1
Биеэ бэлдэх
Эмчилгээний усанд агуулагдах эрдэс бодис арьсан дахь хорыг гадагшлуулдаг. Харин энэ үеэр та шингэний дутагдалд орж болзошгүй тул усанд орохын өмнө шингэн зүйл сайтар уух хэрэгтэй юм.
Бэлтгэх зүйл: Танд дараах зүйлс хэрэг болно.
- Ипсом давс
- Хүнсний сода
- Далайн давс
- Шүүгээгүй алимны цагаан цуу
- Байгалийн гаралтай тос
- Нунтаг цагаан гаа
- Бие угаагч
Бие угаагч: Арьс бол хүний биеийн хамгийн том эрхтэн бөгөөд гадны нян бактеритай хамгийн их шүргэлцдэг хэсэг юм. Тиймээс арьсаа цэвэр цэмцгэр байлгах нь эрүүл байхын үндэс болдог ажээ. Иймээс арьсаа сайтар үрж, зүлгэх нь тунгалгийн тогтолцоог сайжруулж, биед хэрэггүй бодисыг гадагшлуулахад тустай юм.
- Урт иштэй бие угаагч ашиглавал биеийнхээ бүх хэсэгт хүрч чадна.
- Биед таатай санагдах угаагч сонгоорой. Бие угаагч танд зовуурьтай санагдах ёсгүй юм.
- Биеэ хуурай байхад нь хөл, тавхайгаа үрж, гэдэс, нуруу, цээж гэх мэтээр дээшлэнэ.
- Хамгийн сүүлд гар болон сугаа үрээрэй.
- Ганц л удаа ингэж үрсний дараа арьс тань мэдэгдэхүйц зөөлрөөд ирэх ажээ.
Биедээ иллэг хийх:
- Чихнийхээ доод талд гараа тавьж, зөөлнөөр хүзүү рүүгээ доошлуулна.
- 10 удаа давтана.
- Дараа нь эгэмний ясаа дагуулан иллэг хийнэ.
- 5 удаа давтана.
Үр дагавар: Эмчилгээнээс болж толгой өвдөж, дотор муухайрч болзошгүй. Энэ нь таны биеэс хор гадагшилж байгаатай холбоотой юм. Тиймээс үүнээс сэргийлэхийн тулд усанд орж байхдаа нэг литр орчим ус шимж уугаарай. Харин дотор муухайрахыг болиулахыг хүсвэл усандаа нимбэгний шүүс хийж болох юм.
2
Эмчилгээний усаа бэлдэх
Усанд орох цагаа сонгох: Усанд хамгийн багадаа 40 минут орох хэрэгтэй тул хамгийн тайван байдаг цагаа сонгож, яарч сандрахгүй байх нь зүйтэй.
Тайван амгалан уур амьсгал бүрдүүлэх: Лаа асааж, бүдэг гэрэлд усанд орж болох юм. Мөн дуртай хөгжмөө сонсон, гүнзгий амьсгалж, бүрэн тайвшрахыг хичээгээрэй.
Ипсом давс: Аль болох халуун ус хийгээрэй. Ингээд ипсом давсаа дараах хэмжээгээр хийнэ.
- 25-аас доош кг жинтэй хүүхдэд тал аяга давс
- 25-45 кг жинтэй хүүхдэд нэг аяга давс
- 45-аас дээш кг жинтэй хүмүүс 2 аяга юм уу, түүнээс их хэмжээний давс хэрэглэнэ.
Хүнсний сода: 1-2 аяга хүнсний сода хийнэ. Хүнсний сода нь ариутгах чадвар болон мөөгөнцрийн эсрэг үйлчилгээгээрээ алдартай юм. Мөн арьсыг зөөлрүүлдэг ажээ.
Далайн давс: 1/4 аяга далайн давс юм уу, гималайн давс усандаа хийнэ. Далайн давс нь цусны эргэлтэнд сайн нөлөө үзүүлдэг дараах эрдэс бодисуудыг агуулдаг билээ.
- Магни нь стресстэй тэмцэж, хөгшрөлтийг удаашруулан, мэдрэлийн эсийг тайвшруулдаг.
- Кальци нь цусны эргэлт сайжруулан, яс болон хумс бэхжүүлнэ.
