Хаврын ядаргаа тайлах амтат 10 шөлийг хэрхэн хийх вэ?

Хаврын хавсарга салхинд туугдан, хамаг эрч хүч, урам зоригоо алдан стресстэн сууна уу? Тэгвэл таны ядаргааг тайлан, хөлсийг тань урсгах сайхан амттай шөлний жорыг сонирхуулья. Эдгээр нь илчлэг тэжээл сайтайн дээр амт чанарын хувьд юутай ч зүйрлэшгүй сайхан юм. Амралтын өдрүүдээр гэрийнхэндээ хийж өгч, алжаалыг нь тайлаарай.

Хаврын ядаргаа тайлах амтат 10 шөлийг хэрхэн хийх вэ?

1 Бяслагтай тахианы шөл

Орц:

  • Тахианы мөч: 300гр
  • Моцарелла бяслаг: 3 хэрчим
  • Төмс: 3 ш
  • Лууван: 1 ш
  • Сонгино: 1 ш
  • Гоньд
  • Давс
  • Ургамлын тос

Хийх арга: Тахианы мөчөө буцалсан усанд чанаж, давс гоньд зэргээр амталж шөл гаргана. Шөлөндөө шоо дөрвөлжин болгон хэрчсэн төмс болон луувангаа нэмж буцалгана. Дээрээс нь шаргал болтол нь хуурч бэлтгэсэн сонгино болон бяслагаа нэмээд зөөлөн гал дээр 15-20 минут буцалгасны дараа амтат шөл бэлэн болно.

Бяслагтай тахианы шөл

2 Зайдастай вандуйны шөл

Орц:

  • Вандуй: 1 аяга
  • Төмс: 3 ш
  • Лууван: 1 ш
  • Сонгино: 1 ш
  • Зайдас: 5 ш
  • Бяслаг: 1 зүсэм
  • Давс, халуун ногоо
  • Ургамлын тос

Хийх арга: Вандуйгаа 2 цагийн турш усанд хийн дэвтээнэ. Дараа нь давстай буцалсан усанд 30 минутын турш  чанаж, дээрээс нь төмсөө хийнэ. Харин хэрчиж бэлдсэн сонгино болон луувангаа ургамлын тосонд шарж, зайдсаа нэмж өгнө. Хуурсан ногоо болон зайдас дээрээ шөлөө хийж, бяслагаа хайлтал нь буцалгах ёстой. Ингээд л таны шөл хэдхэн хормын дотор бэлэн болох нь ээ.

Зайдастай вандуйны шөл

3 Тахианы мах болон мөөгтэй вандуйны шөл

Орц:

  • Тахианы гол мах: 300 гр
  • Мөөг: 150 гр
  • Вандуй: хагас аяга
  • Төмс: 2 ш
  • Лууван: 1 ш
  • Сонгино: 1 ш
  • Гич: 1 цайны халбага
  • Цагаан гаа: цайны халбаганы 2/1
  • Давс болон халуун ногоо
  • Ургамлын тос

Хийх арга: Вандуй болон тахианы махаа буцалж буй усанд 30 минут чанана. Төмсөө дөрвөлжин хэрчиж, шөлөндөө хийн 15 минут буцалгана. Та шөлөө буцалгах хоорондоо жижиг дөрвөлжин хэрчсэн сонгино, луувангаа ургамлын тосонд хууран, мөөг болон гичээ нэмэн зөөлөн гал дээр 5 минут байлгаарай. Үүний дараа хуурсан ногоо болон шөлөө холин, давс, халуун ногоо, цагаан гаагаар амталж дахин 10 минут чанаарай.

Тахианы мах болон мөөгтэй вандуйны шөл

4 "Харчо" шөл

Орц: 

  • Тахианы цээж мах: 300 гр
  • Лууван: 1 ш
  • Сонгино: 1 ш
  • Будаа: 100 гр
  • Сармис: 3 хумс
  • Томатны соус: 2 цайны халбага
  • Давс, халуун ногоо
  • Ургамлын тос

Хийх арга: Тахианы махаа дөрвөлжин болгож хэрчээд, будаатайгаа цуг чанана. Лууван, сонгино зэргээ жижиглэн хэрчин, бага зэрэг тосонд шарж, үүндээ томатны соус, хэрчсэн сармисаа нэмж хуурна. Хуурсан ногоо дээрээ амталсан шөлөө нэмэн, 10 минут буцалгахад л хангалттай юм.

"Харчо" шөл

5 Бөөрөнхий махтай, улаан лоолийн шөл

Орц:

  • Үхрийн мах: 400 гр
  • Вандуй: 1 аяга
  • Лууван: 1 ш
  • Сонгино: 1 ш
  • Сармис: 3 хумс
  • Перц: чимх
  • Томатны соус: 2 халбага
  • Давс, халуун ногоо
  • Ургамлын тос

Хийх арга: 4 литр давстай усанд вандуйгаа зөөлөртөл байлгана. Жижиглэн бэлдсэн бөөрөнхий махаа вандуйтай шөлөндөө нэмж өгнө. Харин дараа нь сонгино, луувангаа жижиглэн хэрчиж тосонд хуурах бөгөөд томатны соус, сармис зэргээ нэмэн 10 минут зөөлөн гал дээр хуурах юм. Үүнийгээ шөлөндөө хийж, давс, перц, халуун ногоо зэргээр амтлан 20 минут чанаж, болгоорой.

