гэвэл, үгүй юм. Та суудал өндөртэй өмдөн дээр хүссэн богино цамцыг хослуулан өмсөж болно. Ингэхдээ мэдээж таны бэлхүүсний 3/4 хэсгийг далдалсан байх ёстойг анхаарна уу.
5
Хээтэй даашинз
Махлаг, илүүдэл жинтэй бүсгүйчүүд аль болох хээтэй даашинз, хувцаснаас зайлсхийдэг. Учир нь иймэрхүү хувцас нь тэднийг илүү тарган харагдуулдаг хэмээн боддогтой холбоотой юм. Хамгийн гол нь та хээний өнгө, хэмжээ, бас судлан дээр тоглолт хийх хэрэгтэй. Ингэж чадвал, та байгаагаасаа ч илүү гоолиг бас цэгцтэй харагдаж чадна шүү. Хээ сонгохдоо:
- Ялангуяа хөндлөн эсвэл том хээтэй өмд, тирко, цамцнаас зайлсхий. Энэ нь таныг илүү тарган харагдуулна.
- Түүний оронд босоо нарийн судал, жижигхэн жигд цэцгэн хээтэй хувцаснаас сонголтой хийгээрэй.
- Туранхай харагдахын тулд урт даашинзан дээр өндөр өсгийт өмсөх гэж яарсний хэрэггүй. Үүний оронд хөлөндөө тухтай, намхан шаахайг сонгоорой.
6
Гоёмсог юбка
Иймэрхүү төрлийн юбкыг бүхий л төрлийн цамц, тэр бүү хэл кетэн дээр ч өмсөх боломжтой. Юбка сонгохдоо хэт бариуныг сонгох хэрэггүй. Энэ нь эсэргээрээ таныг байгаагаас чинь илүү тарган бас мэдрэмжгүй харагдуулж мэднэ. Сулавтар загвартай, өвдөг хүртэл урттай юбканаас сонголтоо хийгээрэй.
7
Өвөрмөц шийдэлтэй даашинз
Тарган, махлаг гэхээрээ л яагаад заавал нэгэн хэвийн уйтгартай, моодноос хоцрогдсон хуучны загвартай хувцас өмсөх ёстой гэж? Та өөрийн биеийн хэлбэр, зохидог өнгө, загвараа мэддэг байхад ямар ч эрс шийдэмгий сонголттой хувцсыг бардам өмсөж чадна. Ингэж чадвал та туранхай охидоос ч илүү үзэсгэлэнтэй, халуухан харагдах юм шүү.
8
Цамцандаа анхаарал хандуул
Хэрэв та том, сул хөхтэй бол өргөгч сайтай хөхний даруулга зүүх хэрэгтэй. Мөн хээтэй, цацган энгэртэй цамц нь таны хөхийг улам л том, бас унжгар харагдуулна. Иймд аль болох бараан эсвэл, завсрын өнгийг цамц өмсөөрэй. Харин эсэргээгээ хөх жижигтэй бол дээр дурдсан загварын цамцнаас өмсөж болно.
- Мөр ил гарсан цамц нь бүсгүйчүүдийг илүү туранхай бас үзэсгэлэнтэй харагдуулдаг.
- Хүзүүгээ тодотгох цамцыг сонгоорой.
9
Хүрэм ч гэсэн чухал
Энэ жилийн хувьд, трэнч цув болон арьсан хүрэм илүүтэй моодонд орж байна. Иймд та хувцасны шүүгээгээ уудлан, өөрийн хувцастайгаа хослуулан өмсөөрэй. Савхин хүрмийг өндөр суудалтай өмд эсвэл юбка, хоолойтой цамцан дээр өмсөхөд тохиромжтой.
10
Бэлхүүсээрээ сул хүрэм
Ялангуяа бэлхүүс, гэдсээрээ махлаг, тарган бүсгүйчүүдийн тухайд хэвлий хэсгээр бариу хувцас тийм ч зохимжтой биш. Иймд аль болох сул загварын дэгжин хүрэмнээс сонголт хийгээрэй. Эдгээр хүрэм нь таны биед саад учруулахгүй байхаар загвартай, дээр нь биед эвтэйхэн байх нь чухал юм.
11
Цамцаа хагас сул тавьж өмсөх
Ялангуяа барууны бүсгүйчүүдийн дунд цамцныхаа хагасыг далдалж, нөгөөг нь өмднийхөө гадуур сул тавих моод эрчээ авч байгаа аж. Энэ нь таниас нэг их ажиллагаа шаардахгүйн дээр, бусдаас дэгжин, бас өвөрмөц харагдуулах онцлогтой.
12
Урт загвартай цамц
Даашинз бас цамц ч биш, урт загварын иймэрхүү хувцас нь бөгсийг далдалж, гуяыг илүү туранхай харагдуулна. Бэлхүүсийг ч мөн далдалж өгдгөөрөө онцлогтой. Түүнчлэн бариу тирко, иртүүзэн дээр ч өмсөж болно. Ингэхдээ өсгийтэй гуталтай хослуулах өмсвөл, таныг илүү гоолиг харагдуулдаг байна.
13
Өөрийн стилийг бүрдүүл
Хамгийн гол нь та зөвхөн өөртөө тохирдог хувцасны хэв маягийг олох нь чухал. Бусдыг дуурайх бус, танд тохирдог, хаана хэзээ ч өмссөн дэгжин, бусдаас өвөрмөц харагдуулдаг хэв маягийг олж, түүгээрээ дагнаарай. Энэ нь хүмүүст илүү өндөр сэтгэгдлийг төрүүлдэг аж. Мөн энэ нь тодорхой хэмжээгээр таны дотоод ертөнц, мөн чанарыг илэрхийлдэг байвал сайн юм.