Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний чуулган энэ сарын 23-нд сүржиндүү эхлээд даржиндуу өндөрлөсөн бололтой гэдэг нь хэвлэл мэдээллийн дуу хоолойноос бэлхнээ мэдрэгдэж байна.
Ажлаа аваад удаагүй хэдэн сайд дарга нар хуучин хэдэн тоо баримтаас дурьдаж, УБ-ын агаар хөрсний бохирдол, утааг арилгах гэж улсын татвар төлөгчдийн хичнээн их хөрөнгө мөнгийг үр ашиггүйгээр, утаатай хамт хийсгэж замхруулсан, хорт утаанаас болж хичнээн хүний эрүүл мэнд эрсдэлд орж байгаа г.м улиг болсон, мэдээжийн юм ярьсаар өндөрлөжээ.
УБ-ын агаарт хорт утаатай хамт замхраад, зарим хэсэг нь “овжин” нэгний халаасанд ороод алга болсон тэр 147 тэрбум төгрөг, бас дээр нь 60 сая ам.доллар бол одоохондоо ядруухан байгаа манай улсад маш их мөнгө шүү. Цаашдаа энэ үрэлгэн бөгөөд үр дүнгүй замаараа яваад байвал яваад л байна, хор уршииг нь улам бүр нэмэгдээд л байх болно.
Иймд муу зуршил болсон хуучин арга барилаасаа зориг шийдэмгий шийдэл гаргаж салах ганцхан зам эрт орой хэзээ нэгэн цагт манай улстай нүүр тулах нь гарцаагүй болох гээд байна. Тэр бол нийслэлээ өөр газарт нүүлгэн шилжүүлэх. Өөр ямар ч зөв шийдэл, гарц байхгүй мэт санагдана. Тэр жил Өвөрхангай аймгийн нутагт товлочихсон буурь ч бий шүү дээ...
Хөгжлийнхөө түүхэнд нийслэлээ шилжүүлсэн улс орон ч цөөнгүй байдаг юм билээ. Хамгийн сүүлийн жишээ гэхэд л 1998 онд нийслэлээ Алма-Атагаас Астана руу шилжүүлж сайхан нийслэлтэй болсон Казахстан Улс байна.
Ингэж шилжүүлэхийнхээ өмнө, мэдээж, тусгай ажлын хэсэг байгуулж, бүх талын судалгаа тооцоог нарийвчлан хийж, олон улсын хэмжээнд “Монгол Улсын шинэ нийслэл” гэсэн сэдэвтэй ч юмуу, орчин үеийн болон ирээдүйн бүх талын шаардлагыг маш чамбай хангахуйц дизаин загвар зургийн уралдаан зарлаж, шалгарсан загвараар нь шинэ нийслэлтэй болох хэрэгтэй.
Зургийг газар доорхи бүх байгууламж, шугам сүлжээнээс нь эхлээд, газар дээрхи дэд бүтэц, барилга байгууламж, төрийн болон бусад байгууллагууд, төв талбай, цэцэрлэгт хүрээлэн, хорооллууд гээд бүх зүйлийг нь үндэсний онцлогтой бөгөөд орчин үеийн гаргууд шийдэлтэй чамин тансаг сайхан хот байхаар хийлгэж таарна.
Нийслэлээ шилжүүлсний дараа Улаанбаатар маань Монголын 2 дахь нийслэл бөгөөд их дээд сургууль төвлөрсөн, шинжлэх ухаан тенологийн чиглэл зонхилсон, худалдаа бизнесийн гол төв, байр орон сууцны асуудал нь бүрэн шийдэгдсэн, автомашины түгжрэлгүй, хөрсний болон агаарын бохирдолгүй цэвэрхэн, амьжиргааны өртөг харьцангуй хямд, хүмүүсийн амьдрах таатай орчин бүрдсэн, голдуу залуусын суурьшсан хот болж үлдэнэ.
Нийслэлийг өөр газарт шилжүүлэхийг элдэв шалтгаанаар, түүний дотор бас хувийн явцуу эрх ашгийн үүднээс ч эсэргүүцэн дургүйцэх хүмүүс (олигархиуд) мэдээж, байж л таарна. Гэвч эцсийн эцэст хаана ч нийт ард түмний эрх ашиг давамгайлдаг нь ямарч нийгмийн жам байдаг билээ. Тэгээд ч, нүүлгэнэ гэхлээр бүгдээрээ нүүнэ гэсэн үг огтоос биш. Эхлээд зөвхөн парламент, төр засгийн институциуд, банк санхүү, холбоо харилцааны байгууллагууд шилжин байрлаж, дараа нь дипломат төлөөлөгчдийн газрууд, олон улсын байгууллага г.м нэмэгдэн суурьшсаар аливаа улсын нийслэлд байх ёстой бүтэц аажмаар бүрэлдэн бий болох юм.
Асуудлыг шийдэхэд тодорхой хугацаа, асар их хөрөнгө, хүч хөдөлмөр шаардах нь мэдээж боловч газрын хэвлийдээ их баялагтай манай улсын хувьд бидний сэтгэлийг тэгтлээ зовоох зүйл арай биш байх.
Энэхүү маргаан дэгдээхүйц асуудал ойрын хэдэн жилд шийдэгдэхгүй нь мэдээж боловч жилээс жилд бүх талаар ачааллаа нэгэнт даахаа больж байгаа нийслэл Улаанбаатар маань эрт орой хэзээ нэгэн цагт бууриа сэлгэхэээс өөр замгүй болох нь тодорхой болоод байна биш үү?!
Эцэст тэмдэглэхэд, гагцхүү, өнөө маргаашийг аргацаасан охорхон бодолтой, хулчгар биш, алс хэтийг харсан зориг зүрхтэй, бас биелэх боломжтой шийдвэр гаргах чадвартай төр засагтай байх нь чухал байна.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн, химич, доктор (Ph.D) М.Хүрлээ