Дэлхийн хамгийн баатарлаг муурнууд

Өнөөдөр хүн болгон шахуу тэжээвэр амьтан тэжээж, тэдэнтэй цагийг хамт өнгөрөөх болсон билээ. Зарим хүний хувьд тэжээвэр амьтад нь хүнээс дутахааргүй хань болдог ч гэж үздэг. Гадныхан ихэвчлэн муур тэжээдгийг та бүхэн маань мэдэх биз ээ. Тэгвэл бидний бэлтгэсэн дараах мэдээлэл танд эздийнхээ амь насыг аюулаас аварсан баатарлаг муурнуудын талаар өгүүлэх болно. Ингээд хамтдаа тэдний баатарлаг түүхээр аялцгаая.

Дэлхийн хамгийн баатарлаг муурнууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 "Бяцхан эзнээ нохойноос аварсан нь"

2008 онд Рожер болон Эрика Триантелло нар бусад хүмүүсийн нэгэн адил тэжээвэр амьтан авсан нь Тара гэх нэртэй муур байлаа. Тара залуу хосын Бэйкэрсфилд, Калирфорниад орших гэрт нь 6 жил цуг амьдарсны дараа буюу 2014.05.13-ны өдөр тэдний 4 настай бяцхан хүү болох Жеремиг аюулаас аварсан юм. Одоо хамтдаа түүний баатарлаг түүхийг сонсоцгооё. Байдаг л нэг жирийн өдөр Калирфорниад тохиож байлаа. Залуу хосууд гэртээ амарч байх үеэр тэдний бяцхан хүү Жереми байшингийнхаа гадаа унадаг дугуйгаар тоглож байв. Гэтэл хажуу хөрш айлын Лабрадор нохойны уяа нь тайлагдаж, хүү рүү дайрч, хөлнөөс нь хазаж, улмаар хүүг дугуйнаас нь унаган чирэх гэж байх үед Тара гарч ирэн бяцхан эзнээ аюулаас аварсан юм. Энэхүү үйл явдал тэдний байшингийн хамгаалалтын камерт бичигдэж үлдсэн бөгөөд Рожер тэрхүү бичлэгийг "Youtube"-д тависнаар нийт 25 сая гаруй хүн олж үзсэн байна. Түүгээр барахгүй баатарлаг гавъяа байгуулсан Тарад "SPCA"-ийн зүгээс гардуулдаг "Hero Dog Award" шагналыг олгосон байна. Тэрээр энэхүү шагналыг хүртсэн түүхэн дэх анхны муур болон үлджээ.

2 "Нялх хүүхдийг хөлдөж үхэхээс аварсан нь"

Бидний дараагийн өгүүлэх баатарлаг муурын түүх нь ОХУ-ын Обнинск мужид болсон түүх юм. Обнинск мужид орших орон сууцны үүдэнд амьдардаг Маша гэх үслэг муурыг хүний амь нас аврана гэж хэн санах билээ. 2015 оны жихүүн хүйтэн өвлийн нэгдүгээр сарын нэгэн өдөр бусад өдрүүдтэй харьцуулахад Маша нэг л өөр байлаа. Тэрээр байнга шахуу өвдсөн аятай дуугарч байв. Харин түүний энэ байдлыг гэрлүүгээ орох гэж явсан оршин суугч Ирина Лаврова анзаарч, түүний эргэн тойрныг сайтар ажиглаж хартал Маша өөрийнхөө үсэрхэг биеэр төрөөд удаагүй нэгэн нялх хүүхдийг хучин, хажуудаа тависан байлаа. Сандарсан эмэгтэй яаралтай түргэн дуудаж, хөлдөх шахсан хүүг эмнэлэгт хүргэсэн бөгөөд аз болоход хүүгийн амь насыг аварч чадсан байна. Эмч нар хэлэхдээ "Хэрвээ муур үсэрхэг биеэрээ түүнийг хучаагүй байсан бол энэ хүүхэд газар дээрээ хөлдөж үхэх байсан" хэмээн хэлсэн байна. Хожим тэрхүү хүүхэд дөнгөж төрөөд нэг ой хүрэх гэж байсан бөгөөд эх нь хэн нэгэнд үрчлүүлэхээр гудманд орхисон болох нь тогтоогджээ. Хүний амь нас аварсан Машад харъяа дүүргийн газраас хоол хүнс, амьдрах тухтай газар олгосон байна.

