Араб эмэгтэйчүүдийн ер бусын амьдрал

Тунис бол эмэгтэйчүүдийн эрхийг эрчүүдийнхтэй эн тэнцүү хэмжээнд авч үздэг Арабын ертөнцийн цорын ганц улс юм. Гэсэн ч мусульман шашинтай улсын хувьд хүн амынх нь 95 хувь нь исламын шашин шүтдэг ажээ. Чухам үүний улмаас л эмэгтэйчүүдийн амьдрал ахуй, соёл, зан заншилд лалын ертөнцийн хуулийн ул мөр нь балрахгүй байна. Статистикээр тус улсын хүн амын хүйсийн тэнцвэрт байдал алдагдаж, 60:40 /эрэгтэй 6 сая, эмэгтэй 4 сая/ харьцаатай байна гэсэн дүн гарчээ. Магадгүй эмэгтэйчүүдийн эрхийг ингэж дээдэлдэг нь цөөн хувийг эзлэх болсон бүсгүйчүүдээ гомдоохгүй байх арга байж мэдэх юм.
Араб эмэгтэйчүүдийн ер бусын амьдрал


Хүүхэд нас
Араб гэр бүл бол нэг гэрт хэдэн үеэрээ нэг дор амьдардаг учир тусгаар тогтносон бяцхан улс гэж ойлгож болно. Тиймээс гэр бүлийн дүрэм журам, ёс жудгийг чандлан сахиж байж л өөр өөрийн гэсэн ертөнцтэй эдгээр хүмүүсийн хоорондын харилцааг зохицуулж байдаг аж. Хүүхэд, ач зээ нар нь хашаандаа тоглож, хөгшчүүл тааваараа нарлаж, хааяадаа залуусынхаа аж амьдралыг хэлэлцэн ярилцана. Араб гэр бүл бүрт ёс юм шиг муур тэжээх бөгөөд харин нохойг гэр орныхоо эд хөрөнгийг манахад ашиглана. Энэ бол тунис гэр бүлийн дүр төрх.

Тунисын охид энэ үедээ эрх тэгш байдлын талаар ямар нэгэн дарамт мэдрэхгүй бөгөөд тоглож наадан, ах, эрэгтэй дүү нартайгаа зодолдож өсдөг. Гагцхүү зөвхөн эцэг нь эхтэй нь хэрхэн хатуу чанд харьцаж байгаагаар эр, эм хүйсийн эрхийн талаарх ялгааг мэдэрдэг байна.



Сурагч нас
Тунист төрөөс боловсролыг үнэ төлбөргүй олгодог. Сургуульд есөн настайгаасаа элсэн орох бөгөөд нэгдүгээр ангиасаа л араб болон франц хэлийг хослуулан сурдаг байна. Тунис аялга нь маш тод тул ихэвчлэн бичгийн хэлэнд ашигладаг. Сургуульд охид, хөвгүүд цуг нэг дор суралцдаг бөгөөд ялгаварлан гадуурхах ямар ч асуудал үүсдэггүй ажээ.

Хичээл тармагц сургуулийн унаагаар бүх хүүхэд, өсвөр насныхныг шууд гэр рүү нь хүргэж өгдөг. Энэ нь мөн л “сурагчдыг дэмий сэлгүүцүүлэхгүй” гэсэн араб хатуу дэгтэй холбоотой. Зарим есдүгээр ангийнхан “Бид гадаад улс оронд суралцахыг хүсдэг. Учир нь энд дэндүү хатуу хараа хяналттай. Бид хичээлээ тараад гадуур зугаалж ч чаддаггүй, дисконд явах эсвэл нэгнийдээ зочлох талаар бүр ч ярилтгүй”  хэмээн гомдоллодог байна.

Сурагч охид хиджабтай (үндэсний хувцас) явах нь ховор ч гэлээ, тун даруухан хувцаслах ёстой. Боловсролын дараагийн шат бол коллеж. Энд суралцагсад мэргэжлийн анхан шатны чиг баримжааг олж авдаг. Энэ үед нэмж англи хэл судлах шаардлага гарч ирэх бөгөөд коллеж төгсөгчид Тунисын их дээд сургуулиудад элсэн суралцах боломжтой.



