"Ухаалаг сэтгэл зүй" буюу EQ хэмээх ухагдахуун байдаг бөгөөд үүнийг сэтгэл зүйчид "бусдын санааг ойлгох, сэтгэл хөдлөлөө хянах, хувийн харилцаа тогтоох,зүрх сэтгэлээ зөв илэрхийлэх чадвар" хэмээн тодорхойлсон байдаг. Хувь хүний EQ-ийн үзүүлэлтээс бидний ямар үг хэрэглэх, хүнтэй хэрхэн харьцаж байгаа, мөн хэр зэрэг эмзэг мэдрэмтгий хүн бэ? гэдгийг тодорхойлдог. Бид энэхүү нийтлэлдээ EQ-ийн түвшин өндөр, ухаалаг хүмүүсийн олон нийтийн газар байхдаа хэзээ ч хэлдэггүй 10 үгийг бэлтгэн хүргэх болно.
1
"Ямар хэцүү юм бэ!!!"
Тиймээ, амьдрал үнэхээр шударга биш гэдгийг насанд хүрсэн хүн бүр ойлгож байгаа байх. Танд үнэхээр итгэхийн аргагүй хэцүү, бэрхшээлтэй үйл явдлуудтай тулгарч байсан байж болох юм. Гэвч эргэн тойрон дахь хүмүүс танд таагүй явдал тохиолдсон гэдгийг мэдэхгүй байгаа шүү дээ. Зарим нэг хүмүүс үүнийг тань мэдэж байлаа ч таныг "Ямар хэцүү юм бэ!" гэж хэллээ гээд юу ч өөрчлөгдөхгүй. Маш чухал асуудлыг шийдвэрлэхэд юуны түрүүнд анхаарлаа төвлөрүүлэх нь чухал байдаг. Хэрвээ та олон нийтийн газар явж байхдаа тэвчиж, тэсэхийн аргагүй хүнд үйл явдалтай учирсан бол дараагийн хийх үйлдлээ бодоход тань орилж, хашгирахаас илүү чимээгүй байх нь туслах болно.
2
"Чи ёстой онцгүй харагдаж байна"
Бид бусдын амьдралаар амьдарч үзэхээс нааш тэдэнд юу тохиолдож, сэтгэлдээ юу мэдэрч байгааг нь мэдэх боломжгүй шүү дээ.Та ямар нэгэн хүнд чин сэтгэлээсээ анхаарал тавьсандаа "Чи ёстой онцгүй харагдаж байна" гэж хэлсэн ч, тухайн хүн энэ үгийг хүлээж авахдаа өөрийгөө олны дунд маш муухай харагдаж байна хэмээн бодох болно. Харин та үүний оронд арай ухаалгаар, "Та зүгээр үү?, бүх зүйл хэвийн үү?" гэх маягаар асуувал түүнийг эвгүй байдалд оруулахгүй байх болно.
3
"Та хэдэн настай вэ?..."
"Та үнэхээр насандаа тохирсон харагдаж байна" эсвэл "Та эмэгтэй хүн атлаа үнэхээр гайхалтай зүйл хийж чадлаа" гэх мэт үг нь тухайн хүнийг басамжилж байгаа мэт сонсогддог. Бид хичнээн хичээсэн ч нас, хүйсээр ялгаварлан гадуурхах үзэгдэл байсаар л байдаг. Гэхдээ та хэн нэгнийг магтахдаа нас, хүйсийг нь тодотгож хэлэх огтхон ч шаардлагагүй. Ялангуяа олон нийтийн газар харилцагчийнхаа нас, хүйсийн талаар дурдахаас аль болох зайлсхийгээрэй.
4
"Би өмнө нь чамд хэлж өгсөн шүү дээ..."
Та өмнө энэ үгийг яриандаа хэрэглэж байсан биз дээ? Энэ үгийн цаад утга нь өөрийгөө тухайн хүнээс илүү гэдгийг мэдэгдүүлэх гэсэн мэт бусдад санагддаг. Нэг зүйлийг байнга давтаж ярих хэцүү л дээ, гэхдээ та өөрийгөө урам хугарсан гэдгээ мэдэгдүүлэхгүйгээр хэлэх гэснээ л дахин нэг удаа тодотгож хэл.
5
"Дахиж хэзээ ч" эсвэл "Чи дандаа л ...."
