1
Сүүлийн үед хайрыг хөрөнгө мөнгөтэй холбож ойлгон, бүхнийг мөнгөөр шийдэх гэж оролдох хүмүүс олшрох болсон билээ. Харин тэдний дундаас чин зүрхний амрагаа сонгож, дэлхий нийтийг алмайруулж, шуугиулаад байгаа бүсгүйн хайрын тухай өгүүлье. Түүнийг Ариел Дезирий МакРей (Ariel Desiree McRae) гэдэг бөгөөд түүний найз залуу болох Күйн (Quinn) хайртай бүсгүйдээ гэрлэх санал тавьсан уг сэтгэл уяраам, гайхалтай түүхийн эхлэл болсон юм.
2
Гадны улс оронд гэрлэх санал тавихдаа ямар бөгж өгч байгаагаар нь хайр хүндлэлийг дүгнэх нь бий. Нэг ёсондоо үнэтэй бөгж өгөх тусам илүү их хайртай гэх өрөөсгөл ойлголт нийгэмд үүссэн байдаг. Харин Ариэлийн найз залуу түүнд хамгийн хямд буюу 130 долларын үнэтэй бөгж өгч, гэргийгээ болохыг гуйсан бөгөөд бүсгүй юу ч хэлж чадалгүй уйлж, саналыг нь хүлээж авсан байна. Бусад хүмүүс хамгийн хямд бөгжийг өгч гэрлэх санал тавихад өөрсдийг нь доромжилж байна гэж ойлгох байсан бол Ариэл харин ч аз жаргалд умбаж, хичнээн баяртай байгаагаа үгээр илэрхийлэх боломжгүй гайхалтай мөч басйан хэмээн хэлжээ. Харин залуу тухайн үед хямд бөгж өгч байгаагаасаа ичиж, найз бүсгүйгээсээ ахин дахин "Үнэхээр зүгээр гэж үү? Чамд энэ бөгж таалагдаж байна гэж үү? Чи зөвшөөрч байгаа юм уу" хэмээн гайхаж, балмагдан асуусаар байсан гэнэ.
3
Бүсгүйн хувьд ямар үнэтэй, хэр том шигтгээтэй бөгж байх нь чухал биш бөгөөд ердөө л гэрлэх санал тавьж, хайраа илэрхийлсэн найз залуугийнх нь чин сэтгэл чухал байсан ажээ. Мөн тэрээр найз залуугаа санхүүгийн хувьд бага зэрэг асуудалтай гэдгийг нь маш сайн мэдэх тул огтхон ч гоморхож, бухимдаагүй юм. Тэд 2 жилийн турш үерхэсний эцэст гэрлэхээр болсон бөгөөд гэрлэх санал тавихаас өмнө хосууд хамтдаа гадуур зугаалж байгаад бөгж үзэхээр болсон байна. Харин тэдний үзсэн бөгж бүр 3000 доллараас дээш үнэтэй байсан төдийгүй худалдагч бүсгүй "Найз бүсгүйдээ хайртай хүмүүс эдгээрийг л авч өгдөг юмдаа" хэмээн хэлсэн нь залуугийн чихэнд биш зүрхэнд хүрч, хайртдаа авч өгч чадахгүйдээ өөртөө гутарч байсан нь түүний нүүрнээс тод харагдаж байжээ.
4
Найз залуугаа хүнд байдалд орж, өөрийгөө буруутгаж байгааг нь харсан бүсгүй тэр дор нь дэлгүүрийг орхихыг хүсч байгаагаа хэлж, түүнд үнэтэй бөгж, хөрөнгө мөнгө биш зөвхөн үнэнч хайр, чин сэтгэл байхад хангалттай хэмээсэн байна. Энэ нь залууд урам зориг хайрласан бөгөөд өөртөө байгаа мөнгөнүүдээ нэгтгээд хямдхан ч гэлээ сэтгэл шингэсэн бөгжийг бэлэглэж, өвдөг сөхөрч, гэргийгээ болохыг гуйх үндэс болжээ.
5
Бүсгүй энэхүү түүхээ өөрийн цахим хуудсаар бусадтай хуваалцсан нь удалгүй олон сая хүний хүртээл болсон юм. Тэрээр "Би дэндүү азтай хүн. Намайг гэх сэтгэлтэй, миний төлөө бүхнээ зориулж чадах тэр хүнийг олж чадсан. Надад түүний хэр их мөнгө олдог, надад ямар бэлэг өгөх нь огт хамаагүй. Ердөө л намайг хайрладаг, чин сэтгэлээ зориулж чаддаг байхад л хангалттай. Хайр гэдэг чинь ердөө л энэ.
Материаллаг зүйлс хэзээ ч хайрыг илэрхийлдэггүй. Надад сүйн бөгж байна, зөвхөн намайг гэх хайрт минь байна би одоо хамгийн аз жаргалтай байна. Тэгээд ч 1000 долларын үнэтэй бөгж өгсөн хэрнээ чамайг хайрлахгүй хүнтэй гэр бүл болохоор 100 долларын бөгж өгөөд насаар чинь хайрлах нэгэнтэй дэр нэгтгэсэн нь хэдэн сая дахин илүү зүйл" хэмээн сэтгэгдлээсээ хуваалцжээ. Мэдээж түүний хэлсэн үгс дэндүү гайхалтай байсан төдийгүй бүсгүйн ухаан, сайхан сэтгэлийг бахдан биширсэн хүмүүс маш олон байсан гэнэ.
6
Тэдний энэхүү гайхалтай хайрын түүх нь "Сэтгэл байхад бүх зүйлс аз жаргалтай төгсдөг. Гэр бүл гэдэг хайр дээр тогтдог бөгөөд ийм амьдрал насан туршид үргэлжилдэг. Харин мөнгөн дээр тогтож боссон гэр бүл ганцхан зуны цэцгийн настай байдаг" гэдгийг хүн бүрт ухааруулсан юм.