Оюутан нас
Харин их дээд сургуулиуд нь боломжийн төлбөртэй. Гэвч хүссэн хүн бүр суралцах боломжгүй. Жижиг тосгон, суурингийн охид эцэг эхдээ тусалж, дүү нараа өсгөлцөхийн тулд ажил хийх хэрэгтэй болдог. Энэ тохиолдолд тэд зам дээр жимс жимсгэнэ зарах эсвэл далайн эргийн хотуудад ажил хийхээр явдаг байна. Хоёрдугаар хувилбарын хувьд сайнаар төгсөх нь ховор. Учир нь охид бүсгүйчүүд хурдан бөгөөд амар хялбар аргаар мөнгө олох замыг сонгож, жуулчидтай “төлбөрт харилцааг” үүсгэдэг байна. Хэдий мусульман шашинт орон ч гэлээ ийм аргаар мөнгө олох нь түгээмэл үзэгдэл аж.

Хэрэв гэр бүл нь баян чинээлэг бол охид хамт амьдарч, харин өөр өөр сургуульд суралцдаг. Сонирхуулахад Тунист ч залууст зориулсан оюутны дотуур байрны амьдралын талаарх телевизийн цуврал кино гардаг гэнэ. Нэг гэр бүлийн эгч дүүс ийм цуврал кино үзэн өсч, нэг дээвэр дор эвтэй найртай амьдарч, европ хэв загвараар хувцаслаж, гоёл чимэглэлээ дундаа хэрэглэдэг.    

Тунис айлаас ер нь бол эмэгтэй хүний дуу л гарна. Тэд маш яриасаг, зүгээр сууна гэж үгүй, хоорондоо үргэлж хорвоогийн элдэв хов жив ярина. Тэд эрчүүдийн талаар ярилцах боловч нөхөрт гартлаа ямар нэгэн харилцаанд ордоггүй байна. Гэр бүл, удам судрынхаа нэр төрийг шившигт хутгана гэдэг бол тунис бүсгүйн хувьд хамгийн аймшигтай зүйл юм.



Карьер
“Тунист амжиргааны өртөг дэндүү өндөр болсон. Тиймээс бид нөхөртөө туслахыг хүсч байна” хэмээн тэд ярьж байна. Тунис бол хотожсон /суурин соёл иргэншил хөгжиж буй улс бөгөөд хүн амын 60 хувь нь хотод амьдардаг/ улс бөгөөд хотод бүхий л салбарт ажилд орох магадлал болон хөдөлмөрийн нөхцөл байдал илүү таатай байдаг байна. Тунис эмэгтэйчүүд парламентад нийт гишүүдийн 4 хувь, төрийн удирдах албан тушаалд 28 хувь, боловсролын салбарт 39-40 хувь, анагаах ухааны салбарт 33 хувийг тус тус эзэлж, зарим нь бүр замын хөдөлгөөний зохицуулагч хийж байна. 

Олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд ч сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийн эзлэх байр суурь нэмэгдсэн бөгөөд тэд өөртөө итгэлтэй, мөнгө хангалттай олдог, бие даан шийдвэр гаргах чадвартай байдаг. Мэдээж тэд сайн эзэгтэй, халамжит эхнэрийн үүргээ ч давхар гүйцэтгэсээр байгаа.



Гэр бүл
1957 оны үед Тунист маш олон зүйл албан ёсоор хориотой байв. Үүнийг эсэргүүцэх хүн ч байдаггүй байлаа. Эдгээр шалтгаануудын нэг нь тунисчуудын уламжлалт хуримын ёслол байв. Хурим хийх гэж буй сүйт залуу бүсгүйдээ алтан гоёл чимэглэлийн цуглуулгаас өгсүүлээд шинэ байр хүртэл бэлдсэн байх ёстой. Түүнчлэн олон эхнэр авсан бол нэг жил хүртэлх хугацаагаар хоригдох болон 240 динарын (Ойролцоогоор 230 мянган төгрөг) торгууль төлөх хуультай байв.



