1
"Inside I'm Dancing"
Нээлт: 2004 он
Найруулагч: Дэмиен О'Доннелл (Damien O'Donnell)
Гол дүрд: Жеймс МакЭвой (James McAvoy), Стивен Робертсон (Stephen Robertson), Ромола Гарай (Romola Garai)
Рори хэмээх булчингийн хатингаршилтай шинэ өвчтөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эмнэлэгт ирдэг. Түүний бусдаас ялгагдах гол онцлог нь маш эрч хүчтэй, өөртөө итгэлтэй байдал юм. Залуу нугасны мэдээ алдах өвчтэй Майктай танилцаж, үйл явдал цааш өрнөнө. Рори эгэл даруухан Майкд хэрхэн хөгжилдөж, аз жаргалыг мэдэрч болохыг харуулж, түүний амьдралыг өөрчлөхийг хичээх бөгөөд залуус хамтдаа сонирхолтой бүхнийг туршина.
2
"Seven Pounds"
Нээлт: 2008 оны 12-р сарын 19
Найруулагч: Габриел Муччино (Gabriele Muccino)
Гол дүрд: Вилл Смит (Will Smith), Розарио Доусон (Rosario Dawson)
Тим Томасын хайхрамжгүй байдлаас болж, автомашины осол гарч 7 хүн мөн түүний хайртай бүсгүй амиа алддаг. Ослоос жилийн дараа тэрээр ажлаасаа гарч, амиа хорлохоор шийдэх бөгөөд зүгээр нэг үхэхийн оронд өөрийн дотоод эрхтнүүдээ бусдад хандивлаж, хүний амь аврахаар шийднэ. Түүний эртхнийг өөртөө шилжүүлэн суулгаснаар амьд гарах боломжтой 7 хүн байх бөгөөд Тим тэднээс алийг нь сонгохоо шийдэж чадахгүйд хүрэх аж. Харин залуу зүрх шилжүүлэн суулгах шаардлагатай бүсгүйтэй уулзаж, танилцан, түүнд дурлах бөгөөд өдөр ирэх тусам амьдрахыг хүсч, өөртэйгээ тэмцэлдэнэ.
3
"The Boy in the Striped Pyjamas"
Нээлт: 2008 оны 9-р сарын 12
Найруулагч: Марк Херман (Mark Herman)
Гол дүрд: Вера Фредери (Vera Farmiga), Дэвид Теллис (David Thewlis)
Дэлхийн Хоёрдугаар Дайны үйл явдлыг харуулах бөгөөд Еврейчүүдийн хорих лагерын захирагчийн 8 настай хүү эргэн тойрондоо болж байгаа аймшигт зүйлсийн тухай огт мэддэггүй байв. Харин нэгэн удаа өөрийнхөө үеийн Еврей хүүтэй танилцаж, найзлах болсноор үйл явдал эхэлнэ.
4
"Million Dollar Baby"
Нээлт: 2004 оны 12-р сарын 15
Найруулагч: Клинт Иствуд (Clint Eastwood)
Гол дүрд: Клинт Иствуд (Clint Eastwood), Хилари Сванк (Hilary Swank)
Амьдрал заримдаа танд хатуу хандан унагаж байлаа ч, буцаад босох хүчтэй байх ёстойг сануулах төдийгүй хүн зорилго, мөрөөдөл рүүгээ зүтгэхэд хэзээ ч оройтохгүй гэдгийг ойлгуулах шилдэг кино юм. 30 гаруй настай бүсгүй боксын карьераа эхлүүлэхээр шийдэж, уйгагүй хөдөлмөрлөж, олон бэрх саадыг давж байгаагаар үйл явдал өрнөдөг. Хөлс хүчээ урсгаж, бүхнийг тэвчсэний эцэст бүсгүй аварга болж чадах хэдий ч, киноны төгсгөлд харамсалтайгаар нас бардаг нь олон хүнд харуусал төрүүлдэг билээ.
5
"The Fault in our Stars"
Нээлт: 2014 онб 5-р сарын 16
Найруулагч: Жош Бун (Josh Boone)
Гол дүрд: Шайлен Вудли, (Shailene Woodley) Ансель Элгорт (Ansel Elgort)
Хорт хавдартай охин, түүнд дурласан үнэнч хөвгүүн хоёрын хөгжилтэй хэрнээ хөнгөхөн гунигтай энэ кино нь жүжигчдийн ур чадвар, зохиол, киноны дуу зэргээрээ үзэгчдийг байлдан дагуулж чадсан билээ. Ямартаа ч таны сэтгэлийг хөдөлгөж, нулимс дуслуулах кинонуудын нэг гэж хэлмээр байна.