- Кали нь арьсны чийгшлийг тэнцвэржүүлж, эрч хүч өгнө.
- Бром булчин шөрмөсийг тайвшруулж, зөөллөдөг.
- Натри нь тунгалгийн тогтолцоонд тустай.
Алимны цагаан цуу: 1/4 аяга алимны цагаан цуу усны онгоцондоо хийнэ. Алимны цагаан цуунд олон төрлийн амин дэм, эрдэс бодис, энзим агуулдаг тул нян бактериас хамгаалдаг ажээ.
Байгалийн гаралтай тос: Хэрэв хүсвэл өөрийн дуртай байгалийн гаралтай тосоо хийж болно. Лавендер цэцгийн тосыг эмчилгээний зориулалтаар ашигладаг тул хэрэглэж болох юм. 20 орчим дусал байхад хангалттай.
- Хүсвэл шинэхэн эмийн ургамал хийж болно.
- Цагаан гаа хийвэл шидэт усны үйлчилгээ сайжирна. Тиймээс 1/3 аяга цагаан гаа хийж болох юм.
Усаа холино: Бүх орц найрлагаа хийснийхээ дараа хөлөө дүрж, хооронд нь сайтар хольж өгөөрэй. Цагаан цуу, хүнсний сода холилдохоороо бөмбөлөг үүсгэдэг тул та битгий гайхаарай. Гэхдээ бүх давс, бэлдмэл уусч дуустал нь усандаа орох хэрэггүй шүү.
3
Усанд орох
20-40 минут биеэ дэвтээнэ. Гэхдээ ус хэтэрхий халуун байх ёсгүй юм.
- Биеэ дэвтээж байхдаа эхний 20 минутад нь ус уух хэрэгтэй.
- Усанд ороод ердөө хэдхэн минутын дараа та хөлөрч эхлэнэ. Энэ нь таны бие дэх хорыг гадагшлуулж байгаа хэрэг.
- Хэтэрхий их халууцаад байвал усны онгоцондоо хүйтэн ус нэмээрэй.
Тайвшрах: Хамраараа амьсгалж, хүзүү, гар, нүүр, гэдэс хэвлийгээ суллан, нэг ёсны бясалгал хийгээрэй. Биеийнхээ эд эс бүрийг суллан, амрааж, бүх ядрал, зовнилоо умартахыг хичээ. Угаалгын өрөөнийхөө хаалгыг хаасан л бол таагүй бодлоо авч хаяад, стрессээ мартан, арьс, бие, эрхтэн хэрхэн цэвэршиж байгааг дотроо төсөөлөөрэй.
Уснаас удаан гараарай: Таны бие хороо гадагшлуулахын тулд ихээхэн хүч хөдөлмөр зарцуулсан тул толгой эргэж, сульдсан байж магадгүй. Мөн усанд хийсэн тос таны биеийг гулсамтгай болгосон байх тул усны онгоцноос гарахдаа болгоомжтой байгаарай.
Шингэнээ нөх: Таны биеэс хор гадагшилсан тул та шингэнээ нөхөж авах хэрэгтэй. Тиймээс та уснаас гарч ирээд мөн л шингэн зүйл сайн уух хэрэгтэй юм.
Уснаас гараад: Уснаас гараад та дахин нэг удаа биеэ үрээрэй. Гараараа, эсвэл зөөлөн алчуураар биеэ үрснээр арьсны гадаргуунд наалдсан хорт бодис гадагшлах бөгөөд үүнийхээ дараа та үлдсэн өдрийн турш тайван хэвтэж амрах нь зүйтэй.
Өнөөгийн стресс бухимдал ихтэй, цаг завгүй нийгэмд бид өөрсдөө л эрүүл мэнддээ цаг гаргахгүй бол хэн танд анхаарал, халамж тавих билээ? Өвдсөн хойноо эмнэлэг бараадан, цаг зав, мөнгө хөрөнгөө үрэх бус өвдөхөөсөө өмнө урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй бус уу? Гэсэн ч ажилдаа түүртэн, энэ чухал зарчмыг умартаж орхих нь бий. Тиймээс ердөө л усанд орж байхдаа дээрх аргыг туршаад үзэхэд алдах юмгүй шүү дээ. Таны бие эрүүлжиж байгаа нь магадгүй шууд мэдэгдэх ч юм билүү?