Тиймээс тунис эрчүүд нилээд байр сууриа олсныхоо дараа буюу 35-40 насандаа гэрлэж, 18-25 хүртэлх насны залуухан бүсгүйчүүдийг эхнэрээ болгох сонирхолтой. Мөн гэрлэж буй хосууд заавал гэрлэлтийн гэрээ байгуулах бөгөөд үүнгүйгээр тэдний гэрлэлтийг баталдаггүй аж. Сүйт залуу бичиг баримтаа нотариат дээр авч ирж тамга тэмдэг даруулдаг бол сүйт бүсгүй гэртээ бичээд явуулдаг байна.

Тунис эмэгтэйн хувьд гэр бүл бол асар их утга учиртай зүйл. Тэр үргэлж амттай сайхан хоол хийж, хүүхдүүдээ гоё хувцаслаж, хичээлд нь цагт нь явуулж байхыг эрмэлздэг. Харин нөхөр бол гэр бүлийн шүүгч, цаашдын төлөвлөгөөг гаргагчийн үүрэгтжй. Хэрэв гэрт ямар нэгэн зүйл болохгүй байх юм бол эцэг нь хөвгүүдтэйгээ ширүүхэн яриа өрнүүлж, (халаасны мөнгө өгөхгүй байх гэх мэт) шийтгэдэг. Эхнэр хүн нөхрийн үгийг дуулгавартай дагах бөгөөд өмнөөс нь хэрэлдэхгүй, хурц ширүүн маргаанаас зайлсхийж байх ёстой.

Тунис эмэгтэй цахим сүлжээнд хувийн хаягтай бол нөхөр нь үүнд байнга хяналт тавьж, мэдээллийг нь уншиж, нууц үгийг нь мэдэж байх ёстой. Учир нь тэжээгчийн хувьд түүний олж буй орлого, эхнэрийнх нь хүзүүн дэх гоёл чимэглэлийн хэмжээнээс нь гэр бүлийнх нь нийгэм дэх нэр хүнд хамаардаг. Харин сүүлийн үед тунис эрчүүдийн олонхи нь цагаан арьст гадаад эмэгтэйтэй гэрлэхийг илүүд үзэх болжээ. Энэ нь олон талын ашигтай бөгөөд асар их өртгөөр сүй бэлдэх шаардлагагүй, хуримын ёслол ч хямд төсөр тусдаг байна.



Тэтгэврийн нас
Хөгширч, тэтгэвэрт гарсан тунис эмэгтэйчүүд урьдын адил эр нөхрүүдээ авч явсаар байдаг. Тэд гэр бүл, гал голомтоо анхаарлынхаа төвд байлгаж, ач зээ нараа харж ханддаг. Мөн энэ үед тунис эмэгтэйчүүдийн хувьд өөр нэг “ажил” нэмэгддэг нь найз эмэгтэйчүүдтэйгээ уулзах, дэлгүүр зах хэсэх, найз нөхөд болон танилуудын хүүхдүүдийн хуриманд оролцох гэх мэт "ажлууд" юм.

Ерөнхийдөө бол настай тунис эмэгтэй хань ижил нь өөрөөс нь түрүүлээд хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн байсан ч ганцаардлыг мэдэрдэггүй. Энэ үед өөрчлөгддөг зүйл нь илүү шүтлэгтэй болж, хувцасны шүүгээнд нь хар бараан өнгийн эдлэл нэмэгддэг аж. Тэд том байшиндаа үр, ач нарынхаа хамт өнөр өтгөн амьдарч, хайр халамжинд нь бөмбөрдөг. Тунист настай хүмүүсээ хөгшчүүлийн асрамжийн газар өгнө гэсэн ойлголт байдаггүй. Араб гэр бүлд өвгөд, хөгшдөө байлгах зай үргэлж хүрэлцээтэй байдаг байна.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()