"Нялх хүүхдийг хөлдөж үхэхээс аварсан нь"

3 "Амиа хорлохоос хамгаалсан нь"

2015.10.09-ний өдөр Калирфорниагийн хурдны зам дээр "Toyota Highlander" машин явж өнгөрснийг цагдаа нар анзаарсан бөгөөд уг машин нь хэдэн хоногийн өмнө хулгайд алдагдсан машин байжээ. Цагдаагийн ажилчид уг машиныг зогсохыг шаардсан ч, жолооч тэдний шаардлагыг үл тоомсорлон хурдтай давхисаар улмаар шинээр баригдаж байсан барилганы гурван давхарын цонхыг мөргөн, газарт хариугүй унахаар дүүжлэгдсэн байв. Харин жолооч багагүй шарх авч, нэлээдгүй гэмтсэн бөгөөд гэнэт тэрээр амиа хорлохыг завджээ. Бүтэн 3 цагийн турш түүнийг ятгасан цагдаагийн ажилчид болон тэнд байсан хүмүүс дээр түүний гэр бүлийнхэн, ойр дотны найзууд ирсэн бөгөөд түүний ээж нь харин ирэхдээ хайртай муурыг нь авчирсан байв. Цагдаа нар муурыг эзэн дээрээ очихыг зөвшөөрсөн бөгөөд муураа харсан тэрээр амиа хорлохоо болихоор шийдвэрлэжээ. Машиныг тусгай төхөөрөмжөөр буулгаж, залууг эмнэлгийн ажилчид авч явсан байна. Энэхүү үйл явдал болсны дараа Калирфорниагийн цагдаа, офицер Элби Эспарза сэтгүүлчдэд хэлэхдээ "Бид өмнө нь иймэрхүү хэргүүд дээр муур ашиглаж байгаагүй. Энэ удаа харин бүтэмжтэй боллоо. Эзэн дээрээ очсон муурны гаргаж буй дуу чимээ надад эзэндээ хандаж, битгий ингэ л дээ, гуйя гэж байгаа юм шиг санагдсан. Тэжээвэр амьтад болон тэдний эздийн хоорондын харилцаа ямар чухал болохыг энэхүү үйл явдлаар илүү сайн мэдлээ" гэжээ.

"Амиа хорлохоос хамгаалсан нь"

4 "Живж буй хөлөг онгоцноос эзнээ аварсан нь"

Австралийн далайчин Грант МакДоналд гэх эрхэм хөлгүй цэнхэр далайд гарах бүртээ өөрийн хайртай муур болох Томыг байнга авч явдаг байв. 2015 оны 9 дүгээр сард Грант Өмнөд Австралийн эргээс 40 милийн зайтай ирж байх үед түүний хөлөг онгоц нь эвдэрч, маш их хэмжээний ус нэвтэрч орж ирсэн байна. Хөлгөө автомат удирдлага дээр тависан Грант юу ч мэдэлгүй унтаж байсан бөгөөд харин түүний муур Том юу болоод байгааг мэдэж эзнээ сэрээжээ. Түүний эзнээ сэрээсэн цаг нь өглөөний 05:00 цаг бөгөөд энэ цагт Том өглөөний цайгаа бэлдүүлдэг бөгөөд харин энэ удаа өглөөний цайгаа бус өөрсдийнх нь амь нас аюулд орсон болохыг сануулах зорилготой эзнээ сэрээсэн байв. Хөлөг онгоцыг бүхэлдээ живэхээс урьтаж, Грант аврах завин дээр муурныхаа хамт гарч, амьд үлдэж чаджээ. Удалгүй түүнийг Австралийн аврагчид олж харан эрэг рүү авчирсан байна. Тэрээр хэлэхдээ "Оспрэй хөлөг маань сүйрсэн ч бид амьд гарч чадлаа. Тэр бол миний баатар" гэжээ. Оспрэй хувийн хөлөг онгоц нь түүний худалдаж авч байсан нэлээн үнэтэй эд хөрөнгөниий нэг байсан ажээ.