6
"Boyhood"
Нээлт: 2014 оны 1-р сарын 19
Найруулагч: Ричард Линклейтер (Richard Linklater)
Гол дүрд: Патрисия Аркетт (Patricia Arquette), Руки Колтрейн (Ellar Coltrane)
Тус уран бүтээлд Мэсоны 12 жилийн амьдралыг харуулах бөгөөд түүнийг сургуульд хөл тавьж нэгдүгээр ангид орохоос эхлүүлэн, коллежид элсэн суралцах анхны өдрийг хүртэлх өдөр хоногуудыг өгүүлнэ. Энэхүү кино нь энгийн мэт атлаа маш бодит. Хүүгийн 12 жилийн амьдралаар хүн бүхэнд ухаарал хайрлаж, олон зүйлсийг ойлгуулах аж.
7
"Schindler's List"
Нээлт: 1993 оны 11-р сарын 30
Найруулагч: Стивен Спилберг (Steven Spielberg)
Гол дүрд: Лиам Нисон (Liam Neeson), Бен Кингсли (Ben Kingsley)
Оскар Шиндлер хэмээх дэлхийн хоёрдугаар дайны үед 1100 гаруй Польшийн еврей нарыг өөрийн үйлдвэрт ажиллуулах нэрийдлээр аварсан аугаа энэрэнгүй үйлст эрийн тухай өгүүлэх тус киног Томас Киннели (Томас Keneally) зохиолоос сэдэвлэн бүтээсэн билээ. Бүхэлдээ хүний амьдралын утга учир, хайр харууслыг шингээсэн энэхүү түүхэн бүтээл8 шүүмжлэгчдээс шилдэг хэмээх үнэлгээг авч чадсан юм.
8
"Marley & Me"
Нээлт: 2008 оны 12-р сарын 25
Найруулагч: Дэвид Франкель (David Frankel)
Гол дүрд: Оуэн Уилсон (Owen Wilson), Женнифер Энистон (Jennifer Aniston)
Хуримаа хийсний дараа Жон болон Женни нар хүүхэдтэй болоход бэлэн эсэхээ мэдэхээр нохой авч тэжээнэ. Тэд нохойтой хамт амьдрах болсноор олон зүйлсийг ойлгож, өөрчлөгдөх аж. Энэхүү уран бүтээл тань инээд хөөрийг бэлэглэхээс гадна олон зүйлийг ойлгуулах болно гэдэгт итгэлтэй байна.
9
"St. Vincent"
Нээлт: 2014 оны 9-р сарын 5
Найруулагч: Теодор Мелфи (Theodore Melfi)
Гол дүрд: Билл Мюррей (Bill Murray), Мелисса МакКарти (Melissa McCarthy)
Ганц бие ээж, хүүгийнхээ хамтаар шинэ газар нүүж ирнэ. Харин тэдний хөрш эр хачирхалтай нэгэн бөгөөд амьдралаа үргэлж сонирхолтой байлгахыг хичээдэг боловч тун ганцаардмал нэгэн аж. Хүү хөрш эртэй хамт байж цагийг өнгөрүүлэх болсноор, тэдний амьдрал бага багаар өөрчлөгдөж эхэлнэ.
10
"P.S. I Love You"
Нээлт: 2007 оны 12-р сарын 21
Найруулагч: Ричард ЛаГравэниз (Richard LaGravenese)
Гол дүрд: Хилари Суонк (Hilary Swank),Герар Батлер (Жерар Батлер)
Холли, Герри хоёрын амьдралын адал явдал уншигч таныг дэлгэцний цаанаас ховсдоно гэдэгт итгэлтэй байна. Үнэнч хайр сэтгэл гэдэг хэзээ ч мохож алга болдоггүй үнэт зүйл гэдгийг энэхүү киноноос ойлгож болох юм. Герри тархины хавдраар нас барж, харин түүний эхнэр гашуудан шаналж, өөрийгөө зовооно. Ийм зүйл болохыг урьдаас мэдэж байсан залуу эхнэртээ зориулан 7 захиа бичиж, түүнд олон олон гэнэтийн бэлгийг бэлдсэн байх болно. Залуугийн захидал, гэнэтийн бэлгүүд бүсгүйг уйтгарт амьдарлаас салахад тусална.
