10
San Quentin –ий шорон
Калифорний Сан Куинтиний шорон нь 1930-аад оныг хүртэл жинхэнэ хээл хахуульд автсан газар байжээ. Харин 1940-өөд онд шоронгийн шинэ дарга Clinton Truman Duffy томилогдсоноор уг шорон дахь хүмүүн бусын олон заншлуудыг халж, шинэ дүрэм журмуудыг хэрэгжүүлсэн байна. Түүнийг ирэхээс өмнө уг шоронгийн хоригдлууд хуурамч мөнгөөр хууль бус наймаа хийж, үсээ заавал хусуулан, дугаартай дүрэмт хувцас өмсөж, хараад ч нүд хальтармаар идүүрээр хоол идэж, гэрэл агаар бараг ордоггүй бяцхан цоорхойтой нүх шиг өрөөнүүдэд амьдардаг байжээ. Хэдийгээр шинэ дарга нь нилээн өөрчлөлт хийсэн ч гэсэн Сан Куинтиний шорон нь өнөөдрийг хүртэл хамгийн харгис хэрцгий орчинтой газруудын нэг юм. Тэнд хамгийн хүнд гэмт хэрэгтнүүдийг аваачиж, хамгийн өндөр бэлтгэлтэй харгалзагч нарыг ажиллуулдаг байна. Үгүй бол хоригдлууд хяналтаас гарах магадлал тун өндөр ажээ.
9
Bang Kwang шорон
“Bangkok Hilton” киног үзсэн хүн бүр Тайландын Bang Kwang шоронгийн талаар төсөөлөлтэй болсон байх. Тэндэхийн хоригдлуудын тоо нь хэт олон бөгөөд, хоригдол бүр Bang Kwang-т орсон эхний нэг сараа хөлөндөө гинжтэй өнгөрүүлдэг. Шоронгийн дарга Khun Nattee хэлэхдээ: “Тайландын шоронгууд үнэхээр чанга. Ийшээ орохыг хүсэх хүн хэзээ ч олдохгүй л болов уу...”- гэжээ. Энэхүү шоронгийн эмчийн үйлчилгээ маш муу учраас хүнд өвчин туссан хоригдлууд нь магадгүй хэзээ ч ирэхгүй байж мэдэх эмнэлгийн тусламжийг хүлээн, хүйтэн шалан дээр тарчилж байдаг. Энэ шоронд цаазаар авахуулах ялтан хоригдож байгаа бол хөлдөө гинжтэйгээр олон сар, жилүүдийг үдэж, үхэхээсээ хоёрхон цагийн өмнө мэдэгдэл авдаг байна.
8
Rikers арлын шорон
Нью-Йорк дахь Rikers арлын шоронд хоригдлуудыг зодож, сэтгэлзүйн хүнд дарамт үзүүлдэг. Хар тамхины хэргээр хоригдож байгаа хүмүүс нь эндэхийн цөөнх байдаг бөгөөд үргэлж хүчирхийллийн бай болдог байна. Жишээлбэл 2007 онд хоригдол Charles Afflic нь харгалзагчид зодуулснаар тархиндаа хагалгаа хийлгэхээс өөр аргагүй болж байжээ. 2003 оны байдлаар л гэхэд уг шоронгийн зургаан хоригдол амиа хорлосон байна. Рикерс гяндан нь чанга хатуу дэглэм, биеийн болон сэтгэлзүйн аймшигтай дарамт үзүүлдэг газар гэдгээрээ нэн алдартай.
7
ADX Florence шорон
АНУ-ын бусад шоронгуудад бусдыгаа хүнд гэмтээж, амийг нь хөнөөсөн хоригдлуудыг Колорадо дах энэхүү шоронруу илгээдэг. Харгалзагч, болон бусад хоригдлуудруу халдсан хүмүүсийг энд бараг харгалзагчийн бараа харуулахгүй, ганц ганцаар нь жижигхэн өрөөнүүдэд хоногийн 23- цагаар байлгадаг байна. Учир нь ADX шоронд хамгийн муугийн муу хоригдлууд ирдэг учраас тэр. Тэдэнд ял шийтгэлийн хамгийн хар дарсан зүүд шиг хэлбэрийг эдлүүлдэг байна. Амьдрал дээрхи тамын хувилбар болсон энэ газрын хоригдлууд хэдийгээр алслагдмал, бараг хүнтэй харьцдаггүй ч гэсэн тэдэнд бие болон сэтгэлзүйн гүн дарамтыг бас үзүүлдэг ажээ. Үүний жишээ гэвэл сүүлийн 13 жилийн турш тус шоронд хоёр хоригдол алуулж, нэг хоригдол амиа хорлосон байна.