"Живж буй хөлөг онгоцноос эзнээ аварсан нь"

5 "Галын аюулаас аварсан нь"

Бидний дараагийн өгүүлэх гэж буй түүх бол "Baby" нэртэй муурын баатарлаг түүх юм. 2010 онд Жош Орнберг болон Летитиа Ковальски нарын гэрт тэдний урилгаар найзууд нь зочлохоор иржээ. Тэдний уулзалт сайхан үргэлжилж, оройтсон тул найзууд нь Чикаго дахь гэрт нь хоноод явахаар болсон байна. Гэтэл Летитиа орой унтахдаа ус буцалгагчаа салгахаа мартаад унтаад өгчихжээ. Удалгүй тэднийд гал гарч, гэр нь битүү утаа болсон байв. Үүнийг мэдсэн муур эздээ сэрээж, улмаар гэрийн эзэн Жош гал команд руу залгаж, дуудлага өгснөөр тэдний амь нас аврагджээ. Өөрийнхөө эздийг болон гэрт нь ирсэн байсан зочдын амь насыг аварсан баатар маань харин энэхүү явдалтай зэрэгцэн нэлээн хэдэн хоног ор сураггүй алга болсон байв. Тэгтэл хэдэн өдрийн дараа гэнэт гарч ирсэн бөгөөд ирэхдээ амандаа хэдэн туна загас зуучихсан байжээ. Түүний энэхүү үйлдлийг орон гэрээ галд автуулж, идэх зүйлгүй хэцүү байгаа гэрийнхээ эздэд хоол авчрахаар ойролцоох гол руу явж хэмээн тухайн үед онцлож байсан юм. 

"Галын аюулаас аварсан нь"

6 "Хорт хавдрыг илрүүлсэн нь"

Нохой нь хүний үнэрлэх чадвараас 50 дахин илүү чадвартай байдаг бол муур 15 дахин илүү үнэрлэх чадвартай байдаг болох нь тогтоогджээ. Тэр тусмаа муур нь хорт хавдрын шинж тэмдгийг үнэрлэж мэдэх төрөлхийн чадвартай байдаг байна. Венди Хамприс гэх 52 настай Британи эмэгтэй өөрийн Фидж нэртэй муураа төрөөд найман 7 хоногтой байхад нь худалдаж авч байжээ. Харин түүнийг хорт хавдартай болсон тухай эмч биш, Фидж түрүүлж мэднэ гэж хэн санах билээ. Тэр нэгэн өдөр Венди зурагт үзэнгээ буйдан дээрээ сууж байхад нь Фидж түүний баруун хөхөн дээр гарч суугаад, хачин жигтэй дуу чимээ гаргаж байсан гэнэ. Хэдэн өдөр болоход энэ л янзаараа байсан бөгөөд гайхсан Венди эмнэлэгт үзүүлэхээр явжээ. Гэтэл түүнийг үзсэн эмч баруун хөхөнд нь зангилаа үүссэн болохыг хэлжээ. Энэ байдлаараа удсан бол хөхний хорт хавдар болох магадалал маш өндөр байсан бөгөөд Фидж түүний амь насыг ийнхүү аварсан байна. Хожим "Daily Mail"-ээс болсон явдлын талаар түүнээс ярилцлага авахад тэрээр "Хэрвээ Фидж байгаагүйсэн бол би өдийд амьд байхгүй байсан биз" хэмээн хэлсэн байна.  