Бөөрөнхий махтай, улаан лоолийн шөл

6 Сибирийн алдарт мөөгтэй шөл

Орц:

  • Үхрийн мах: 300 гр
  • Зайдас: 200 гр
  • Гахайн мах: 200 гр
  • Мөөг: 200 гр
  • Давсалсан өргөст хэмх: 2 ш
  • Олив: 150 гр
  • Улаан лооль: 2 ширхэг
  • Улаан лоолийн соус: 2 цайны халбага
  • Давс, халуун ногоо
  • Ургамлын тос
  • Лимон: 1 ш

Хийх арга: 3-3.5 литр давстай усанд үхрийн махаа чанаж гаргаад, жижиглэн хэрчин, мөөг болон амтлагчийн хамтаар буцаан шөлөндөө хийх аж. Сонгиноо шаргал болтол нь хуурч, гахайн мах, зайдсаа нэмэн 5 минут шарна. Үүний дараа хэрчсэн улаан лооль болон соусаа хийн зөөлөн гал дээр 10 минут байлгах юм. Эцэст нь амталсан үхрийн махан шөлөндөө хуурч болгосон ногоо зэргээ нэмж, дээрээс нь олив, өргөст хэмхээ хийн 20 минут буцалгахад хангалттай. Мөн та хоолоо тавагласны дараа лимоноо нимгэн хэрчин шөлөндөө дүрж өгсөнөөр илүү амттай болох болно.

Сибирийн алдарт мөөгтэй шөл

7 Бяслаган банштай, тахианы шөл

 Орц:

  • Тахианы цээж мах: 300 гр
  • Лууван: 1 ш
  • Төмс: 3 ш
  • Вандуй: хагас аяга
  • Сонгино: 1 ш
  • Бяслаг: 50 гр
  • Өндөг: 1 ш
  • Гурил: 4 цайны халбага
  • Давс, халуун ногоо
  • Ургамлын тос

Хийх арга: Хэрчиж бэлдсэн тахианы махаа давстай усанд хийн чанаж шөл гаргана. Төмсөө дөрвөлжин хэрчиж шөлөндөө нэмэх юм. Сонгино, луувангаа хэрчиж бага зэргийн тосонд шарж, мөн л шөлөндөө хийнэ. Бяслагтай банш бэлтгэхдээ баяслагаа үрэн, өндөг, гурилтай хольж зуурна. Үүний дараа гурилаа гараараа жижиг болгон бөөрөнхийлж шөлөндөө хийж өгөх юм. Ингээд шөлөндөө вандуйгаа нэмсэнээр 10 минутын дараа амтат шөл бэлэн болох байна.

Бяслаган банштай, тахианы шөл

8 Өндөгний хуймагтай тахианы шөл

Орц:

  • Тахианы цээж мах: 300 гр
  • Өндөг: 3 ш
  • Лууван: 1 ш
  • Сонгино: 1 ш
  • Төмс: 2 ш
  • Давс, халуун ногоо
  • Ургамлын тос

Хийх арга: Махаа хэрчин давстай усанд чанаж, төмсөө нэмнэ. Лууван, сонгиноо жижиглэн хэрчин, хуураад шөлөндөө хийн 15 минут буцалгана. Энэ хооронд нь өндөгөө давс, перцтэй хутган, шарна. Бэлэн болсон өндөгний хуймагаа жижиглэн хэрчиж, шөлтэйгээ холиод зөөлөн гал дээр 10 минут чанаарай. Мөн та өөрийн хүссэн, дуртай ногоогоо ашиглан, хийж ч болох юм.

Өндөгний хуймагтай тахианы шөл

9 Салмон загасны шөл

Орц:

  • Салмон загас: 300 гр
  • Төмс: 3 ш
  • Лууван: 1ш
  • Сонгино: 2 ш
  • Цөцгий: 1 аяга
  • Давс, халуун ногоо

Хийх арга: 3 литр усанд хэрчсэн төмс, лууван, сонгино зэргээ хийж чанана. Үүндээ салмон загасаа хэрчиж хийх бөгөөд давс, халуун ногоогоор амтална.  20 минут буцалгасны дараа цөцгийгөө нэмж шөлөө дахин 20 минут зөөлөн гал дээр байлгах аж.

Салмон загасны шөл

10 Үхрийн махтай “Шурпа” шөл

Орц:

  • Үхрийн мах: 800 гр
  • Сонгино: 2 ш
  • Улаан лооль: 3 хэрчим
  • Лууван: 2 ш
  • Төмс: 6-7 ш
  • Сармис: 5 хумс
  • Халуун чинжүү: 1 ш
  • Улаан лоолийн соус: 1 цайны халбага
  • Давс, халуун ногоо
  • Ургамлын тос

Хийх арга: Махаа дунд зэргийн хэмжээтэй хэрчин хоёр талаар шарна. Үүндээ дугуй хэрчсэн лууван, жижиглэсэн сонгино зэргээ нэмэн, болтол нь хуурах ёстой. Дараа нь хуурсан мах, ногоо дээрээ ус хийж 1 цаг буцалгаад, төмс, сармис, улаан лоолийн соус, улаан лооль, халуун чинжүү зэргээ нэмж өгнө. Ингээд дахин 1 цаг болгосны эцэст таны амтат шөл бэлэн болно.  

Үхрийн махтай “Шурпа” шөл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()