Яагаад антиоксидантаар баялаг хоол хүнс хэрэглэх ёстой вэ?
Хүний биед бодисын солилцоо явагдах үед чөлөөт радикалууд үүсч байдаг. Харин энэхүү чөлөөт радикалууд нь арьсны холбогч эдийг гэмтээснээр, хөгшрөх үйл явцыг түргэсгэдэг байна. Түүнчлэн уур бухимдал, стресс, буруу хооллолт зэрэг нь арьсанд сөргөөр нөлөөлж байдаг тул та өдөр тутмын хоол хүнснээсээ хангалттай хэмжээний амин дэм, эрдэс бодис, ус болон антиоксидантыг авч байх ёстой. Ер нь хөгширч байгаа ч гэлтгүй бүх насны хүмүүс антиоксидантаар баялаг хоол хүнсийг хэрэглэснээр, эрүүл саруул биетэй, гэрэлтсэн, сайхан арьстай болох болно.
Хүний биед сайн нөлөөтэй хэд хэдэн төрлийн антиоксидант байж болно. Жишээ нь, каротиноид нь нүдэнд, флавонойд нь зүрхэнд сайн гэх мэт... Харин арьсанд:
• Е, С витамин
• Астаксантин
• Каротеноид
• Глутанион зэрэг нь сайн нөлөөтэй. Ийнхүү бид та бүхэндээ антиоксидантаар баялаг хоол хүнсүүдийг танилцуулж байна.
1
Жимсгэнэ
Арьсанд хамгийн сайн нөлөө үзүүлдэг бүтээгдэхүүн бол мэдээж шинэхэн жимсгэнэ шүү дээ. Ялангуяа нэрс, гүзээлзгэнэ нь антиоксидантаар баялаг тул арьсыг нөхөн сэргээж, үрэвслийг намдаах үйлчилгээтэй.
2
Анар
Анар нь арьсны өнгийг сэргээж, нөсөө толбо, батга гарахаас сэргийлэх тустай байна. Хөгшрөлтийн эсрэг тэмцдэг, арьсанд сайн нөлөөтэйгээс нь улбаалж “эмэгтэйчүүдийн жимс” ч хэмээн нэрлэх нь бий. Түүнчлэн анар жимс нь С витаминаар баялаг тул арьсыг эрүүлжүүлэх үүрэгтэй.
3
Ногоон цай
Зүрхний шигдээсээс урьдчилан сэргийлж, цусан дахь холестрины түвшинг бууруулдаг гэх мэт ногоон цайны ач холбогдлыг тоочоод баршгүй. Түүнчлэн арьсыг нөхөн сэргээж, хөгшрөлтийн үйл явцыг удаашруулдаг байна.
4
Алим
Монголын нөхцөлд хамгийн элбэг жимс болох алим нь арьсанд сайн нөлөөтэй антиоксидант болон С витаминаар баялаг юм. Өдөрт 1-2 ширхэг алимыг тогтмол идсэнээр, таны биед гайхалтай өөрчлөлтүүд бий болох болно.
5
Усан үзэм
Усан үзэм нь хөгшрөлтөөс сэргийлж, арьсыг хоргүйжүүлэх үйлчилгээтэй. Мөн найрлаганд нь агуулагдах А витамин нь арьсыг цэвэрлэж, өнгөлөг уян хатан болгодог бөгөөд арьсыг хорт туяаны нөлөөнөөс хамгаалдаг байна.
6
Хар шоколад
Найрлаган дахь төмөр, магни, зэс, кали болон бусад эрдэс бодисууд нь бие махбодын хэвийн үйл ажиллагааг хангахад тусладаг байна. Түүнчлэн "флавонол" ихээр агуулдаг тул нүүрэнд үрчлээ тогтохоос сэргийлээд зогсохгүй арьсны хорт хавдраар өвчлөх эрсдлийг бууруулна.
7
Сармис
Антиоксидантын талаар ярьж буй үед сармисыг дурдахгүй байхын аргагүй билээ. Сармис нь антиоксидантаар хамгийн баялаг хүнсний нэг бөгөөд батга, чөлөөт радикалуудтай тэмцэж, арьсыг нөхөн сэргээдэг байна.
8
Тарвас
Тарвасанд А, С витамин, "бета каротин" ихээр агуулагддаг. Мөн тарвас нь хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эд эсийн үйл ажиллагааг идэвхжүүлэн, хөгшрөлтийг эрт зогсоох ач холбогдолтой.
9
Улаан лооль
Улаан лооль нь мөн л хорт хавдраас урьдчилан сэргийлж, үрчлээтэй тэмцэхэд туслах болно. Түүнчлэн тарвастай адил их хэмжээний ус, С витамин, бета каротин агуулдаг учраас арьсанд сайн нөлөөтэй.
10
Брокколи
Броколиний найрлагад байдаг "глюкорафанин" хэмээх бодис нь арьсыг нөхөн сэргээх үйлчилгээтэй байна. Түүнчлэн арьсыг хуурайших, нөсөө батга гарахаас сэргийлдэг тустай.