"Хорт хавдрыг илрүүлсэн нь"

7 "Үхлийн ирмэг дээр байсан эзнээ аварсан нь"

Эми болон түүний хүү Этан нар "Human Society" хэмээх амьтан асрамжлалын газраас Паддинг хэмээх нэртэй 8 настай муурыг нэлээн эргэлзэж байсны үндсэн дээр үрчлэн авчээ. Харин Паддинг үрчлүүлснийхээ хэргийг тэр өдрийнхөө орой л гэхэд гаргасан байна. Эми нь чихрийн шижинтэй байсан бөгөөд Паддингийг үрчлэж авсан өдрийн орой нэг ширхэг эм уугаад, унтахаар орондоо оржээ. Гэтэл Эми төд удалгүй багтарч эхлэсэн бөгөөд үүнийг мэдсэн Паддинг шинэхэн эзнээ сэрээхийн тулд эхлээд түүний цээжин дээр дэвхцэж, сэрэхгүй болохоор нь нүүрэн дээр нь өтгөнөө гаргаж, бас шээсэн байна. Эми сэрэнгүүтэй Этаныг дуудсан ч түүний хүү сонсоогүй бөгөөд Паддинг хүүг очиж сэрээж, Этан яаралтай түргэн тусламж руу залган дуудлага өгчээ. Паддингийн энэхүү баатарлаг үйлдлээр Этан хүү ээжийгээ аварч чадсан бөгөөд Эми чихрийн шижин өвчнөө эмчлүүлж, хүү болон өөрийнхөө баатарлаг муур болох Паддингтайгаа цуг аз жаргалтай амьдарч байгаа ажээ.  

"Үхлийн ирмэг дээр байсан эзнээ аварсан нь"

8 "Томмигийн дуудлага"

Гэри Рошэйсэн гэх цус багадалттай эрэгтэй эмчийн зөвлөснөөр өөртөө хань болгохоор Томми гэх муурыг амьтны дэлгүүрээс худалдаж авчээ. Муур нь стрессийг багасгаж, зүрхний хэм алдах өвчнөөс сэргийлэхэд тустай байдаг гэсэн эмчийн зөвлөгөө түүнийг тэжээвэр амьтантай болгоход хүргэсэн аж. Харин 2005 оны 12 дугаар сард Гэригийн бие гэнэт муудаж, бие нь татсан бөгөөд эмч дуудах гэсэн ч сууж байсан газраасаа босч чадахгүй байв. Түүгээр барахгүй түүний гар утас нь ч ойр хавьд нь байсангүй. Гэтэл эзнийгээ үхэлтэй тэмцэж байхыг харсан Томми хажуудаа байсан түүний утсан дээр гарч, 911 рүү залгав. Өөдөөс нь "Байна уу, танд юугаар туслах вэ?" гэж асуухад Гэри амь тэмцэн дуугарч, хажуудаа байсан эд хогшлыг газар унагав. Олигтой ч ярьж чадахгүй байсан Гэригийн тусламж хүссэн тэрхүү хариултыг аз болоход түргэний ажилчин ойлгож, ямар нэгэн зүйл болохгүй байгаа бололтой гэж үзээд, цагдаад дуудлага өгчээ. Тэдний гэрийн ойролцоо явж байсан цагдаа дуудлагыг тэр дор нь хүлээн авч гэрлүү нь ортол Гэри хүнд нөхцөл байдалтай гэртээ байж байв. Удалгүй эмнэлгийн түргэн тусламж ирж, Гэри үхэхийн даваан дээр амьд гарчээ. Хожим Гэри энэ талаар дурсахдаа "Би бие муутай хүн учраас муурандаа хэзээ ч утсаар дуудлага хийх талаар зааж байгаагүй. Тэр өөрөө шууд залгасан. Тэр бол миний амьдралыг аварсан баатар" хэмээн хэлсэн байна.

"Томмигийн дуудлага"

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()