6
Alcatraz арлын шорон
Сан Форанциско-гийн энэхүү шорон нь “Чулуу” болон “Чөтгөрийн арал” гэдгээрээ алдартай. 1920-иод онд, Их Хямралын шалтгаан болсон хүмүүсээр албадан бариулсан Алкатрас шоронгийн барилга нь маш өвөрмөц дизайнтай бөгөөд оргох талаар төсөөлөхийн ч аргагүй байрлалтай юм. Тус гяндангийн хоригдлууд гадаад ертөнцтэй ямар ч холбоогүй байдаг бөгөөд харгалзагч нарын гарын шүүс болж, хоорондоо юм ярих эрхгүй байдаг ажээ. Эндэхийн олон хоригдлууд хүнд сэтгэлийн дарамтыг дийлэлгүй, мэдрэлийн өвчтэй болж, амиа хорлодог байна. Энэхүү шоронг 1963 онд татан буулгасан боловч, уран сайхны кино болон ном зохиолуудад домог болон дүрслэгдсээр байдаг билээ.
5
La Sante шорон
Францын Парис хот дахь энэхүү гяндан нь хуучин Veronique Vasseur-ийн байранд байрладаг. Там гэлтэй энэхүү газрын хоригдлууд нь харх, жоомоор дүүрсэн өрөөнүүдэд бүх насаа өнгөрүүлэх тавилантай байдаг ажээ. Ла Санте-гийн харгис хэрцгий дарамт, дийлдэшгүй их ажлын цаана хоригдлууд гарч чадахгүй, ихэнхи нь хүнд өвчнөөр нас бардаг. Ажил дийлэхгүй, сул дорой биетэй болсон хоригдлуудыг хүчтэй байгаанууд нь дээрэлхэж, бас нэгэн дарангуйллын давхаргыг үүсгэдэг байна. 2002 онд тус шоронгийн 122 хоригдол, 2003 онд 73 хоригдол амиа хорложээ.
4
Diyarbakir шорон
Туркийн уг шорон нь хүний эрхийг дээд зэргээр зөрчиж байсан нь илэрч, хуулийн хариуцлага хүлээж байжээ. 1981- 1984 онуудад Дияарбакир шоронгийн 34 хоригдол бие болон сэтгэлзүйн дарамтаа дийлэлгүй амиа алдсан байна. Энэхүү шорон нь бэлгийн хүчирхийлэл, амьдрах боломжгүй нөхцөл байдлаараа алдартай. Уг шоронгийн нөхцөл байдлыг эсэргүүцсэн хоригдлууд өлсгөлөн зарлаж, өөрийгөө амьдаар нь шатааж, бүүр жинхэнэ тамаас зугтахын тулд амиа хорлож байжээ. Түүнчлэн Дияарбакир шоронд насанд хүрээгүй хүүхдүүдийг хүртэл бүх насаар нь хорьж, хүнлэг бус аймшигтай тамлан зовоолтыг явуулдаг учраас дэлхийн хамгийн садист шоронгуудын нэгд зүй ёсоор багтдаг.
3
La Sabaneta шорон
Венесуэлийн Ла Сабанета шорон нь өдөр тутмын хүчирхийлэл, тооноос давсан хоригдлууд, идэхийн аргагүй хоол, маш сул эмчийн үйлчилгээ, өвчний тархалт гээд муу бүхнийг шингээсэн газар. Жишээлбэл тэндэхийн 700 хоригдол булчин задрах тахал тусч, 100 хоригдол нь яргалллыг дийлэлгүй таалал төгсч байсан үе саяхан буюу 1994 он юм. Энэ шоронд үхэл гэдэг бол зүгээр л өдөр бүр тохиолддог энгийн үзэгдэл. Төр засгаас нь ч нөхцөл байдлыг дээрдүүлэх ямар нэгэн арга хэмжээ огт авдаггүй тул нэг нэгнээ алах нь хэвийн үзэгдэл ажээ.
2
Tadmor шорон
Сирийн Тадмор шорон нь “үхэл болон солиорлын хаант” улс гэдэг тодотголтой газар ажээ. Тэнд цусанд шунасан харгалзагчид болон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, улс төрийн сөрөг хүчин болохыг оролдсон сэхээтэн хоригдлуудын хооронд цуст хүчирхийлэл өрнөдөг. Харгалзагч нар өөр хоригдлуудыг үхтэл нь зодож, гараа цустаад завгүй байх зуур нь бусад хоригдлууд нь шархаа долоож, дараа зодуулах ээлжээ яс хавталзан хүлээж суудаг байна.
1
Carandiru шорон
Бразилийн уг шоронгоос өдөрт тоо томшгүй олон цогцос зөөж гаргадаг. Учир нь эндэхийн хоригдлууд дотроо мафи үүсгэж, гаднаас буу оруулж ирэн, хоорондоо буудалцан, алалцдаг байна. Шоронгийн 46 жилийн түүхэнд 1300 гаран хүн нас баржээ. Энэхүү шоронг 2002 онд татан буулгасан юм байна. Энэ харанхуй “нүхэн” дэхь ганц аймшигтай зүйл нь аллага, айдас түгшүүр байгаагүй юм. Тэнд бас ДОХ өвчин асар хурдацтай тархаж байжээ. Таван хоригдлын нэг нь ДОХ-той байсан гэнэ.