Та энэ үгийг хэллээ гээд юу ч өөрчлөгдөхгүй. Энэ бол үнэхээр ширүүн өнгө аястай үг гэдгийг та ч ойлгож байгаа байх. Өөрийнхөө зэвүүцлийг, эсвэл уурлаж буйгаа илэрхийлэх хэрэгтэй үед л хүмүүс иймэрхүү бүдүүлэг үгийг хэрэглэдэг. Үүний оронд та түүнээс юу хүлээж буйгаа л шулуухан хэлчих хэрэгтэй. Жишээ нь, "Та үүнийг ингэж хийгээд байна, харин оронд нь ингэвэл дээр гэж би бодлоо" , "Танд ойлгохгүй, хэцүү асуудлууд байна уу?" гэх мэт эелдэгээр асуух хэрэгтэй.
6
" Аз ерөөе! "
Ингэж хэлснээрээ та ярилцаж буй хүнээ гомдоож болно. Учир нь аз гэдэг хүнээс үл шалтгаалах асуудал юм. Жишээ нь, та сугалаанд хожихын тулд ямар нэгэн хичээл зүтгэл гаргаж болох уу? Үгүй ээ, энэ бол зүгээр л аз юм. Үүний оронд та, "Танд амжилтанд хүрэхэд бүх зүйл байна", "Та жаахан л хичээх юм бол хийж чаднаа" гэх мэтээр хэлвэл нөгөө хүндээ зүгээр нэг аз ерөөснөөс илүү урам, зориг хайрлах болно.
7
"Надад хамаагүй"
Өөрийнхөө бодож байгаа зүйлийг хэлэхдээ хэн нэгэн танаас заавал хариу үг хүлээж байдаг. Энэ үед та, "наадах чинь надад хамаагүй" гэж хэлвэл олон нийтийн газар эсрэг хүнээ төдийгүй өөрийгөө ч эвгүй байдалд оруулах болно. Та үнэхээр бухимдалтай байгаа бол "яриагаа дараа үргэлжлүүлье" гэж хэлвэл илүү эвтэйхэн байх болно.
8
"Би таныг хүндэлдэг л дээ, гэхдээ..."
Үүнийг хэллээ гээд та нөгөө хүнээ хүндэлж байгаа хэрэг огтхон ч биш. Харин ч олон нийтийн газар эсрэг хүнээ тун эвгүй байдалд оруулах болно. Та бага зэрэг бухимдсан байж болно, гэхдээ хэлэх гэсэн үгнийхээ урд заавал үүнийг хэлэлгүйгээр санаагаа ойлгомжтой илэрхийлж болно шүү дээ.
9
"Би чамд хэлсэн шүү дээ"
Энэ үгийг хэлж байгаа та өөртөө бардсан, онгироо хүүхэд шиг л харагдах болно. Өөрийгөө бусдаас илүү, давуу гэдгийг олон нийтийн газар гайхуулаад байх шаардлага огтхон ч байхгүй. Та энэ үгээрээ аливаа зүйлийн үр дагаврыг нөгөө хүндээ тайлбарлах гэж байсан байх л даа, гэхдээ хэлэх үгээ илэрхийлэх арай өөр арга олоорой. Жишээ нь, "Миний бодлоор ийм байна, Ажлын төлөвлөгөө иймэрхүү байгаа" гэх мэтээр хэлж болно.
10
"За, би лав болилоо..."
Энэ үгийг хэлснээр та аливаа бэрхшээлийг даван туулж чадахгүй байгаа гэдгээ бусдад харуулах болно. Хамтран ажиллагсадтайгаа таарахгүй байх, хэцүү даргатай байх, төвөгтэй ажил хүлээж авах гэх мэт үед энэ үгийг та хэлдэг байх. Гэхдээ хүмүүсийн дунд байхдаа энэ үгийг чангаар хэлэх хэрэггүй л болов уу. Та бодож байгаагаасаа ч илүү ухаалаг, чадварлаг гэдгээ байнга санаарай. Сэтгэл, зориг байвал танд хийж чадахгүй зүйл байхгүй. Тиймээс та "би лав болилоо" гэдэг үгээ "би үүнийг заавал хийж чадна" гэдэг үгээр солиорой.
"Тэнэгүүд хэлэхийг хүссэн үедээ, харин ухаалаг хүмүүс хэлэх шаардлагатай үедээ л хэлдэг" Платон.