1
Өрөөний температурыг тохируулах
Одоогийнх шиг өвлийн хүйтэн цагаар амьд цэцгийг шууд тасалгааны хэмд тавибал амархан хатдаг. Тиймээс аль болох бага багаар дасгаж байгаад өрөөндөө оруулаарай.
2
Навчийг нь авах
Цэцгээ яаран вааранд хийхээсээ өмнө доод хэсгийнх нь навчийг тайрч аваарай. Үгүй бол цэцэг хийсэн ус амархан муудаж, цэцгийг хатаадаг билээ.
3
Ишийг нь тайрах
Хурц иртэй зүйлээр цэцэгнийхээ доод ишийг тайрна. Голт бор гэх мэт хатуу цэцэгний ишийг тайрахад жаахан хүндрэлтэй байж магадгүй. Гэхдээ удвал гэх мэт зөөлөн цэцгийн ишийг тайрахад хялбархан байдаг билээ.
4
Ус цэвэр байх
Цэцгээ хийх ус маш цэвэр, тунгалаг байх ёстой. Мөн ус тунгалаг байхаа болимогц нь сольж байгаарай.
5
Зориулалтын уусмал хийх
Цэцгээ шинээр нь хадгалахын тулд усанд нь зориулалтын уусмал хийх хэрэгтэй. Үүнийг та цэцгийн дэлгүүрээс худалдан авч болно. Хэрэв ийм боломж байхгүй бол ваартай усандаа нэг ёотон хийчихэд болох юм.
6
Аспирин хийх
Аспиринтай ус мууддаггүй. Тиймээс нэг ширхэг аспиринийг таллаж, нухаад ваартай усандаа хийгээд сайтар хутгаж өгөөрэй.
7
Өнгөөр нь ялгах
Таны цэцгийн баглаа олон янзын өнгийн цэцэгнээс бүрдсэн бол өнгө өнгөөр нь ялгаарай. Үзэмжгүй харагдана гэж та санаа зовж болох ч, ингэснээр цэцэг хамаагүй удаан шинээрээ байдаг юм. Жишээ нь шар, улаан өнгөтэй цэцэгнүүд ойрхон байгаа цэцэгнээсээ болоод амархан өнгөө алддаг билээ.
8
Цэцгээ халаах
Зарим нэг цэцгийг ваартай усанд хийхээсээ өмнө ишнийх нь ёроолыг час халуун усанд хэсэг дүрээд авах хэрэгтэй. Ингэснээр цэцэгний шүүс гадагш ялгарахгүй болж, дотроо хадгалагдан үлддэг. Ийм цэцэг илүү удаан шинээрээ байна шүү дээ.
9
Хатсан дэлбээг түүж авах
Хатсан хэсгийг нь түүж авах хэрэгтэй. Учир нь хатсан дэлбээ цэцгийг үзэмжгүй харагдуулаад зогсохгүй, бусаддаа халдварладаг билээ.
10
Тасалгааны хэм
Цэцгийг гэрэлтэй өрөөнд хадгалах нь зүйтэй. Гэхдээ нарны шууд тусгал дор тавьж болохгүй. Шөнийн цагаар цэцгээ чийгтэй, сэрүүн газар хадгалах бөгөөд 17-18 хэмд байлгах нь зөв. Ингэснээр цэцэг удаан хугацаанд шинээрээ байдаг ба харин 22 хэмээс дээш температуртай өрөөнд хурдан хатдаг ажээ.
Танд дээрх зөвлөгөө тус болсон гэж найдаж байна. Мөн бидний мэдэхгүй өөр чухал зөвлөгөө байвал бусадтай хуваалцаарай.