ЗХУ-ын баатар болсон цорын ганц Герман цэргийн түүх

1942 оны 2-р сарын 1-нд, Смоленск мужийн Курганово тосгоны ойролцоо байсан Зөвлөлтийн партизанууд нэгэн Герман бага түрүүчийг олзолсон байна. Тэрхүү Герман цэрэг бол 26 настай Фриц Шменкел (Fritz Schmenkel) байжээ. Тэрээр 1941 оны 11-р сард өөрийн салаанаас оргоод Курганово тосгонд нуугдаж байсан нь тэр аж. Хожим нь тэрээр ЗХУ-ын баатрын одон, Улаан тугийн одон, Лениний одонгоор шагнуулсан Нацист Германы цорын ганц цэрэг болсон юм. 

ЗХУ-ын баатар болсон цорын ганц Герман цэргийн түүх
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Фриц Шменкель Германы хилийн ойролцоох Штеттин (дайны дараа Польшид өгсөн энэ хотыг өдгөө Щецин гэж нэрлэх болсон) хотод төрж өссөн байна.

Фрицийн аав Германы Коммунист намын гишүүн байсан бөгөөд өөрөө түүний харъяа залуучуудын байгууллага болох Тельманы намд элссэн байна.

Харамсалтай нь Шменкелийн аав 1932 онд нацист залуучуудтай хийсэн мөргөлдөөнд амь үрэгдсэн юм. 

Фриц 1938 онд Вермахтын цэрэгт татагдах хүртлээ тоосгоны үйлдвэрт ажиллаж байсан юм. Шменкель нацистуудын талд алба хаахыг хүсээгүй бөгөөд өөрийгөө өвчтэй хэмээн хэлж, цэргийн албанаас чөлөөлөгдөхийг оролджээ. Эмч нар түүнийг худал ярьж байгааг мэдсэн учир цэргийн албанаас зайлсхийсэн хэргийнхээ төлөө Шменкель 2 жил албадан хөдөлмөр эрхлэх ялаар шийтгүүлжээ. 

Харин ЗХУ руу нацистууд цэргээ оруулсны дараа Фриц сайн дурын армид элссэн байна. Тэрээр үнэндээ Зөвлөлтийн коммунистуудын талд орж, тэдэнтэй хамт "нацистуудыг бут цохихоор" шийдсэн нь тэр юм.

Шменкелийг Вермахтын 186-р явган цэргийн дивизэд хувиарласан бөгөөд тэрээр зүүн фронтод байхдаа Зөвлөлтийн партизанууд ойр хавьд нь байгааг сонсоод оргохоор шийджээ. 

Гэхдээ тэрээр орос хэл мэддэггүй нь том асуудал болсон юм. Ямартай ч Фриц Смоленск мужийн Ярцевский дүүргийн Подмошье тосгонд ирснийхээ дараа нэгэн байшингийн хаалгыг тогштол өндөр настай эмэгтэй онгойлгосон байна. Тэр даруйд Герман эр өөдөөс нь "Ленин! Сталин! Тельман! " гэж хэлжээ. 

Ийнхүү нутгийн иргэдийн итгэлийг олсон тэрээр гурван сарын турш тэндээ нуугдаж, тосгоны хүмүүсийн ар гэрийн ажилд туслангаа партизануудыг хүлээсэн байна. 

Мэдээж партизанууд гэнэт гараад ирсэн нацистын оргодолд эхэндээ итгэсэнгүй, маш хатуу хяналтан дор байлгажээ. Харин Фриц бага багаар Зөвлөлтийнхний итгэлийг олсон бөгөөд удалгүй зэвсэгтэй болж, партизануудын эгнээнд элсжээ. Үүний дээр үнэнч шударга нэгэн болохоо Фриц хэд хэдэн удаа баталсан байдаг. 

1942 оны 8-р сард Германы дүрэмт хувцастай Шменкель нацистуудын талд зүтгэж байсан орон нутгийн арван нэгэн цагдааг ганцаараа баривчилсан юм.

Мөн 1942-1943 оны өвөл маш хүйтэн байсан учраас партизанууд хүнсгүй болж өлбөрч үхэх аюулд оржээ. Тиймээс Фриц дахин Герман офицерын дүрд хувиран нацистуудын хангамжийн цувааг ойн гүн рүү отолтонд оруулж чадсан байна. Энэ мэтээр тэрээр хэд хэдэн удаа дайсны цэргүүдийн бүхэл бүтэн анги нэгтгэлүүдийг партизануудын занга руу "хөтөлж" оруулсан юм. 

Удалгүй хилийн ойролцоох тосгодод ийм зарлал тарж эхэлжээ. 

“Цэргийн оргодол, урвагч Фриц Шменкелийг эрэн сурвалжлаж байна. Үхсэн амьд хамаагүй түүнийг барьсан Орос хүнд 8 га газар, Герман хүнд 2 мянган марк, 2 сарын чөлөө олгоно"

Ямартаа ч энэ мэтээр Зөвлөлтийнхөнд үнэлж баршгүй тус хүргэсэн учраас Фриц партизануудын жинхэнэ зэвсэг нэгт нөхөр болсон төдийгүй "Иван Иванович" гэдэг хоч хүртэл авчээ. 

Партизануудын байрлаж байсан нутгийг Зөвлөлтийн арми чөлөөлсний дараа Шменкелийг Москва руу илгээн Улаан тугийн одонгоор шагнажээ. Фриц үүний дараа шууд тагнуулын сургуульд элсэж сайн бэлтгэгджээ. Ингээд тэрээр 1943 оны 12-р сард өнөөгийн Беларусийн газар нутаг дээр хорлон сүйтгэх, тагнуулын үйл ажиллагаа явуулах үүрэг хүлээсэн тусгай ангийн командлагчаар томилогдсон байна. 

Харамсалтай нь удалгүй 1944 оны 1-р сард Фриц Шменкель нацистуудад баригдсан юм. Учир нь Беларусийн партизануудын дунд урвагч байсан бөгөөд тэрээр цөөнгүй нөхдөө барьж өгсний нэг нь Фриц байсан аж.

Мэдээж урвагч нэр зүүсэн Фриц цаазын ял сонсож, 1944 оны 2-р сарын 22-нд нацистуудад буудуулсан байна. Цаазаар авахуулахынхаа өмнөхөн Фриц шоронгоос эхнэртээ захидал хүргүүлсэн юм. Тус захидал дээр Фриц гэр бүлдээ төвөг учруулсандаа хүлцэл өчсөний зэрэгцээ шударга ёсны төлөө тэмцсэнээ илэрхийлсэн байв. 

Фриц Шменкель нас барсны дараа ЗХУ-ын баатар цол, 1964 онд Лениний одонгоор нэхэн шагнагджээ.

Өдгөө ОХУ-ын Нелидово, Белый хотуудад Фрицийн нэрэмжит гудамж байдаг бөгөөд Минск хотод Шменкелийг шүүж, цаазаар авах ял оноосон барилга дээр түүний дүрс бүхий дурсгалын хөшөө босгожээ.

Мөн Зүүн Берлинд Фриц Шменкелийн нэрээр нэрлэсэн гудамж байсан боловч түүнийг нь хоёр Герман нэгдсэний дараа Rheinsteinstraße буюу "Болор гудамж" гэж өөрчилсөн байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()