11
"Changeling"
Нээлт: 2008 оны 10-р сарын 24
Найруулагч: Клинт Иствуд (Clint Eastwood)
Гол дүрд: Анжелина Жоли (Angelina Jolie), Жон Малкович (John Malkovich)
Киноны гол дүрийн бүсгүй 9 настай хүүгээ алдаж байгаагаар үйл явдал эхэлнэ. Тэрээр хүүгээ олох гэж төрөл бүрийн арга хэрэглэх боловч, засгийн газраас бүсгүйг сэтгэцийн өвчтэй хэмээн эмнэлэгт хорьж, олон нийтээс тусгаарладаг. Энэхүү киног бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн байдаг.
12
"Hachi: A Dog's Tale"
Нээлт: 2009 оны 8-р сарын 8
Найруулагч: Лассе Хасстрм (Lasse Hallström)
Гол дүрд: Ричард Гир (Richard Gere), Жоан Аллен (Joan Allen)
Хүн бүрийн сэтгэлийн нарийн утсыг хөндөж чаддаг уран бүтээл бол яахын аргагүй алдарт Хачико нохойны түүх билээ. Нэгэн их сургуулийн профессор гал тэрэгний буудлаас гөлөг олж тэжээх болсноор, тэдний гайхалтай түүх эхэлдэг. Тэрээр золгүй тохиолдлоор нас барах бөгөөд нохой эзнээ ирэхийг амьдралынхаа сүүлийн мөчийг хүртэл хүлээж, хожим амьсгал хураадаг. Тус киног бодит явдлаас сэдэвлэсэн бөгөөд хожим үнэнч нохойд зориулан хөшөө босгосон билээ.
13
"Knockin' on Heaven's Door"
Нээлт: 1997 оны 2-р сарын 20
Найруулагч: Томас Ян (Thomas Jahn)
Гол дүрд: Тиль Швайгер (Til Schweiger), Ян Йозеф Ливерс (Jan Josef Liefers)
Эдгэршгүй өвчтэй хоёр залуу эмнэлэгт хүргэгдэн ирнэ. Тэдний нэг нь ердөө 7 хоногийн амьдрах хугацаа үлдсэн гэдгээ мэдэж, шинэ найзтай болж, аялалд гарахаар шийднэ. Залуусын хамтдаа өнгөрүүлсэн хэдхэн хоног адал явдал, сонирхолтой зүйлсээр дүүрэн байх аж.
14
"Atonement"
Нээлт: 2007 оны 8-р сарын 29
Найруулагч: Жо Райт (Joe Wright)
Гол дүрд: Жеймс МакЭвой (James McAvoy),
Кира Найтли (Keira Knightley)
Энэ нь хосуудын азгүй хайр болоод Дэлхийн Хоёрдугаар Дайны тухай өгүүлнэ. Бриони гэх 13 настай охин өөрийн эгч болон цэцэрлэгчийн хүү Роберт нарыг уулзаж, нэг нэгэндээ сэтгэлтэй болж байгааг мэддэг. Ингэхдээ тэрээр Робертыг буруугаар ойлгож, дур хүслээ хангахын тулд эгчтэй нь уулзаж байгаа хэмээн таамаглах аж. Харин удалгүй түүний үеэл нь хэн нэгэнд хүчирхийлүүлэхэд охин цагдаад Робертийг гэмт хэрэг үйлдсэн, би үүнийг харсан хэмээн мэдэгдэж, залууг шоронд хориулах болсноор үйл явдал цааш өрнөнө.
15
"Dancer in the Dark"
Нээлт: 2000 оны 5-р сарын 17
Найруулагч: Ларс фон Триер (Lars von Trier)
Гол дүрд: Бьорк (Björk), Кэтрин Денев (Catherine Deneuve)
Харааны бэрхшээлтэй ганц бие ээж хүүгээ өлсгөхгүй гэсэндээ хүнд хүчир ажил хийж, өдөр хоногийг өнгөрүүлдэг. Харин түүний дотроо хүсч явдаг нэгээхэн мөрөөдөл нь хөгжим, бүжиг бөгөөд тэрээр өөрийн ертөнцдөө бүжиглэж, өөдрөг сайхан бүхнийг төсөөлж явах аж.
Та ямар киног үзээд асгартлаа уйлж байсан бэ?